Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Батцэрэн |
Хэргийн индекс | 150/2021/0029/Э |
Дугаар | 322 |
Огноо | 2021-12-15 |
Зүйл хэсэг | 10.1-1, |
Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 322
Б.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Н.Болормаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш, түүний өмгөөлөгч П.Буманзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай магадлалтай, Б.Ад холбогдох 2133000000020 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Т.Мөнхтуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дөчин дөрөвийнхөн овогт Б.А нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Аыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 09 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аоос 4.068.574 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шд олгуулах,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгаж, дүрс бичлэгийн хоёр ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардалд төлөгдсөн 4.068.574 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шд олгож, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардалд төлөгдсөн 4.068.574 төгрөгийг шүүгдэгч Аоос гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд оруулсугай.” гэж өөрчилж, уг тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А гаргасан гомдолдоо: “...Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие өөрийн гэртээ байж байхад хүргэн ах А нь гаднаас П.Аын хамтаар орж ирж, агсам согтуу тавьж, талийгаач бид хоёр хэрүүл маргаан үүсгэж, хоорондоо барьцалдсан байдалтай байхад, ганцхан салгасан хүн нь П.А юм. П.Аыг бидний хажууд салгахаар ирсний дараа л талийгаачийн хөдөлгөөн удааширч гэнэт унасан байдаг. Би хохирогч Аод ямар нэгэн байдлаар хутга хэрэглэсэн асуудал огт байхгүй. Агсраад байхад нь хүүхдээ тэвэрч байгаад тавиад шууд зууралдсан. Харин хэргээ уншаад шүүх хуралд оролцож байх үедээ П.А нь нударгатай дээлийнхээ ханцуйд хутгатай байж байгаад хохирогчийг гэмтээсэн байна гэдгийг ойлгосон. Мөн тухайн үед би ямар нэгэн байдлаар цочрон давчдаагүй байхад урьд нь ажиллаж байсан өмгөөлөгч Д.Даваахүү нь цочрон давчидсан гэж хэрэг хүлээлгэж, хэргийг шалгаж байх явцад миний бусдаас авах авлагыг шууд өөрийн данс руугаа хийлгэж авсан. Энэ мөнгөнөөс хохирогчид шууд төлбөр төлж, чиний үйлдэл бол цочрон давчдалт гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс өгч, хийгээгүй хэрэгт гүтгэгдсэн, олон жилийн ял авч бусдын үйлдлийг над руу хандуулж ял оноосонд маш их гомдолтой байна.
Миний зүгээс удаа дараалан хутга бариагүй, хутгыг барьсан байсан П.А нь миний эсрэг өөртөө ач холбогдолтой мэдүүлэг өгч байгааг хууьчид дэнслэх ёстой гэж үзэж байна. Намайг мөрдөн байцаалтын шатанд ар гэрийнхэнтэй минь огт уулзуулаагүй, гэмт хэрэгт холбогдсон талаар ар гэрийнхэнд мэдэгдэж танилцуулаагүй, зөвхөн маргалдсан хүмүүсийг нэг нэгнээ алсан мэтээр мөрдөх ажиллагаа явуулсан гэж үзэж байна. П.А нь манайд ирэхээсээ өмнө талийгаач Атой маргалдаж, муудалцсан учраас талийгаач манайд уурлаж, бидний нэр хүндийг гутаан доромжилж байсан асуудал нь маш их эргэлзээ бий болгоод байгаа. Учир нь П.А өөрийн малаа хэн дээр байлгаж байгаагаа мэдэх, малыг нь хэрхэн, яаж дутаасан эсэх талаар тэдний хоорондын маргаан энэ гэмт хэргийн шалтаг шалтгаантай холбоотой гэж би үздэг. Миний хувьд талийгаачийг алах шалтаг, шалтгаан байхгүй. Харин хүүхдээ хамгаалаад агсам, согтуу тавьж байгааг болиулах шаардлага л тавьсан. Хэрэг болсны дараа цагдаа болон түргэний эмч нар ирж талийгаач нас барсныг хэлээд явсан. Маргааш нь цагдаа болон прокурор ирж “Талийгаач хутгалуулсны улмаас нас барсан байна. Энэ хэрэг гадны нөлөөтэй, чи хутгалсан байна. Хэргээ хүлээ” хэмээн намайг зодсон. Энэ үед л би талийгаач хутгалуулж нас барсан юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Энхболд хэргээ хүлээ гэж намайг зодсон. Одоо хавирга бүрэн эдгэрээгүй, чихний сонсгол муудсан байдалтай байна. Цагдаа, прокурорын байгууллага гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэнийг үнэн зөвөөр шалгахгүй, П.Аыг хаацайлж байгаад маш их гомдолтой байна. П.Аын мэдүүлгүүд удаа дараа өөрчлөгдөөд байгааг огт ойлгохгүй байна...
Миний холбогдсон хэргийг анхнаас нь нэг талыг барьж, гэрчийн худал мэдүүлэгт үндэслэн ялласан учир хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Т.Мөнхтуяа нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 1.2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Ялтан А өөрийн гэртээ хохирогч Атой хэрүүл маргаан үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэснээр зөрчлийн шинжийг агуулсан байдаг. Харин энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шууд шалтгаант холбоотой нөхцөл байдлыг шалган тогтоож чадаагүй, мөн гэмт хэргийг хэн, хэрхэн, яаж үйлдсэн талаар хоёр шатны шүүх үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг байхад шалтгаант холбоог огт тогтоогоогүй атлаа хоёр шатны шүүх нь хэрүүл маргаан хийсэн хүнийг хүн алсан этгээд болгож Аыг үндэслэлгүйгээр хийгээгүй үйлдэлд буруутгаж, ял шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Хоёр шатны шүүх нь дүгнэхдээ: 2021.04.01-ний өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хадам ах Атой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ноцолдож байхдаа түүний суга тус газар хутгалж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн нотолгоогүй гэж үзэж байна. ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд болох гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй гэж үзэж байна. Үүнд:
1.П.Аын гэрчээр өгсөн мэдүүлэгт... ”Цагдаагийн байрны урдхан талд байсан дэлгүүрээс 2 шил архи, 2 том пиво аваад сумын төвөөс урагш гараад хогийн цэгийн тэнд очиж 1 шил архи уугаад Батсайханы гэрт очиж 1 шил архи, 2 пиво хувааж уусан... Тэр үед гэрийн зүүн талд зуухны урд хүргэн А нь жаахан хүүхэд тэвэрчихсэн сууж байсан. Талийгаач миний араас орж ирээд ...хүргэн рүүгээ хандан агсамнах маяг гаргасан...тэгээд л хүргэн А нь барьж байсан хүүхдээ орон дээрээ тавиад ноцолдоод эхэлсэн.” гэж мэдүүлдэг /хх-172/
2.П.А, талийгаач А нарыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.04.15-ний өдрийн 1923 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Батжаргалын А нь 3,5 хувийн промилль буюу хүнд зэргийн согтолттой, П.А нь 1,4 хувийн промилль буюу хөнгөн зэргийн согтолттой, А нь согтолтгүй” гэснээс харахад П.А, талийгаач А нар нь шөнийн цагаар нялх нойтон хүүхэдтэй өрх болох Аын гэр рүү нь очих болсон шалтгаан нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй гэж үзэж байна. /1хх-64/
Мөн талийгаач А нь ялтан Аын гэрт орж ирэхдээ уурлан хилэгнэж, улмаар ямар ч шалтаг шалтгаангүйгээр үр хүүхдүүдийг нь айлгаж, зодох, мөн Бг өшиглөж, тэдний гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Б, ялтан А нарт хандаж хэлэхдээ “Хоёр муу пизда минь гадуур их юм сонсогдоод байгаа шүү...” гэсэн байдаг. Энэ талаар нь мөрдөн шалгах ажиллагаа дугуу хийгдсэн нөхцөл байдал харагдаж байна.
Энэ талаар гэрч Б “Орой 21 цаг өнгөрч байхад нөхөр 2 жаахан хүүхдийнхээ хамт хонь төхөөрөөд байж байсан... П.А ах орж ирээд гэрийн баруун талын орны урд суусан. Харин араас нь миний төрсөн ах А орж ирсэн. Тэгээд шууд ширээний хойморт голлож суусан. Харин манай нөхөр гэдэс чанаад зуухны урд бага хүүхдээ тэврээд сууж байсан... Ах А нөхөр бид хоёрт хандан “Хоёр муу гуйлгачин минь өдөр мал гаргахгүй, орой гаргаж байдаг нь ямар учиртай юм бэ” гээд уурласан. Тэгсэн чинь... “Хоёр муу пизда минь гадуур их юм сонсогдоод байгаа шүү...” гэж мэдүүлсэн. Мөн П.А, талийгаач нарын хооронд малын өгөө аваа байсан эсэх талаар шалган тогтоогоогүй. П.А нь малаа авах гэж очсон талаараа удаа дараа мэдүүлдэг. Малынхаа тооцоог хийсэн эсэх, энэ талаар хохирогчтой хэрхэн ярилцсан эсэх нь тодорхой бус байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх ёстой. Учир нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх магадлалтай.
3.ЭХХШТХ-ийн 27.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гадны нөлөөгөөр эсвэл сэжигтэй байдлаар нас барсан бол түүний шалтгааныг тогтоох талаар шинжээчийн дараах дүгнэлтүүдэд тусгагдаагүй гэж үзэж байна.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.04.15-ны өдрийн 1169 дугаартай дүгнэлтэд:
- шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутганы ажлын хэсэгт хар өнгийн хөвөн ширхэгт материалын сэмэрдэс байна.
- шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутганд сэмэрдэс илэрсэнгүй.
- хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн иштэй хутга дээр цус илрээгүй,
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх бор модон иштэй хутга дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй учир хүний амьтны аль болох бүлэг тогтоох боломжгүй.
- Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутгаар хагас ханцуйтай, хар өнгийн цамцны зүсэгдэлт үүссэн байж болно.
Жич: Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутга, хар өнгийн бариултай хутганы ажлын хэсгийн дундаж өргөн ойролцоо, хутгануудыг шинжилгээнд ирүүлэхдээ буруу битүүмжилж, нэг хайрцганд ирүүлсэн байгаа нь даавуу материалын сэмэрдэс нь нөгөөдөө наалдсан байж болзошгүй /хх-93/ гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
Хутганууд дээрээс хурууны хээ илрүүлэх шинжилгээг огт хийгээгүй, тухайлбал хэрэг учрал болох үед байсан П.А, Б, А нарын хурууны хээг авч харьцуулсан шинжилгээ огт хийлгүй орхигдуулсан. Мөн сэмэрдэс мэт зүйл нь хэний өмсөж явсан хувцасных болохыг огт тогтоогоогүй орхигдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээнд орвол зохих этгээдүүдийг бүрэн хамруулаагүй, П.Аын өмсөж явсан хувцсыг огт шинжилгээнд хамруулаагүйгээс хэргийн нөхцөл байдал, шалгагдвал зохих зүйлүүд бүрэн гүйцэд тогтоогдоогүй гэж үзэж байна.
2021.08.06-ны өдрийн шүүх хуралдаанд П.А нь гэрчээр орж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “хэрэг гарах үед саарал хөвөнтэй, нударгатай дээлтэй явсан” гэж мэдүүлсэн байдаг.
4.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний албаны 2021.05.03-ны өдрийн 23 дугаарын шинжээчийн дүгнэлтэд:
- талийгаач Аын биед учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хэргийн газраас хураан авсан хар болон бор иштэй хутганы аль алинаар нь үүсгэгдсэн байх боломжтой. /хх-118/ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Энэ нь хоёр хутгаар, хоёр хүн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн санааг илэрхийлсэн гэж үзэж байх тул П.Аыг холбогдуулан шалгах үндэслэлтэй хэмээн үзэж байна. Мөн Б “Хэрэг болох үед шар иштэй хутгаар нь зуухны баруун талд хонины гэдэс арилгаад сууж байсан. Харин хар иштэй хутга хаана байсныг мэдэхгүй байна. Хонь гаргаж байсан болохоор хутга, заазуурнууд ил гарчихсан байсан” гэж мэдүүлэхдээ нөхөр Аыг гартаа зэвсэг, хутга барьсан талаар огт дурдаагүй байдаг. /хх-183/
5.Шүүгдэгч Аын 2021.04.03-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “Тэгсэн чинь талийгаач “яасан их завгүй гуйлгачин бэ” гэхээр нь “би таныг цагдаа дуудаад өгнө шүү, дандаа та ингэж байх юм” гэхэд “дуудаж чаддаг юм бол лалрын цагдаа нараа дууд” гээд босч ирээд... миний 3 настай охины хөл рүү өшиглөсөн... “чамайг алаад хаячихъя, яасан завгүй гуйлгачин бэ” гээд баруун хөлөөрөө над руу өшиглөсөн... Тэгээд би чанаж байсан махаа царан дээр гаргаад ширээн дээр тавиад мах идэх хутгаа хайтал хар иштэй хутга гэрийн зүүн урд талд байдаг аяганы цагаан шүүгээний урд талд газар байж байхаар нь аваад цаасаар цэвэрлээд махаа огтолж идсэн. Харин зуухны хажууд цартай цэвэрлэж байсан малын гэдсэн дээр байсан шар өнгийн иштэй хутгыг П.А ах аваад мах огтолж идсэн” гэж тогтвортой байдлаар мэдүүлсэн. Эндээс харахад гэрч гэх П.Аын дээл болон дээлний нударганд хутга барьж талийгаачид гэмтэл учруулах боломж нь илүүтэй гэж үзэж байна. Учир нь П.А гэрийн баруун талд байсан ба талийгаач А болон шүүгдэгч А нарыг зууралдаж байх явцад ойртож очсон цорын ганц хүн юм.
6.Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад П.А нь “Би түрүүлээд орсон. Талийгаач миний араас орж ирсэн. Шүүгдэгч галынхаа өмнө хүүхдээ бариад сууж байсан. Эхнэр нь гэдэс арилгаад байж байсан. Нэг мэдэхэд хүүхдүүд нь уйлаад байхаар нь талийгаач, шүүгдэгч хоёр хоорондоо зууралдаад байсан. Тэгээд би дундуур нь салгахад салчихсан. Талийгаач гарах маягтай явсан чинь шүүгдэгч араас нь цохьсон чинь уначихсан. Босоо байдалтай байхад нь салгасан. Хөвөнтэй саарал дээлтэй байсан. Нударгатай байсан. Хутга бариагүй, гэдэс огт идээгүй” гэж мэдүүлдэг. Хохирогч, холбогдогч нар нь П.Аыг очихоос өмнө босоо байрлалтай байснаа, түүнийг очсоноос хойш хэвтээ байдалд орж байгаа нь түүнийг энэ хэрэгт холбоотой хэмээн үзэж сэжиглэх гол үндэслэл болж байна. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 18, 23 дугаар тал/
Мөн П.А нь энэ талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ огт дурдаагүй, зөрүүтэй байдаг. Эндээс харахад 2 хүний үйлдэл харагддаг ба П.Аын талаарх ажиллагааг бүрэн хийгээгүй, зөвхөн 10 хурууны хумснаас цус, биологийн гаралтай зүйл илэрсэн эсэх, биед гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргаснаар хязгаарлаж, цус бүлгийн харьяаллыг тогтоогоогүй, хувцас дээр нь ямар ч шилжилгээ хийхгүй орхигдуулсан нь учир дутагдалтай байна.
7.Хэргийг П.А үйлдсэн байх магадлалтай байхад түүнтэй холбогдуулж ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй бөгөөд П.Аын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь маш их эргэлзээг төрүүлж байна. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн П.А, Б нарын хэн нь ч Аыг хутга барьсан байхыг хараагүй хэмээн мэдүүлсэн. Мөн талийгаачтай зууралдаж байх явцад ганц салгасан гэх үйлдэл хийсэн этгээд нь П.А байх бөгөөд П.Аын мэдүүлгүүд нь тогтворгүй, өөр хоорондоо нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдалтай байгаа нь А хүний амийг хохироосон гэмт хэргийн шинжийг агуулаагүй байгааг харуулж байна.
Хүн амины хэргийн үндсэн шинж болох ямар зэвсгээр, хэрхэн, яаж гэмтлийг хохирогчийн биед учруулсан болохыг тогтоож чадаагүй, шинжээчийн “хоёр хутганы аль аль нь энэхүү гэмтлийг учруулж болно” гэсэн эргэлзээтэй дүгнэлтээр хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд нь зөвхөн Аыг хэрэгт холбогдуулан шалгахад чиглэгдсэн бөгөөд нотолвол зохих зүйлүүдийг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, хэрэг учрал болсон цаг хугацааг нарийн тодорхойлж тогтоогоогүй, зүүн суганы тус газар хэрхэн хутгалж /П.А болон шинжээчийн мэдүүлгээр зөрүүтэй байдал тогтоогддог/ амь насыг хохироосон болохыг тогтоогоогүй байна.
Шинжээч шүүх хуралдаанд оролцож шүүгдэгчийн өмгөөлөгчийн “өөрийн чинь хэлээд байгаагаар цогцсын гадна үзлэгт хийсэн дүгнэлт дээр тодорхой тусгагдсан байгаа гэж хэлж байна. Талийгаачийг араас нь тэвэрсэн байрлалтай хутгалсан гэж үзэж байна уу, эсвэл эгц урдаас нь хутгалсан гэж үзэж байна уу” гэсэн асуултад шинжээч “Хутганы чиглэл болон орсон түвшингээс үзэхэд холбогдогч талийгаачийг араас нь хутгалах үедээ урдаас нь хутгалсан гэж үзэж байгаа.” Араас нь хутгалах боломжгүй. Энэ нь П.Аын мэдүүлэгт талийгаач хаалга руу явж байхад нь А араас нь цохьсон гэх мэдүүлгээс зөрж байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 29 дүгээр тал/
8.Урьд нь хоорондоо таарамжгүй харьцаатай байсан талаар гэрчүүд болон хэсгийн төлөөлөгч Энхболд нарын мэдүүлэгт тодорхой гардаг бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан талаарх баримтыг авахуулах хүсэлтийг гаргаж байсан ч өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь өрөөсгөл болсон төдийгүй гэмт хэргийн нөхцөл байдалд хамааралтай гэж үзэж байна. Гэмт хэргийн объектив талд хүнийг алсан идэвхтэй үйлдэл байх боловч энэ үйлдлийн улмаас хүн нас барсан хохирол учирсан байх бөгөөд хүнийг алах гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй. Хэрэгт Бгийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл зэрэг нь ч их анхаарал татахуйц байдаг.
Хохирогч, холбогдогч нар хоорондоо барьцалдаж байсан гэдгээр нь Аыг хэрэгт холбогдуулан шалгаснаас хэрэг учрал болох үед хамт байсан гэрч нар болох П.А, Б нар нь хохирогчид маш их дургүй, урьдын таарамжгүй харьцаатай, хэн аль нь хутга барьж хохирогчид хэрэглэх боломжтой байхад хутга барих боломжгүй байсан хүнийг хутга хэрэглэж, бусдын амь насыг хохироосон гэж үзсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хэрүүл маргаан, хүний амь насыг хэн, хэрхэн хохироосон үйлдлүүдийг тус бүрээр нь ялган салгаж мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай байх тул ЭХХШТХ-ийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021.08.06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.19-ний өдрийн 51 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч А нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийг хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн гэрч болох П.А нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Т.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин сууж байсан өөрийн гэртээ хадам ах болох Атой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн суган тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох хуульд заасан үндэслэл, журмын дагуу нь хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэх замаар Аыг Батжаргалын Атой харилцан маргаж, зодолдох үедээ түүнийг хутгалж санаатай алсан үйл баримтыг сэргээн тогтоож, Аыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс Аод оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг гарахад амь хохирогч Батжаргалын Аын зохих буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Т.Мөнхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгыг судалж үзэхэд энэ хэргийг А үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, харин П.А үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон П.Аын 2021.04.02-нд 06 цаг 45 минутад анх удаа гэрчээр өгсөн: “... Талийгаач бид хоёр Аын гэрт ороход эхнэр хоёр хүүхэдтэйгээ сууж байсан. Тэгээд талийгаач “Чи яасан их хүүхэд зоддог хүн бэ” гээд хүргэн А руугаа агсарсан. Тэгсэн А талийгаачтай гэрийн зүүн талын орны урдхан талд хоорондоо барьцалдаад авсан. Тэгсэн чинь эхнэр нь ирээд нөхөр Аыг өмөөрөөд талийгаачийг өшиглөөд авсан. Харин би А, талийгаач хоёрыг салгахаар дундуур нь орсон. Тэгээд яг салж байхад нь А талийгаачийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл талийгаач гэрийн хаалганы наад руу ойчоод хөдлөхгүй хэвтээд байсан. Тэгсэн А очоод дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Харин би Аыг “Чи болиочээ наад хүн чинь үхлээ” гэж хэлсэн чинь А талийгаачийг босгох гээд цамцны зах болон тэлээний араас нь татаад өргөөд байсан. Харин талийгаач ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тэгэхлээр нь би чи хүн алчихаж байгаа юм биш үү гэж хэлтэл А гэнэт л би хүн алчихлаа гэж орилоод шууд гэрийнхээ утсаар 2-3 хүн рүү залгаад энэ үхчихлээ хөдлөхгүй байна, би хүн алчихлаа гээд утасдаад байсан.
...Тэр хоёр өмнө нь зодолдож маргалдаж байсан гэсэн. Талийгаач хэлэхдээ хүргэн Аыгоо “энэ муу давраад дүүг маань зодож нүдийг нь таглаад хаячихсан байна лээ” гээд амьхандаа дүүгээ өмөөрч хүргэнтэйгээ маргалдсан. Тэгсэн чинь дүү нь тэрнийг нь тоохгүй, нөхрөө өмөөрөөд байсан. Тэгсэн чинь талийгаач дүүгээ “гичий” гэх зэргээр хараалын үг хэлж “чи нөхрөө өмөөрлөө” гэсэн.
... Би талийгаачийг согтуу биеэ хамгаалах чадваргүй байсан гэж бодож байна. Тийм ч учраас би тэр хоёрыг барьцалдаж авахад Аод наадах чинь согтуу хүн боль гэтэл “энэ муу давраад байгаа юм” гэж хэлж байсан.
... Бие биелүүгээ дайрч байсан. Аль аль нь үг сонсохгүй, бие биелүүгээ дайраад байсан. Аын эхнэр нь ч гэсэн орилж хашгираад байсан. Хүүхдүүд ч гэсэн орилолдоод бөөн л юм болсон” /хх-172/ гэх мэдүүлэг,
Бгийн 2021.04.03-нд гэрчээр өгсөн: “2021 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цаг өнгөрч байхад ... гаднаас Пунцагийн А ах орж ирээд гэрийн баруун талын орны урд суусан. Харин араас нь нээх удалгүй миний төрсөн ах Батжаргалын А орж ирсэн. Тэгээд шууд гэрийн хойморт ширээний ард голлож суусан. Харин манай нөхөр гэдэс чанаад зуухны урд бага хүүхдээ тэврээд сууж байсан. Харин би зуухны баруун талд төхөөрсөн хониныхоо гэдсийг арилгаад сууж байтал талийгаач А ах нөхөр бид хоёрт хандан “Хоёр муу гуйлгачин минь өдөр мал гаргахгүй орой гаргаж байдаг нь ямар учиртай юм бэ? гээд уурласан. Харин бид хоёр өөдөөс нь юм хэлээгүй. Тэгсэн чинь “Хоёр муу пизда минь гадуур их юм сонсогдоод байгаа шүү” гэхээр нь би зодоон гарах нь гэж бодоод арилгаж байсан гэдсээ орхиод гэрийн зүүн талын орон дээр очиж суусан. Тэгээд би талийгаач ахаасаа “Та яагаад байгаа юм бэ” гэж асуусан чинь “Битгий хуц хоёр пиздаа минь” гэж хэлээд өмсөж байсан куртикээ тайлж газар шидсэнээ гэнэт над руу өшиглөсөн. Тэгсэн манай нөхөр А гэнэт уурлаад “Чи миний авгайг байнга дээрэлхдэг” гэж хэлтэл талийгаач манай нөхөр лүү дайрсан, харин манай нөхөр тэвэрч байсан бага охиноо ор луу шидээд тэр хоёр хоорондоо барьцалдаад үүд рүү яваад өгсөн. Тэр хооронд хүүхдүүд орилолдоод эхлэхээр нь би очиж хоёр хүүхдээ аргадсан. Харин тэр хооронд эргээд хартал манай нөхөр А талийгаач А ахыг газарт уначихсан байхад нь толгой руу нь өшиглөж байгаа харагдсан. Тэгтэл П.А ах очоод тэр хоёрыг салгасан. Харин талийгаач А ах газарт унасан чигтээ ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтээд байсан. Тэгээд би очоод хартал нүд нь хөдлөхгүй байгаад байсан. Тэгэхлээр нь би нөхөртөө одоо эмнэлэг рүү утасд гэж хэлсэн. Харин манай нөхөр А нээрэн болохоо байчихсан юм байна шиг байна гэж хэлээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Бас Салхитын бригад дээр байдаг Гамбаа, Гантөмөр ах нар луугаа залгаад “Би нэг л тоогүй юм хийчих шиг боллоо” гэж хэлж байсан. Тэгээд 1 цаг орчмын дараа Гамбаа ах эмч дагуулаад манай гэрт ирсэн. Харин эмч талийгаач ахыг үзээд амьсгал хураасан байна гэж хэлсэн.
... Талийгаач нилээн архи уучихсан согтуу байсан. Хэл ам нь ээдэрчихсэн байсан. Бие хаа нь бол зүгээр ямар нэгэн өвчин шарх харагдаагүй зүгээр байсан. Нилээн олон хоног архи уусан байдалтай юм шиг харагдаж байсан.
... Талийгаач намайг нэг цохиж авсан, тэгээд манай нөхөр Атой л муудалцаад барьцалдаж авсан. Харин П.А баруун талд сууж байгаад талийгаач болон манай нөхөр хоёрыг салгасан юм. Энэ хэрүүл маргаанд ямар ч хамаарал байхгүй.
... Талийгаач Батжаргалын А ахтай маргалдсан хүн нь манай нөхөр байгаа юм, харин яг хутгалсан гэдгийг нь би хараагүй. Гэхдээ гэрт талийгаачаас гадна П.А ах, манай нөхөр А бид гурав л байсан. Өөр хүн талийгаачтай маргалдаж муудалцсан асуудал байхгүй” /1хх-181/ гэх мэдүүлэг, амь хохирогч А нь цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Сэлэнгэ аймаг дахь ШША-ны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 23 дугаартай дүгнэлт /1хх-118/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шууд заасан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг хууль зөрчиж бэхжүүлсэн, эсхүл тэднийг хувийн сонирхлоор зориуд худал мэдүүлэг өгсөн, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх, шүүгдэгчээс өөр хүн амь хохирогчийг хутгалж алсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэрэг гарахад амь хохирогч Батжаргалын Аын зүгээс согтуугаар хүргэн А, өөрийн төрсөн дүү Б нарыг хэл амаар доромжилж, Бг өшиглөх зэргээр агсам тавьсан зохих буруутай үйлдэл нөлөөлсөн хэдий ч хэргийн энэхүү нөхцөл байдал нь Аыг бусдын эрхшээл дарамтад бодитой орж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан хэмээн дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Учир нь амь хохирогч Батжаргалын Аын цусанд хийсэн шинжилгээгээр 3.5 промилль спиртийн агууламж илэрсэн /хх-65/ бөгөөд тэрээр хүнд зэргийн согтолттой үедээ хүргэн Аын гэрт ирж агсам тавьсан, улмаар Батжаргалын А, А нарыг харилцан маргаж, зууралдах үед тэднийг Пунцагийн А салгасан үйл баримтаас харахад Аыг хадам ах Батжаргалын Аод хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон буюу тэсвэрлэшгүй хэцүү нөхцөл байдалд орсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдан Батжаргалын Аыг гарцаагүй хутгалж алахад хүрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Амь хохирогч болон шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн харилцааны түүхийг судалж үзэхэд тэдгээр нь хадам ах, хүргэн дүүгийн холбоотой, бие биеэ сайн таньж мэдэхээс гадна хэн аль нь гэр бүлээрээ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт айлсан мал маллаж, ах дүүгийн харилцан хамааралтай амьдарч байсан бөгөөд А нь өөрийн эхнэр Бг зодсон гэх үйлдэлд Батжаргалын А ахын хувьд дургүйцэн, дүүгээ өмөөрч Атой хувийн таарамжгүй харьцаатай болсон байна. Түүнчлэн А нь 2021 оны 03 дугаар сарын эхээр Батжаргалын Аыг ална хэмээн гэрт нь очиж заналхийлсэн, улмаар харилцан зодолдож Аын биед гэмтэл учирсны улмаас тэрээр цагдаагийн байгууллага болон эмнэлэгт хандаж байсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш /1хх-133/, гэрч З.Б /1хх-249/, Н.Э /1хх-206/, М.А /1хх-243/, Д.Б /1хх-228/, Аын биед эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-237/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул Аыг хувийн сэдэлтээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгийн дагуу Аыг гэмт хэрэгт холбогдуулан сэжигтэн, эсхүл яллагдагчаар татаж шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Аоос сэжигтнээр мэдүүлэг авахын оронд 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан /1хх-187/, улмаар түүний Батжаргалын Аыг хутгалсан талаар өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд /2хх-90/ тусгасан нь буруу байна.
Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг мөрдөгч заавал сануулахаас гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6-д заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчоос гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй.
Учир нь мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй.
Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ. Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадаж авахыг цаашид гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашиглаж болохгүйг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Т.Мөнхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ