Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 472

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг, 3 дугаар хэсгийн 001 тоотод оршин суух, Боржигон овогт Түмтийн Батцэрэн /РД:УУ67110511/-гийн нэхэмжлэлтэй,

 “Г.Энхбаатарыг эрэн сурвалжлуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Батцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие 2016 оны 03 дугаар сарын 22-нд Г.Энхбаатарт 1.000.000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлийн гэрээний дагуу Г.Энхбаатар нь үүргээ биелүүлээгүй нэг ч ирж уулзаагүй учир Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд Г.Энхбаатарын утсаар нь, болон гэрт нь, аавынд нь хэд хэдэн удаа очсон боловч ах дүү, аав, ээж нь бид тэр хүнийг мэдэхгүй хаа байгаа, хаана амьдардагийг нь ч мэдэхгүй гээд байгаа тул шүүхээр Г.Энхбаатарыг эрэн сурвалжлуулан хаягыг нь тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна.

Г.Энхбаатарын утас нь 96083888. Аав, ээж нь “Хатан Ерөө” барилгын дэлгүүрийн доор халуун усны газар ажиллуулдаг. Г.Энхбаатар нь олон хүнээс залилан мэхэлж мөнгө төгрөг авч явсан олон ч хүн түүнийг сурч, уулзах гээд чадахгүй байна. Ах дүү нь нуудаг.  

Би Г.Энхбаатарын утас руу залгаад мөнгөө авъя гэж хэлдэг боловч Г.Энхбаатар нь удахгүй өгнө гэдэг байсан. Саяхан 4 хоногийн өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрт нь очиход гэрийнх нь үүдэн дээр Г.Энхбаатартай тааралдсан боловч мөнгийг маань өгнө гээд өгөхгүй худлаа яриад байна. Иймд Г.Энхбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Батцэрэн нь Г.Энхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндсэлэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл Г.Энхбаатар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 139 тоотод оршин суудаг болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 4 хоногийн өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрийнх нь үүдэн дээр Г.Энхбаатартай тааралдсан ... гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд Г.Энхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Батцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 133.1.9 дахь хэсэгт зааснаар Т.Батцэрэнгийн “Г.Энхбаатарыг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ