Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо 16-16 тоотод оршин суух Мэргэ овогт Энхтөмөрийн Нямжаргал /РД:ЗМ88121806/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, шинэ ус 3-10 тоотод оршин суух Халзан морьт овогт Бадралцэцэгийн Бямбацогт /РД:КЮ88102877/-д холбогдох

2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Нямжаргал, хариуцагч Б.Бямбацогт, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.Нямжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Энхтөмөр овогтой Нямжаргал би нөхөр болох Бадралцэцэг овогтой Бямбацогттой анх 2008 онд танилцсан. 2012 онд анхны охиноо, 2015 онд хоёр дахь хүүхэд болох хүүгээ төрүүлсэн. Б.Бямбацогт гэр орон болон хоёр хүүхэддээ ямар ч халамж анхааралгүй болж гадуур хонож өнжин Д.Нинжбадгар гэдэг хүүхэнтэй гэр бүлийн харилцаатай болсон. 2016 оны 01 сарын 10-нд Бямбацогт Нинжбадгар хоёр эхнэр нөхөр гэж хэлээд Солонгос улс руу хамтдаа явсан байсныг явсан хойно нь мэдсэн. Солонгос улс руу яваад ирсэн хойно нь хоёр хүүхдээ аваад Бямбацогтынд очиход Нинжбадгар гэдэг хүүхнээрээ бид гуравыг гэрээсээ хөөлгөж, хэл амаар доромжилсон гэх зэрэг шалтгаануудын улмаас энэ хүнтэй цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон. Тусдаа амьдраад Б.Бямбацогт нь 2 хүүхэддээ туслаж дэмжиж байгаагүй учир хүүхдийн тэтгэлэг тогтоож өгөхийг хүсэж байна.” гэв.

            Хариуцагч Б.Бямбацогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Б.Бямбацогт миний бие Э.Нямжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, Б.Энхжингийн №0000707689/б65 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б.Чингүүний №4643000118 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энэрэхүй-Ухаан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Э.Нямжаргал нь хариуцагч Б.Бямбацогтоос хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Э.Нямжаргал нь Б.Бямбацогттой гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Энхжин төрсөн нь №0000707689/б65 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Чингүүн төрсөн нь №4643000118 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас нотлогдож байх ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бямбацогт нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

          Зохигч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй болно.

          Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин Бямбацогтын Энхжин, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү Бямбацогтын Чингүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бямбацогтоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

            Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд харин хариуцагч Б.Бямбацогтоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /163,000х12=1,956,000 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин Халзанморьт овогт Бямбацогтын Энхжин, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү Халзанморьт овогт Бямбацогтын Чингүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Бямбацогтоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бямбацогт нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бямбацогтоос улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА