Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00412/И |
Дугаар | 489 |
Огноо | 2016-09-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 489
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Б.Билэг-Эрдэнэд холбогдох “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэчимэг миний бие нь өрх гэр толгойлсон гэр оронгүй байсан учраас харъяа дүүргийн баг хороо хэсгээр дамжуулан “Дэлхийн зөн олон улсын байгууллага”-д өргөдөл гаргасны улмаас 2005 онд Дэлхийн зөн олон улсын байгууллага нь “Зоос банкинд” хураагдсан байсан байшинг авч манайд бэлэглэлийн чанараар өгч байсан. Тухайн үед уг байшингийн эзэн Батаагийн Билэг-Эрдэнэ нь үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр шилжүүлж өгөлгүй 11 жил болж байна. 2005-2016 он хүртэл үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлж авах гэж олон удаа очиж уулзсан боловч эхнэр, нөхөр хоёр бичиг баримт байхгүй, ажилтай, завгүй гэсэн олон шалтгаан хэлж буцаадаг байсны улмаас өдийг хүртэл нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Одоо Б.Билэг-Эрдэнэ нь үл хөдлөх хөрөнгө нь өөрийнх нь нэр дээр байгаа учир үл хөдлөх хөрөнгөө буцааж авна гэсэн байна. Эцэст нь энэ асуудлыг шүүхээр шийдүүлмээр байгаа учир иргэн Б.Эрдэнэчимэг намайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэгт байршилтай 52.5 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Билэг-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Батаа овогтой Билэг-Эрдэнэ миний бие нь Б.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн 3 дугаар баг 2 дугаар хэсгийн 053 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.Эрдэнэчимэгийн нэр дээр болгохыг зөвшөөрч байна. Энэ тал дээр ямар нэгэн мараагүй байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Б.Билэг-Эрдэнэд холбогдох “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35.100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 35.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Б.Билэг-Эрдэнэд холбогдох “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 35.100 төгрөгийг, үлдэх 35.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ