Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 446

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Хүйтний гол 1 дүгээр багт оршин суух, малчин ажилтай, Боржигон овогт Толягийн Ган-Очир /РД:ОГ77031011/-ын нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Моностой 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бичээчийнхэн овогт Жигжидсүрэнгийн Шархүү /МУ 52070470/-д холбогдох

         “6.700.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ган-Очир, Ж.Шархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ган-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2015 оны 05 дугаар сарын 20-нд Ж.Шархүү гуайтай наймаа хийж хашаа байшинтай нь бэлнээр 5.000.000 төгрөг, нэмж 1 хонь, 1 ямаа өгөөд 5.200.000 төгрөгөөр худалдаж авсан юм.

Гэтэл хашаа байшингийнхаа гэрчилгээг өгөхгүй худлаа үнэн яриад жил гаран боллоо. Хашаа байшин нь банкны барьцаанд байдгийг сүүлд мэдсэн. Бид хоёрын дунд худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй. Би Ж.Шархүү гуайгаас байшингийнхаа гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж хэлсэн түүнээс хойш Ж.Шархүү гуай байшингийнхаа гэрчилгээг өгнө гэсээр сар сараар хойшлуулсаар өнөөг хүрлээ.

Миний хувьд байшиндаа нэмэлт засвар хийж дээвэрт 2 шилэн хөвөн хийлгэхэд мөнгө зарцуулсан.

Иймд би Ж.Шархүү гуайгаас өгсөн мөнгөө хүүтэй нь буцааж авмаар байна. Үүнд: Банкнаас малчны зээл авч хүүтэйгээ нийт 6.200.000 төгрөг, нааш цаашаа явсан зардал болох 200.000 төгрөг, мөн хаалга сольсон болон шилэн хөвөнгийн мөнгө зэргийг оруулан нийт 6.700.000 төгрөгийг Ж.Шархүүгээс гаргуулж өгнө үү! гэжээ.

 Хариуцагч Ж.Шархүү шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    

... Т.Ган-Очирын хувьд надаас анх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр надад бэлэн мөнгөөр 5 сая төгрөг, 1 хонь, 1 ямаа оролцуулаад нийтдээ 5.200.000 төгрөгөөр уг байшинг худалдаж авсан. Би байшингийнхаа гэрчилгээг банкинд барьцаалсан байгаа нь үнэн. Миний хувьд банкнд тавьсан гэрчилгээгээ л аваад өгчихвөл уг нь болчих юм.

Гэтэл Т.Ган-Очир байшин худалдаж авснаас хойш нэмэлт засвар хийсний мөнгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь тухайн байшинг худалдан авсан хүний л асуудал байх гэж бодож байгаа тул засварын мөнгө болон ирж буцсан зардал гэх 200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хувьд нэхэмжлэгчид мөнгөө буцааж өгвөл 5.200.000 төгрөгийг өгнө, үлдсэн мөнгийг өгч чадахгүй гэжээ.

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Ган-Очир нь Ж.Шархүүд холбогдуулан “6.700.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болсон үйл явдлаас үзэхэд нэхэмжлэгч Т.Ган-Очир нь 2015 оны 5 дугаар сарын 20-нд Ж.Шархүүгээс хашаа байшин 5.200.000 төгрөгөөр худалдан авчээ.

Т.Ган-Очир нь 2015 оны 5 сарын 20-ны өдрөөс одоог хүртэл уг хашаа байшиг эзэмшиж, амьдарсан ба хариуцагч нь энэ хугацаанд уг хашаа байшингийн гэрчилгээг хариуцагч Ж.Шархүү нь нэхэмжлэгч Т.Ган-Очирын нэр дээр шилжүүлж өгөөгүйгээс маргажээ.

Дээрхи 5.200.000 төгрөгийг Ж.Шархүү авсан ба уг хашаа байшингийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр өнөөг хүртэл шилжүүлж өгөөгүй, мөн энэ маргаанаас шүүхэд ирж буцсан гэх зардалд 200.000 төгрөг зарцуулсан болох нь  нэхэмжлэгч Т.Ган-Очирын шүүхэд өгсөн .... 2015 оны 05 дугаар сарын 20-нд Ж.Шархүү гуайтай наймаа хийж хашаа байшинтай нь бэлнээр 5.000.000 төгрөг нэмж хонь, ямаа хоёр өгөөд 5.200.000 төгрөгөөр худалдаж авсан юм.

Гэтэл хашаа байшингийнхаа гэрчилгээг өгөхгүй худлаа үнэн яриад жил гаран боллоо.  Иймд банкнаас малчны зээл аваад хүүтэйгээ нийт 6.200.000 төгрөг болсон, наад цаашаа явсан зардалд 200.000 төгрөг, мөн хаалга сольсон болон шилэн хөвөнгийн мөнгө зэргийг оруулан нийт 6.700.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх тайлбар, хариуцагч Ж.Шархүүгийн шүүх хуралдаанд өгсөн.... Т.Ган-Очирын хувьд надаас анх 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр надад бэлэн мөнгөөр 5 сая төгрөг, 1 хонь, 1 ямаа оролцуулаад нийтдээ 5.200.000 төгрөгөөр уг байшинг худалдаж авсан. Би байшингийнхаа гэрчилгээг банкинд барьцаалсан байгаа нь үнэн бөгөөд банкнд тавьсан гэрчилгээгээ л аваад өгчихвөл уг нь болчих юм. Нэхэмжлэгчид мөнгөө буцааж өгвөл 5.200.000 төгрөгийг өгнө үлдсэн мөнгийг өгч чадахгүй гэх зохигчдийн тайлбар, шатахууны тасалбар зэргээр нотлогдож байна.

           Зохигчид дээрх 5.200.000 төгрөгөөр өгч авалцсан дээр маргаагүй бөгөөд энэ маргаанаас болж нэхэмжлэгчээс гарсан гэх 200.000 төгрөгийн зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хариуцагчаас гаргах нь зүйтэй байх тул Ж.Шархүүгээс 5.400.000 төгрөг гаргуулж Т.Ган-Очирт олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч Т.Ган-Очир нь Ж.Шархүүд банкнаас мөнгө авч өгсөн банкны хүү болон байшинд амьдарч байх хугацаанд нэмэлт засвар хийхэд авсан гэх шилэн хөвөн, хаалга зэргийн мөнгийг нэмж нэхэмжилж байгаа хэдий боловч түүнийг нотлох баримт хэрэгт байхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “1.100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1.100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 125.600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 125.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Шархүүгээс 5.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ган-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ган-Очирын улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 125.600 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч   Ж.Шархүүгээс 125.600 төгрөгийг   гаргуулан   нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ