Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 365

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Ховд арц 2-4-50 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, 21 настай, Д овгийн Д.Х-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 38-327 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 26 настай, Я овгийн О.У-т холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х-н, хариуцагч О.У-р, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.У-тай 2014 оны 11 сард танилцаж, хамт амьдарч эхэлсэн.  2015 оны 01 дүгээр сард хүүхэдтэй болсон цагаас эхлэн намайг хардаж, элдэвээр доромжилж хүүхдээ авахуул гэж дарамталдаг байсан. О.У нь байнга өөрийнхөө эрхшээлд, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж байнга элдэвээр доромжилдог байсан. 2015 оны 5 сараас бид Өвөрхангай аймгийн Богд суманд миний ээж, дүү нарын хамт амьдарч эхэлсэн. О.У 7 сараас тус сумын Соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Ажилд ороод удаагүй 9 сард хүү маань төрсөн. О.У нь ажил хийх хугацаандаа байнга оройтон согтуу ирж миний ээжийг элдэвээр доромжилдог болсон. Мөн хүүхнүүдтэй нэр холбогдож гэртээ ч ирж хонохоо больсон. Улмаар 10 сард бид хоёрыг орхиж явсан. Орхиж явсанаасаа хойш нэг ч удаа хүүхдээ асуугаагүй, хүүхдээ огт хайхардаггүй, хүүхдээ өвдөж зовж байхад нь худал хэлэн ажлаа л бодож байсан. Би хүүхдээ элэг бүтэн амьдруулах гэж хэд хэдэн удаа холбогдсон боловч дандаа худал хэлдэг, амьдрал үр хүүхдүүдээсээ илүү амин хувиа л боддог. Бүх зүйлдээ миний ээж болон намайг буруутгадаг. О.У одоо Өвөрхангай аймгийн Тарагт суманд ажиллаж байгаа бөгөөд өөр амьдралтай. Цаашид би О.У-т итгэж хамт амьдрах хүсэл сонирхол байхгүй учир О.У-с миний хүү У.Ангарагсүрэндээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Энэ хүн өөр амьдралтай болсон. Хүү бид хоёрыг хүн гэж тоодоггүй. Ажил амин хувийн асуудлаа л нэгдүгээрт тавьдаг. Иймд О.У-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.У шүүхэд гаргасан тайлбартаа: Би одоо энэ хүний ээжтэй мөнгөний асуудалтай байгаа. Намайг ажил хийх нөхцөл бололцоогоор хангадаггүй. Би одоогоор Өвөрхангай аймгийн Тарагт сумын Соёлын төвд ажиллаж байгаа. Өөр амьдралтай болоогүй. Би хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч О.У-т холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Д.Х, О.У нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарч,  2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Ууганбаярын Ангарагсүрэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, №96 дугаартай хүү У.А-н төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар гэсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүү У-н А нь төрсөн эх Д.Х-н асрамжинд байдаг болох нь зохигчдын тайлбар, Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 40 тоот тодорхойлолт, Богд сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар нотлогдож байгаа ба зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй байх тул хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэхгүй, хүү У.А-д төрсөн эцэг О.У-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шийдлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар  2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү У. А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.У-ас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.У-с 28626 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА