Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 420

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 19-9 тоотод оршин суух, Монгол овогт Цогтбаатарын Содгэрэл /ТИ79012201/-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, 19-9 тоотод оршин суух, тэтгэвэрт байдаг гэх, Боржигон овогт Лувсанбатын Цогтбаатар /ТИ-54032272/- т холбогдох

         “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Содгэрэл, хариуцагч Л.Цогтбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

                                                            Тодорхойлох нь:

         Нэхэмжлэгч Ц.Содгэрэл шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     ... Миний бие 2004 оны 04 дүгээр сарын 17-нд Австри улсад ажиллаж амьдрахаар явахдаа өөрийн эцэг Л.Цогтбаатарт охин С.Мөнхзулыг үрчлүүлсэн. 2006 оны  07 дугаар сарын 11-нд охин С.Мөнхзулыг Австри улс руу аваачиж  өөрийн дэргэд одоог хүртэл цуг амьдарч байна. 2015 оны 05 дугаар сарын 17-нд охин С.Мөнхзул нь 16 нас хүрч цахим үнэмлэх авах шаардлагатай болоход үрчилсэн овог шилжээгүй байсан тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

         Хариуцагч Л.Цогтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

    ... Миний бие үрчлэлт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Ц.Мөнхзулыг төрсөн эх Ц.Содгэрэлд буцааж өгөхийг зөвшөөрч байгаа. Маргаан байхгүй. Учир нь: 2004 онд миний охин Содгэрэл Австри улс руу ажиллахаар явах болж өөрийн  охин Ц.Мөнхзулыг  миний асрамжинд үлдээж 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор үрчлэлт хийлгэсэн. Г.Мөнхзулын цэцэрлэг, сургууль болон ямар нэг албан бичигтэй холбоотой бүх асуудлыг өөрийн биеэр оролцож хөөцөлдөх боломжгүй байсан болохоор эцэг Л.Цогтбаатар надад үрчлүүлсэн боловч 2006 онд ээж Содгэрэлтэйгээ амьдрахаар Австри улс руу явсан юм. Одоо охин Мөнхзулыг төрүүлсэн ээж Ц.Содгэрэлд өгөхөд татгалзах зүйл байхгүй тул үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү... гэжээ.

                     Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                              Үндэслэх нь:

              Нэхэмжлэгч Л.Содгэрэл нь өөрийн төрсөн охин Г.Мөнхзулыг 2006 онд эцэг болох Л.Цогтбаатарт үрчлүүлсэн “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэл  шүүхэд гаргажээ.

              Л.Содгэрэл нь 2006 онд төрсөн охин Г.Мөнхзулыг Л.Цогтбаатарт үрчлүүлэх тухай хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргасны үндсэн дээр Г.Мөнхзулыг Л.Цогтбаатарт үрчлүүлсэн болох нь  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын үрчлэлтийн 3 дугаарт бүртгэсэн үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-4 дүгээр хуудас/, Г.Мөнхзулын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-3 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас / хх-34 дүгээр хуудас/, Мөнхзулын үрчлэлтийн талаар гэрчлэх өргөж авсан эх О.Төмөртогоо, гэрч Ц.Баасансүрэн, Л.Гуулин нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг / хх-ийн 8-13, 27-29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

              Дээрх “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг үрчлэн авагч,  үрчлүүлэгч хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тал дээр ямар нэгэн маргаангүй байх тул Ганзулын Мөнхзулыг, Цогтбаатарын Мөнхзул болгон бүртгэсэн “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцож” Ц.Содгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч Ц.Содгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 145 дугаар зүйлийн 145.1, 145.6-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар Ганзулын Мөнхзул /РД:  МА99051706/-ыг, Лувсанбатын Цогтбаатар /РД: ТИ-54032272/, О.Төмөртогоо /РД: ТИ-59050505/ болгон бүртгэсэн “Хүүхэд үрчилснийг хүчингүйд” тооцсугай.

2.  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Содгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ