Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 425

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Анхбаярын нэхэмжлэлтэй Ж.Зоригтод холбогдох “Байр чөлөөлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний эх Гүнчинсүрэнгийн Дашбатын ажил, хөдөлмөрийг нь үнэлэн 1990-ээд оны үед Сэлэнгэ аймгийн Гурилын үйлдвэрээс 17.9 ам метр 1 өрөө байраар шагнаж, урамшуулсан. Миний эцэг Ж.Батсайхан нь албан ажлаар 1996 онд өөр орон нутагт томилогдох болсонтой холбогдуулан төрсөн ах Ж.Зоригтын амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэх үүднээс түр хугацаанд хариуцуулан үлдээсэн.

            Миний эцэг Жадамбын Батсайхан, эх Гүнчинсүрэнгийн Дашбат нар нь 1999, 2001 онуудад өвчний улмаас зуурдаар нас барсан. Миний бие эцэг, эхээс ганцаар, бүтэн өнчин үлдсэн тул шүүхээс асран хамгаалагчаар авга ах Ж.Зоригтыг тогтоосны дагуу Ерөнхий боловсролын сургуулийг төгсөх, 18 нас хүртэлх хугацаанд түүний асрамжинд, 2001-2003 оны хугацаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан эрэг хороо, 15 дугаар байр, 25 тоотод хамт амьдарч байсан болно.

            Улмаар иргэн Ж.Зоригт, түүний эхнэр Л.Тогооч нарт дээрх байрыг чөлөөлөх хүсэлтийг удаа дараалан тавихад амьдрах чадвар, чадамжтай болох үед нь суллаж өгөх талаар мэдэгдсэн ба өндөр насалсан байдлыг нь харгалзан үзэж хүсэлтийг нь түр хугацаанд хүлээж аван миний бие их, дээд сургууль албан ажлын томилолт зэрэг 13 жилийн турш өөрийн боломж, бололцоонд тулгуурлан ажиллаж, амьдарч ирсэн. Нэр бүхий иргэд нь хөдөлмөр эрхлэх насны хоёр хүүтэй бөгөөд тэдгээрийн гэр бүлд хүндрэл, бэрхшээл учруулахаас зайлсхийх гэсэн санаа зорилгоор миний хүсэлтийг үл ойшоодог.

            Хуульд заасан үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн дагуу 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1317001669 дугаартай гэрчилгээ олгогдсон. Цаашид ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдрах боломж, бололцоогүй тул захиран зарцуулах эрхийн дагуу Улаанбаатар хот дахь амьдралын нийгмийн баталгааг хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх хэрэгцээ шаардлага гарсан болно.

            Иймээс өөрийн эзэмшлийн байрыг чөлөөлүүлэх, нэр бүхий иргэдэд туслах зорилгоор нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг гаргаж өгөхөөр урьдчилсан байдлаар аман тохиролцоо хийсэн боловч шалтаг, шалтгаан тоочин, хэл амаар доромжилж, орон байрыг суллаж өгөхгүй, “чиний байр биш, манай дүүгийн байр, өвчин зовлонтой өндөр настай хүмүүстэй байр булаацалдлаа, шүүхээр шийдвэрлүүлээд аваарай” гэх мэтээр өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа уг асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

            Нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагч Ж.Зоригт нар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд  гаргасан эвлэрлийн гэрээндээ:

      ... Нэхэмжлэгч Б.Анхбаяр би хариуцагч Ж.Зоригтод холбогдуулан орон байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч Ж.Зоригт нь нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 15 дугаар байр, 25 тоот арктай 1 өрөө байрыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн чөлөөлж нэхэмжлэгч Б.Анхбаяр надад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

                                                          Гэрээ байгуулсан:

                Нэхэмжлэгч Б.Анхбаяр,                                     Хариуцагч Ж.Зоригт  гэжээ.

                                                                      Үндэслэх нь:

                 Нэхэмжлэгч  Б.Анхбаяр нь хариуцагч Ж.Зоригтоос “Байр  чөлөөлүүлэх”-ээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ж.Зоригт нь нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 15 дугаар байр, 25 тоот арктай 1 өрөө байрыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн чөлөөлж, нэхэмжлэгч Б.Анхбаярт хүлээлгэн өгөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

             Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгний 50 хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 35.100 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.