Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 5405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 4 гудамж, 12 тоотод оршин суух Яргай овогт Цагаанбаньдын Бэлгээ /регистрийн дугаар ПЗ56012031/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Бэлгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Бэлгээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

“Ц.Бэлгээ миний бие нь 1971-1974 он хүртэл Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1974-1977 он хүртэл цэргийн алба хааж, 1978-1992 он хүртэл Давшилт нэгдэлд тасралтгүй 14 жил ногоо тарьж ногоочин хийж байсан. Иймд намайг 1971-1992 он хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Бэлгээ нь 1971 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан байдлаа  тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний Хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийгдсэн байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

 

Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс олгосон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг Хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар талд “1981.1.1, 5-р бригад ногоочин, Нэгдлийн даргын 1981.01.28 14-р тушаал” гэж бичигдсэн байх бөгөөд  эрхэлсэн ажлын талаар өөр бичиглэл хийгдээгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийн 6-15 дугаар талд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлсийг сар бүрээр тэмдэглэн баталгаажуулсан байна.

 

Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/48 дугаартай тодорхойлолтод “...Ц.Бэлгээ нь 1972-1992 он хүртэл тус сумын Давшилт нэгдэлд малчин, ногоочиноор ажиллаж байсан болно. Ц.Бэлгээгийн ажиллаж байсан хугацааны цалингийн баримтууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа юм. Тус сумын архив нь 1998 онд шатсан болохыг тодорхойлов” гэжээ.

 

Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8038 дугаартай архивын лавлагаанд “Цагаанбаньдын Бэлгээ нь БХЯ-ны сайдын 1974.05.17-ны өдрийн н/126 дугаар тушаалаар Ховд аймгаас 1974.05.28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1977.08.20-ны өдрийн н/122 дугаар тушаалаар 1977.08.20-ны өдөр 234498 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэж бичжээ.

 

Ц.Бэлгээг Давшилт нэгдэлд ногоочноор ажиллаж байх хугацаанд түүний ажлын амжилтыг үнэлж шагнасан баярын бичиг, дурсамж, талархал /хх-6-8 дугаар тал/  хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бүрджээ.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Т.Раднаа “Ховд аймаг, Мянгад сумын харьяат Цагаанбаньд овогтой Бэлгээ нь 1971-1974 он хүртэл Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1974-1977 он хүртэл цэргийн алба хааж, 1978-1992 он хүртэл Давшилт нэгдэлд тасралтгүй 14 жил ногоо тарьж байсан нь үнэн болохыг миний бие тодорхойлж байна” гэж мэдүүлсэн.

Шүүхэд дуудагдсан гэрч П.Ичинхорлоо “Миний бие П.Ичинхорлоо нь Ц.Бэлгээтэй хамт Ховд аймаг, Мянгад сум, Давшилт нэгдэлд ногоочноор 14 жил тасралтгүй ажиллаж байсныг тодорхойлж байна. Хотод бас хамт шилжиж ирснээс хойш одоо ч хамт айл хөрш амьдарч байна” гэж мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-т заасныг баримтлан Яргай овогт Цагаанбаньдын Бэлгээ /регистрийн дугаар ПЗ56012031/-г 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 073 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ногоочиноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР