Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 4993

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

           Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 12а байр 58 тоотод байрлах “Биг сити хэлпэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Токиогийн гудамж Golden Hill  76 дугаар байр 29 тоотод оршин суух Өндөрийнхөн овогт Сайнбаярын Бат-Ирээдүйд \РД:УД89041694\ холбогдох

          С.Бат-Ирээдүйтэй байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- “Биг сити хэлпэр” ХХК-ийн ажилтан Г.Гантөгс 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Төрийн банк” ХХК-ийн 87-80 УНГ улсын дугаартай Lexus RX-400  маркийн автомашиныг жолоодож явах үедээ зам тээврийн ослын зөрчил гаргасны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай хэлцлийг тус компанийн захирал Л.Дашнямаас иргэн С.Бат-Ирээдүтэй байгуулсан. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна. Иймд талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Биг сити хэлпэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчингүй болгож өгнө үү. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Биг сити хэлпэр” ХХК хариуцагч С.Бат-Ирээдүйд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч С.Бат-Ирээдүй нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

          Иймд хариуцагч С.Бат-Ирээдүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч С.Бат-Ирээдүй нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 35,100 төгрөг, хариуцагч С.Бат-Ирээдүйгээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Биг сити хэлпэр” ХХК -д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР