Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 441

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Д.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Нинжбадамд холбогдох “5.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч  Д.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Д.Мөнгөнцэцэг миний бие нь Ерөө сумын 1 дүгээр багийн иргэн Э.Нинжбадамд 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Э.Нинжбадам нь зээл авснаасаа хойш эхний 6 сар зээлийн хүүг өгсөн. Түүнээс хойш нэг  ч мөнгө өгөөгүй. Одоо 2 жил боллоо. Э.Нинжбадамд би мөнгөний хэрэг болсон үед нь туслаж найдвартай гээд гуйгаад байхаар нь би хүнээс зээлээд өгсөн учир өөрөө давхар хохирч явна

  Иймд Э.Нинжбадамаас 5.000.000 төгрөгийг хурдан гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагч Э.Нинжбадам нар 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

         ...Нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг би хариуцагч Э.Нинжбадамаас 5.000.000 гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Нинжбадам нь уг мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 16-нд өгсөн болно.

            Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 3 хувааж 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор өгч дуусгахаар тохирч энэхүү гэрээг байгуулав.  

                 

    Гэрээ байгуулсан:

           Нэхэмжлэгч Д.Мөнгөнцэцэг,                            Хариуцагч Э.Нинжбадам гэжээ.

                                                                 Үндэслэх нь:

                 Нэхэмжлэгч  Д.Мөнгөнцэцэг  нь хариуцагч Э.Нинжбадамаас “5.000.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстой 5.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг төлж үлдсэн 4.000.000 төгрөгийг 3 хувааж 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор өгч, авалцахаар зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Энэ нь хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 94950 төгрөг төлүүлэхээс шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгний 50 хувь болох 47.475 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 50 хувь болох  47.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

     75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй Э.Нинжбадамд холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 94950 төгрөг төлүүлэхээс шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгний 50 хувь болох 47.475 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 50 хувь болох  47.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ