Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00097

 

 

 

 

 

 

 

 

            2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00097

 

Улаанбаатар хот

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: М нэхэмжлэлтэй

Хариуцагч: С,

Хариуцагч: А нарт холбогдох

            1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.                                          

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М 1.900.000 төгрөгийг хариуцагч А, С нараас гаргуулах шаардлага гаргасан.

С нь хүүхдийг чинь харъяалал харгалзахгүй сургуульд найдвартай оруулж өгнө санаа зоволтгүй гээд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 11 дүгээр хорооллын ХААН банкиар 2.100.000 төгрөгийг түүний 5024505339 дансаар шилжүүлсэн. Анхнаасаа их итгэл үнэмшилтэй аль сургуульд оруулах вэ? гээд өдөр шөнөгүй залгаж  байсан тул түүнд итгэсэн. Миний найз А гэдэг багш байгаа тэр хүн бид 2 олон жил хамтран бага ангийн хүүхдүүдийг энэ тэнд сургуульд оруулж өгч байгаа санаа зоволтгүй гэхээр нь мөнгөө шилжүүлсэн.

Ингээд манай хүүхдийг 23 дугаар сургуульд оруулахаар болоод С 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 23 дугаар сургууль дээр хүүхдээ аваад ир хүүхдээ ямар ангид оруулахаа хэлээрэй Орос хэл, Солонгос хэл, Хятад хэл, математикийн гүнзгий гэх олон анги бий аль ангид оруулахаа хэлээрэй дуртай ангид нь оруулж өгнө гэж хэлсэн.

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 99750456 гэх дугаар руу залгаж ярихад би тэр сургуультай ярьсан байгаа танай хүүхдийг математикийн гүнзгийрүүлсэн ангид оруулахаар болсон санаа зоволтгүй 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдээ дагуулаад ир гэсэн.

Дараа нь хүүхдээ дагуулаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болоход түүний 99750456 гэх дугаарлуу залгахад хүүхэд оруулахад их асуудалтай болсон байна хэд хоног хүлээж бай багш нь бүртгээд авсан намайг залгахад яваад очоорой гэсэн. Ингээд хүлээсээр 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл явсан. Сүүлдээ С-ын талаар хүмүүсээс асуухад нийлж залилан хийдэг гэж мэдсэн.

Бид мөнгөө залилуулсанаа мэдээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Байцаалтын явцад С нь найз А-тэй нийлж мөнгийг хууран авснаа хүлээн зөвшөөрсөн. С мөнгө гэхээр би А-ээс аваад өгнө удахгүй бүтлээ гэх зэргээр худлаа ярьдаг болсон.

Үүнээс хойш мөнгөө нэхэж байж С-аас 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. А нь Баянгол дүүргийн 51 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг байсныг мэдсэн. А-тэй уулзахад С бид 2-ын дунд 500.000 төгрөгийн асуудал би түүнийгээ дуусгасан дахиж мөнгөний асуудал байхгүй. Танай хүүхдийг сургуульд оруулах гэж их оролдсон боловч бүтээгүй гэж үнэнгээ хэлсэн. С нь 1.900.000 төгрөгийг өөрөө төлнө А-т хамаагүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ч С-ын нэр дээр ямар ч эд хөрөнгө болон мөнгө төлөх боломжгүй.

Харин А нь багшийн ажил хийдэг төлбөрийн чадвартай тул 1.900.000 төгрөгийг Аээс гаргуулж авмаар байна гэсэн.

Хариуцагч А 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Намайг хичээлээ заагаад байж байхад Мын нөхөр гэх залуу согтуу “чи миний хүүхдийг сургуульд оруулж өгөөгүй удсан. Чамаас энэ мөнгийг авна” гэж хэл амаар доромжилон 4 удаа ирсэн. Дараа нь М гэх эмэгтэй нөхөртэйгөө манай сургуулийн захирал дээр ирчихсэн уулзаж байсан. Намайг захирал дуудаад уулзуулсан. Ингээд уулзаж ярилцсаны эцэст Сд хүүхдээ сургуульд оруулаад өг гэж мөнгө өгсөн байсныг мэдсэн. Маргааш нь Сын бичиж өгсөн “баталгаа” гаргах нь гэсэн бичгийг сургууль дээр жижүүрт үлдээгээд явсан байсан.

            Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 1.900.000 төгрөгийг мэдэхгүй.

Хариуцагч С 1.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч маргаагүй.

Мын нэхэмжлэлтэй 1.900.000 төгрөг гаргуулах шаардлагыг би бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Хариуцагч Ат энэ 1.900.000 төгрөг ямар ч хамааралгүй тул би өөрөө бүрэн төлж барагдуулна гэсэн.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Мын 1.900.000 төгрөгийг Саас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ат холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.

Учир нь: Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч М нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүүхдээ Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай хандивын ангид элсэн суралцуулахаар Стай тохирч бэлнээр 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХААН банкны 5024505339 тоот дансаар 2.100.000 төгрөгийг шилжүүлж нийт 2.400.000 төгрөгийг хариуцагч С хүлээн авсан байна.

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших,… эрхтэй, 6.2-т зааснаар Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохоор тогтоосон байна.

Иймд хариуцагч С нь Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай хандивын ангид нэхэмжлэгч Мын хүүхдийг элсэн суралцуулна гэж хууль бус аргаар 2.400.000 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч С хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 500.000 төгрөгийг нэхэмжлэгч М буцаан авсан байна. 

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч С 1.900.000 төгрөгийг Мд буцаан өгөөгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгөхөөр тохиролцож төлбөр барагдуулах нэртэй хэлцэл байгуулсан байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Бусдын өмнө хүлээсэн үүргэээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснааар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон… бол буцаан шаардах эрхтэй байдаг байна.

Нэхэмжлэгч М нь үлдэх 1.900.000 төгрөгийг хариуцагч Саас шаардсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч С нь 1900.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

Нэхэмжлэгч М нь хариуцагч С, хариуцагч Аийн хамт мөнгийг авч ашигласан төлбөрийн чадвартай хариуцагч Аээр хохирлоо нөхөн төлүүлнэ гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч Мын мөнгөн шилжүүлгийг хариуцагч С хүлээн авсан байдаг бөгөөд буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч М нь хариуцагч Аийг хууль бусаар орлого олсныг баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч Мын “хариуцагч А мөнгө авсан тухай баримт эрүүгийн хэрэгт нь байгаа” гэсэн тайлбар нь нотлох баримт болохгүй.

Мөн нэхэмжлэгч М нь хариуцагч А хариуцагч Сын өмнөөс тайлбар гаргаж хуурамч баримт үйлдсэн нь түүнийг мөнгө авсныг харуулж байгаа гэсэн тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А мөнгө хүлээж авсан, захиран зарцуулсан, хуурамч баримт үйлдсэн байдал нь тус тус тогтоогдоогүй.

           Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр М төлөөлүүлэх эрхээ Б-д олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэргийн оролцогч хаягаа өөрчилсөн бол энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй бол сүүлчийн хаягаар хүргүүлж түүнийг хүргэсэнд тооцно гэсэн байна. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар “хэргийн оролцогч нар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч М нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Сын оршин суугаа газрын хаягийг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 53-33 тоот хаяг болохыг тодорхойлсон бөгөөд тэрээр шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж авахдаа Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 2-36 тоот хаягийг нэмж тэмдэглэсэн байна.

Шүүх хариуцагч Сд хуралдааны зарыг дээрхи хаягуудаар хүргэхэд ”уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй”, “уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх хорооны Засаг даргын тодорхойлолтуудыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч С хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй тул сүүлчийн хаягаар шүүх хуралдааны зарыг хүргэсэн гэж үзнэ. Тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

Мөн хариуцагч А өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтээ шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бичгээр ирүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Саас 1.900.000 төгрөгийг гаргуулж Мд олгож, Ат холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Саас 45.350 төгрөгийг гаргуулж Мд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

            

               ДАРГАЛАГЧ            Б.САЙХАНЦЭЦЭГ