Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 5008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 274 тоотод оршин суух Захар овогт Дэмбэрэлийн Жавхлан /Регистрийн дугаар НЭ69021006/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 11 гудамж, 274 тоотод оршин суух Их мянган овогт Зинэмидэрийн Мөнхбаяр /Регистрийн дугаар НЭ67030614/ /-т холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жавхлан, хариуцагч З.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Д.Жавхлан миний бие нь З.Мөнхбаяртай 1989 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний том хүү М.Анхбаяр 1990 оны 4 сарын 27-нд төрсөн. Удаах хүү М.Энхбаяр маань 1992 оны 4 сарын 06-нд төрсөн. 2000 оны 5 сарын 11-нд бага охин М.Баясгалан төрсөн. Гэр бүл болсноос хойш нөхөр З.Мөнхбаяр нь архи дарс их уудаг, хүүхэн шуухантай орооцолддог байсан боловч, миний хувьд эх хүн эмэгтэй хүний хувьд нөхрөө засрах болов уу гэж бодон 2000 онд охиноо төрүүлсэн. Гэтэл З.Мөнхбаярын хувьд охинтой болоод ч засрал авалгүй байсаар 2006 онд бид амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор Төв аймгийн Зуунмод дахь 1 өрөө орон сууцаа заран хотод орж ирсэн. Энэ байрыг маань миний ажиллаж байсан Төв аймгийн оёдлын үйлдвэрээс надад өгсөн боловч, энэ байрыг өрхийн тэргүүн З.Мөнхбаярын нэр дээр авч байсан. Бид хотод ирээд дүүгийнх нь хашаа байшинд амьдарч, байр зарсан мөнгөөрөө З.Мөнхбаяр дүү нартайгаа нийлэн Солонгос улс руу наймаа хийх зорилгоор явсан. Ингэж наймаа хийх нэрийн дор явж, байрныхаа мөнгийг бараг дуусгаад эцэст нь 2009 онд үлдсэн 3,300,000 төгрөгөөр машин авч унасан. Энэ машинаа авснаас хойш нөхөр  З.Мөнхбаяр гэртээ ирэх нь багасч, 2014 оноос эхлэн өөр хүнтэй гэр бүл болон амьдарч эхэлсэн. Энэ үеэс эхлэн намайг 3 хүүхдийн хамт дүү нь хашаа байшингаасаа хөөн, намайг ажилдаа явсан хойгуур бидний эд хогшлыг нүүлгэн хөлсний байранд аваачсан байсан. Үүнээс хойш би хүүхдүүдийн хамт өдий хүртэл хөлсний байранд амьдарч байна. Нөхрийн хувьд цуг амьдарч байсан боловч, хүүхдийн сургуулийн төлбөр төлөхгүй байсаар 2 том хүүхэд маань орсон сургуулиа ч дүүргэж чадалгүй гарсан. Иймээс бидний гэр бүлийг цуцалж, бага хүүхдэд оногдох тэтгэлгийг хуулийн дагуу олгож, бидний орон байраа зарсан мөнгөнөөсөө авсан машинаас оногдох хувийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Жавхлан шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа:

 “Миний бие нь З.Мөнхбаяртай 25 жил хамт амьдарсан. Гэтэл З.Мөнхбаяр нь одоо өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах гэж байна. 50 нас хүрч байж өөрийн гэсэн гэр оронгүй болж, гэр орноороо тоглуулчихаад байж байна. Цаашдаа хамт амьдарна гээд тэсч хүлээсэн. Залуу байхын л үр хүүхдүүддээ анхаарал халамжгүй, гадуур их хонож явдаг, өөрийнхөө л эрх ашгийг боддог хүн байсан. Ах дүү нар нь нөлөөлж наймаанд явъя гэж хэлээд манай байрыг заруулсан байдаг. Ах дүү нар нь өөрсдийнхөө ажлыг З.Мөнхбаяраар хийлгэдэг, хоорондоо харилцаа холбоо их байж манай амьдралд нөлөөлдөг байсан. Өөрсдийн эрх ашгийг  бодож миний гэр орноор тоглосон байдаг. Гэр оронтой болох хүсэлтэй байна, З.Мөнхбаяр нь 15,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийн хооронд хашаа байшин авч өгнө гэж хүүхдүүдийн хажууд амлаж байсан. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Миний 3 хүүхэд гуравуулаа  миний асрамжид байгаа, Би сардаа 800,000 төгрөгийн цалинтай байх, цэвэр гар дээр ирдэг нь 400,000 төгрөг, би түрээсэнд 400,000 төгрөг, түрээсийн байранд 200,000 төгрөг тус тус төлдөг тул  амьдрахад хэцүү байна. 3,300,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Гурван хүүхдүүдээ нэг нэг гэртэй болгох хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч З.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

“З.Мөнхбаяр миний бие 1989 онд Д.Жавхлантай гэр бүл болоод 2 хүү, 1 охинтой болсон нь үнэн. Би үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд Д.Жавхлангийн байнгын хардалт, хэрүүл хийдэг, гэр орон, үр хүүхэд, хань нөхөртөө халамжгүй байдлыг тэвчиж ирсэн боловч сүүлдээ бүүр юм л бол цагдаад хэлнэ, шоронд оруулна гэдэг болсон. /Архи уугаад орвол хэрүүл хийхгүй тайван байдаг./ Бид хоёрыг тэр үед ямархуу байдалтай амьдардаг байсныг хамт ажилладаг байсан болон хөршүүд маань мэднэ. Хүүхдүүдийн маань сургалтын төлбөрийн талаар ч бас сургуулиас нь асуухад хэлээд л өгөх байх, би хүний хүүхдүүдээс дутуу явуулахгүй гээд дүү нараасаа хүртэл зээлээд л удаахгүй хийдэг байсан өөрсдөө л сурмааргүй байна гээд гарцгаасан. Манай хүүхдүүд сургуулиас яагаад гарсан нь сургалтын албанд нь байгаа байлгүй дээ. Би үнэндээ яагаад энэ Д.Жавхланг худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Сүүлдээ тэсвэр алдаад хотод дүүгийндээ амьдарч байгаад хөдөө явж ажилладаг болсон. 2006 оноос хойш дүүгийнхээ хашаа байшинд хотод амьдарч байхад ирээд бид нар хүрээд ирье үр хүүхдүүдтэйгээ хамт амьдаръя, одоо ойлгосон, хэрүүл хийхгүй гээд байхлаар нь итгээд хүүхдүүдээ бодоод авчирсан. Тэр үед манай дүү нар байраа л зарж болохгүй шүү гээд охин дүү маань танилдаа түрээсэлсэн боловч байраа зарнаа гээд өвлийн хүйтэнд миний байр, би мэднэ гээд л хөөгөөд гаргасан. Тэгээд намайг ах дүү нар шигээ Солонгос улсаас машин авчирч заръя гээд би дүүдээ хэлж байгаад Солонгос улс руу яваад машин сэлбэг авчирч зараад ашиг олсон боловч бүгд ажилгүй болохоор идэж уугаад л дуусах гээд байхаар нь бид 2 ярилцаад 2,600,000 төгрөгөөр Элентра машин аваад дүүгийнхээ дэлгүүрт ажилд ороод, орой нь машинаараа халтуур хийж гэр бүлээ тэжээж амьдралаа авч явдаг байсан. Тэгээд халтуур хийгээд ирэхээр дахиад л нөгөө хардалт хэрүүл энэ бүхнээс залхаад үүдэндээ машиндаа хонодог болсон. Сүүлдээ бид 2-ийн хооронд эхнэр, нөхрийн ямар ч харилцаа байхгүй болсон. /чи өмхий амтай, шивэртэй архичин гээд л/ Би ч бас хүн юм чинь сайхан амьдрахыг хүснэ шүү дээ. Одоо сайн хүнтэй таараад сайхан амьдарч байна. Гэхдээ охиндоо бол эцэг хүнийхээ хариуцлагыг хүлээж бүх зүйлийг нь бэлдэж өгнө. Тэтгэмж ч өгөхөөс татгалзах зүйлгүй. Гэхдээ өөрт нь л өгмөөр байна. Машины мөнгөний хувьд бол охиндоо хугацаатай хадгаламж нээгээд дансанд нь хийчихмээр байна. Би охинтойгоо ч ярьсан, өөрийн гэсэн гэр оронтой болоод өөр дээрээ авна гэж. 2015 онд надыг худлаа гүжирдэн 14 хоног хориулсан, урьд нь бас Төв аймагт хориулж л байсан, зодож нүддэг байсан бол миний л буруу гэж бодох байсан. Би ээжийгээ хайрладаг хүн болохоор эхнэртээ гар хүрч байсан удаа байхгүй” гэжээ.

Хариуцагч З.Мөнхбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Д.Жавхлантай 20 хэдэн жил амьдарсан нь үнэн. Энэ хүнтэй хамт байхад үнэхээр хэцүү болсон. Байраа тухайн үед 7,000,000 төгрөгөөр зарсан. Хэдэн удаа Солонгос явж байсан. Солонгост ажил хийгээд замын зардлаа олж, хоёр автомашин, сэлбэг оруулж ирж, бага багаар зарсаар байгаад бэлэн мөнгийг хадгалалгүй, хүүхдүүдийн хэрэгцээ, хоол хүнсийг авч өгөн хэрэглэсээр дуусах дөхөж байхад нь 2,600,000 төгрөгөөр Элентра маркийн автомашин авсан. Би хүүхдүүдээ анхаарч халамжлан орой таксинд явж оюутан байхад нь өглөө болгон 5,000 төгрөгийг өгдөг байсан. Тэрийг энэ хүн мөнгө олж байсан гэж үзэхгүй, мөнгө өгдөггүй байсан гэж хэлж байна. Д.Жавхлан адилхан ажил хийдэг байж хүүхдүүддээ мөнгө өгдөггүй байсан, өгч байхыг би хараагүй. Хэдийгээр бид салж байгаа ч гэсэн би охиндоо сар болгон 100,000 төгрөг өгдөг. Охин тэмцээн уралдаанд орох гэж байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд л над дээр ирээд л мөнгө аваад явдаг. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 15,000,000-18,000,000 төгрөгт багтах лизенгийн хашаа байшин байвал олчих, би урьдчилгаа мөнгийг нь олж өгье, сар бүр төлөх хүүг нь хэн аль нь төлж болно гэж хэлж байсан. Энэ хүн Элентра маркийн автомашинаас ногдох хувийг гаргуулах хүсэлтэй байгаа гэж байна. Гэхдээ надад 6067 УНО Киа сдектра маркийн автомашин байгаа. Зарвал хамгийн ихдээ 2,000,000 төгрөг хүрнэ. Нэхэмжилж байгаа 3,300,000 төгрөгийн асуудал бол охин энэ хүн бид гурав дээр л яригдаж байх тул ногдох хэсгийг гаргуулж болно. 3,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна“ гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Жавхлан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч З.Мөнхбаяр хүлээн зөвшөөрчээ.

Зохигч болох Д.Жавхлан, З.Мөнхбаяр нар 1989 оны 01 дүгээр сарын 01-нд гэр бүл болсныг 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 67 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү М.Анхбаяр /регистрийн дугаар НЭ90042710/, 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүү М.Энхбаяр /регистрийн дугаар НЭ92040618/, 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин М.Баясгалан /регистрийн дугаар НЭ00251101/ төрсөн нь иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, насанд хүрээгүй охин М.Баясгалан ерөнхий боловсролын сургуульд сурдаг болох нь Баянзүрх дүүргийн Баянзүрх цогцолбор сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 348  дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, 2014 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хүү М.Анхбаяр, хүү М.Энхбаяр, охин М.Баясгалан нар төрсөн эх Д.Жавхлантай хамт амьдарч байгаа бөгөөд хүү М.Анхбаяр, хүү М.Энхбаяр нар насанд хүрсэн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин М.Баясгаланг төрсөн эх Д.Жавхлангийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон тул эхийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар эцэг З.Мөнхбаяраар хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Д.Жавхлан нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг З.Мөнхбаярт саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь өөрсдийн амьдарч байсан байраа зарсан мөнгө болох 3,300,000 төгрөгөөр авсан автомашинаас өөрт болон хүүхдүүдэд оногдох хувийг авахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, автомашиныг өөртөө үлдээж, автомашиныг худалдаж авсан 3,300,000 төгрөгийг нэхэмжлэгч болон хүүхдүүддээ өгөх санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ.

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 183,700 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Захар овогт Дэмбэрэлийн Жавхлан /Регистрийн дугаар НЭ69021006/, Их мянган овогт Зинэмидэрийн Мөнхбаяр /Регистрийн дугаар НЭ67030614/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин М.Баясгаланг төрсөн эх Д.Жавхлангийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.Баясгалан /регистрийн дугаар НЭ00251101/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Мөнхбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө болох автомашиныг хариуцагч З.Мөнхбаярын өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Мөнхбаяраас автомашины үнэ болох 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Жавхланд олгосугай.  

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4-т зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Жавхланд олгох, хариуцагч З.Мөнхбаяраас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 50,221 төгрөг, дундын өмчийн эд хөрөнгийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 67,750 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР