Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 5423

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 88А байр, 76 тоотод оршин суух Лхам овогт Нанзадын Одсүрэн /Регистрийн дугаар ЦГ62021169/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хүү Хаш-Эрдэнийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч  Н.Одсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ирээдүй-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч  Н.Одсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Миний бие нь 1999 онд хүү Хаш-Эрдэнийг нэгдүгээр төрөхөд төрүүлсэн. 2002 онд тархины хавдар өвчин тусч биеийн байдал муудсан тул өөрийн үеэл дүү болох Робинсон овогтой Ирээдүй-Одод хүүгээ үрчлүүлсэн болно. Энэ үеэс хойш Япон, Сингапур улсад хоёр удаа тархины хагалгаа хийлгэж, одоо биеийн байдал сайжирсан, нэгдүгээр эмнэлэгт эмчийн ажлаа хийдэг болно. Одоо би өөрийн гэсэн орлоготой, орон сууцтай, биеийн байдал зүгээр болсон тул өөрийн төрүүлсэн хүүхдээ өөрөөрөө овоглох хүсэлтэй. Манай үеэл дүү манай хүүтэй огт хамт амьдарч байгаагүй бөгөөд Америкийн нэгдсэн улс руу огт явж байгаагүй болно. Хүүг үрчлүүлж овгийг нь өөрчилсөн боловч зарим баримт бичигт Одсүрэнгийн Хаш-Эрдэнэ гэж бичигдсэн байгаа. Миний хүү одоо насанд хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ авах гэтэл овог зөрүүтэй байгаагаас болоод авч чадахгүй байгаа болно. Миний хүү өөрийн төрсөн ээжээрээ овоглох хүсэлтэй байгаа тул 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах шаардлагатай байна.

 

Иймд хүү Хаш-Эрдэнийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ирээдүй-Од шүүхэд гаргасан тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие Алтанцэцэг овогтой Ирээдүй-Од нь 2002 онд О.Хаш-Эрдэнийг үрчилж авсан боловч түүнийг өөр дээрээ аваагүй, О.Хаш-Эрдэнэ нь өөрийн төрсөн ээж Н.Одсүрэнтэй хамт амьдарч байсан болно. Робинсон Дэвидэарл бид хоёр 2007 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр гэр бүлээ цуцлуулсан. Бидний зүгээс үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрсөн ээжээр нь овоглоход татгалзах зүйлгүй” гэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Одсүрэн нь хүү Хаш-Эрдэнийг Лхам овогт Алтанцэцэгийн Ирээдүй-Од, Робинсон Дэвидэарл нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Н.Одсүрэн нь 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү Хаш-Эрдэнэ /Регистрийн дугаар УЛ99111312/-ийг төрүүлж өөрийн нэрээр овоглосон нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний бүртгэлийн 0171361, Г-1108 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх- 15 дугаар тал/

 

Н.Одсүрэн нь хүү Хаш-Эрдэнийг Лхам овогт Алтанцэцэгийн Ирээдүй-Од, Робинсон Дэвидэарл нарт үрчлүүлснийг 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 10 дугаарт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/013084 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа болон үрчлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх- 8, 14 дүгээр тал/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

     Үрчлэгч А.Ирээдүй-Од, Робинсон Дэвидэарл, үрчлүүлэгч Н.Одсүрэн нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байх тул дээрх байдлыг харгалзан шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

     Иймд 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Хаш-Эрдэнэ /Регистрийн дугаар УЛ99111312/-ийг  А.Ирээдүй-Од /Регистрийн дугаар ЦГ76083165/, Робинсон Дэвидэарл нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, хүү Хаш-Эрдэнийг төрсөн эх Лхам овогт Нанзадын Одсүрэн /Регистрийн дугаар ЦГ62021169/-д шилжүүлэх  нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Хаш-Эрдэнэ /Регистрийн дугаар УЛ99111312/-ийг  А.Ирээдүй-Од /Регистрийн дугаар ЦГ76083165/, Робинсон Дэвидэарл нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Хаш-Эрдэнэ /Регистрийн дугаар УЛ99111312/-ийг асран хүмүүжүүлэх эрхийг төрсөн эх Лхам овогт Нанзадын Одсүрэн /Регистрийн дугаар ЦГ62021169/-д шилжүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР