Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 5138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,

1968 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр хэсгийн 189 тоотод оршин суух, Даваа овогт Чүлтэмийн Жаргалсайхан /РД:ХМ68040570/-д архины албадан эмчилгээ хийлгэх  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Өсөхбаяр /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Ч.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Өсөхбаяр шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 4-189 тоотод оршин суудаг Ч.Жаргалсайхан нь байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Эрүүлжүүлэхэд удаа дараа орж байсан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний төрсөн дүү Ч.Эрдэнэбилэг нь цагдаагийн хэлтэст ирүүлсэн.

Өмнө нь  удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулж байсан бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ч.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би сүүлийн 2 жил архи их уусан. Одоо архинаас гаръя гэж бодож байна. Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд Ч.Жаргалсайханыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Ч.Жаргалсайхан нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр хэсгийн 189 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Тэрээр 2010 оноос хойшхи хугацаанд эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч болон  түүний дүү Ч.Эрдэнэбилэг нарын өргөдөл, 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт авагдсан  байна.

 

Ч.Жаргалсайхан нь “Архинд донтох өвчний 2 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Даваа овогт Чүлтэмийн Жаргалсайханыг /РД:ХМ68040570/ архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Ч.Жаргалсайханыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн цагдаагийн  2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭРЭНДОЛГОР