Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4812

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,  

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 31 дүгээр гудамж 458а тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвжавын Шүрэнцэцэгийн /РД:ЦВ80091660/нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Консулын гудамж 17-420а тоотод оршин суух  Боржигон овогт Рагчаагийн Энхцэцэгт \РД:ХЕ85103101\ холбогдох

          1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад                                                 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Р.Энхцэцэг нь 1,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй  зээлийн хүүг сар бүр төлөх , үндсэн зээлийг 2016 оны 03 сарын 24-нд төлөхөөр, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Р.Энхцэцэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 1,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 240,000 төгрөг, алданги 60,000 төгрөг нийт 1,300,000 төгрөгийг Р.Энхцэцэгээс гаргуулан өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа- Миний бие П.Шүрэнцэцэгт 2016 оны 07 дугаар сарын 25-ны дотор 1,300,000 төгрөгийг  төлж барагдуулна.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг хариуцагч Р.Энхцэцэгт холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,300,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах тайлбар гаргасан ба нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

          Иймд  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                

           ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Р.Энхцэцэг нэхэмжлэлийн шаардлага 1,300,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч П.Шүрэнцэцэгт төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 17.875 төгрөг, хариуцагч Р.Энхцэцэгээс 17.875 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч П.Шүрэнцэцэгт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

    

                                      ШҮҮГЧ                                Д.ЦЭРЭНДОЛГОР