Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 454

 

  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг 196 тоотод оршин суух, Хариад овогт Бизъяагийн Туяацэцэг /МЮ72121201/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээрийн 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 270 тоотод  оршин суух хаягтай, хувиараа ажил эрхэлдэг гэх, Боржигон  овгийн Совдын Лувсанцэрэн /МЬ 69053015/-д холбогдох “Эцэг тогтоолгож,  хүүхдийн  тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Туяацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.  

                                                                 Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч: Б.Туяацэцэг шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

      ... Миний бие 2008 оны 02 дугаар сараас 2010 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл С.Лувсанцэрэнтэй  гэр бүлийн харьцаатай байсан.

             Бидний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 6-нд хүү Т.Мөнх-Од төрсөн. Энэ холбоотой байх хугацаанд С.Лувсанцэрэн нь ... “амьдарья сууя гэхэд нь би манай ах, танай эгчтэй суусан гэр бүл учраас  ах, эгч  хоёроос айж байна” гэсэн хариулт тавихад  С.Лувсанцэрэн нь ... “ямар хамаатай юм” гэдэг байсан.

             Тэгээд 2 гэрээр орж гарч явж байгаад хамгийн сүүлд 2010 оны 07 дугаар сарын 15-нд Замын-Үүдээс ирээд надтай уулзаж манайд хоноод маргааш нь  харьсан.

           Энэ өдөр би хүүхэдтэй болсон байсан. 8  дугаар сард Лувсанцэрэнг Замын-Үүдэд байхад хүүхэдтэй болсноо хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй. 9 дүгээр сард Сэлэнгэд ирэхэд нь залгаад уулзъя гээд очтол надаас зугтааж алга болоод уулзаагүй. С.Лувсанцэрэн нь хүүхэдтэй болсон гэдгийг сонссоноос хойш одоог хүртэл надтай уулзаагүй С.Лувсанцэрэн надтай уулзаагүй. Иймд Т.Мөнх-Одын төрсөн эцэг С.Лувсанцэрэн мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.

             Хариуцагч: С.Лувсанцэрэн 2016 оны 05 дугаар сарын 10-нд  шүүхэд гаргасан тайлбартаа:  

       ... Б.Туяацэцэг нь С.Лувсанцэрэн надад холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Туяацэцэгтэй ямар ч гэр бүлийн байдалтай байгаагүй... гэжээ.

              Нэхэмжлэгч: Б.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           ... Би С.Лувсанцэрэнтэй 2008 оны 02 дугаар сараас хойш гэр бүлийн харьцаатай байсан. Тухайн үед энэ хүн амьдрах боложтой гэж надтай ярьдаг байсан. С.Лувсанцэрэн 2007 оноос хойш Эрээн хотод хүн болон ачаа бараа тээвэрлэдэг ажил эрхэлж байгаа. Тухайн үедээ наашаа ирэх болгонд нь холбоотой байдаг байсан. Энэ хүний эхнэр болон манай нөхөр нас барсан гэдэг утгаар танилцаж дотносож байсан. 2010 оны 07 дугаар сард хамгийн сүүлд уулзахдаа би С.Лувсанцэрэнээс жирэмсэн болсон. Жирэмсэн болсон талаараа хэлэхэд анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. 2010 оны 09 дүгээр сард ирэхэд нь би уулзаад энэ чиний хүүхэд одоо 2 сартай болж байна гэхэд надаас зугатаасан. Утсаар ярихад би эгчийндээ байна энд хүрээд ир гэж хэлсэн. Намайг яваад очиход тэнд байхгүй байсан. Одоо хүүхэд маань 5 нас хүрч байна.

  Удахгүй сургуульд орох болсон тул эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Жирэмсэн болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл уулзалгүй зугатааж утсаар ярих гэхээр утсаа авахгүй таслаад байдаг.

  Шүүхийн шинжилгээний үндэсний төвд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу 21 хоногийн дотор гарах ёстой байтал 07 дугаар сарын эхээр ирсэн. Би ахлах шинжээч Мөнхбат гэдэг хүнд хандахад “за ойлголоо” гэж хэлээд шинжилгээний хариу явуулсан боловч Сайхан сум руу явуулсан байсан тул тэндээс наашаа ирсэн. Шинжилгээний хариу С.Лувсанцэрэнг миний хүүхдийн аав биш гэж гарсан байсан. Нэгэнт тэр хүн миний хүүхдийн аав мөн гэдгийг би өөрөө мэдэж байгаа тул дахиж хүсэлт гаргаад шинжилгээ өгсөн. Дахин шинжилгээг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Харин шүүхийн шинжилгээ гарч хүүгийн эцэг байх боломжгүй гэсэн байна. Дүгнэлттэй танилцсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.                    

                        Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж      

                                                               Үндэслэх нь:

             Нэхэмжлэгч Б.Туяацэцэг нь С.Лувсанцэрэнд холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ..  

             Хариуцагч С.Лувсанцэрэн шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 10-нд “... надад холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй...  эцэг нь мөн эсэх нь эргэлзээтэй байна.

              Иймд шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон, шинжилгээ хийснээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4266 дугаартай Шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

             Уг дүгнэлтэнд “...Хүний геномын микросателлитын D3S1358, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D16S539,TPOX,FGA гэсэн локусын аллелиар С.Лувсанцэрэн нь Т.Мөнх-Одын биологийн эцэг байх боломжгүй байна”.

Нэхэмжлэгч Б.Туяацэцэг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах” тухай хүсэлт гаргаж дахин шинжилгээ хийлгэснээр 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6486 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Дээрх дүгнэлтэнд “...Хүний геномын микросателлитын D3S1358, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D16S539,CSF1PO,D8S1179,TPOX,FGA гэсэн 11 локусын аллелиар С.Лувсанцэрэн нь Т.Мөнх-Одын биологийн эцэг байх боломжгүй байна” гэсэн  байх ба нэхэмжлэгч, хариуцагч талууд шинжээчийн дүгнэлтийг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн байх тул Б.Туяацэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

            Нэхэмжлэгчийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 958 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

   Хариуцагч С.Лувсанцэрэн нь “шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

       

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар заасныг  удирдлага  болгон   ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Б.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй С.Лувсанцэрэнд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Туяацэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119 .4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ