Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00797

 

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00797

                                  Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1966 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 50 настай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 64 дүгээр гудамжны 886 тоотод оршин суух, Төгс овогт Наянтайн Цэцэгмаа РД:/НЛ66070467/-гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сугармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Н.Цэцэгмаа нь Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 20 өдрөөс эхлэн эх Бадрахын Рэнцэнхандын сууринд туслах хоньчиноор ажиллаж эхэлсэн ба 1984 оны 09 сараас эхлэн өөрийн нэр дээр нэгдлийн гишүүнд элсэн малчнаар үргэлжлүүлэн ажиллаж 1992 оны 12 сарын 30 өдрийг дуустал малчин байсан юм. Мөн би анх гэр бүл дотроо Цэцгээ гэдэг нэртэй байсан тул нэгдлийн гишүүний  хөдөлмөрийн дэвтэрийг минь Наянтайн Цэцгээгээр нээсэн тул хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчээр Н.Цэцэгмааг тогтоолгох хүсэлтэй байна. Миний анх  орсон тушаал болон нэгдэл өмч хувьчлалын шийдвэрээр хувьчлагдан ХК болоход малчнаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргахгүй байх тул шүүхийн журмаар миний ажилласан хугацааг тогтоож өгнө үү“ гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 2-4, 8, 12-13, 15-17, 28-31/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэцэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 20 өдрөөс 1992 оны 12 сарын 30 өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, 1985 оны 09 сарын 01 өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргаас 1966 оны 07 сарын 21 өдөр төрсөн Наянтайн Цэцгээд олгосон хөдөлмөрийн дэвтэр болон тус нэгдлийн даргаас 1991 оны 06 дугаар сарын 29 өдөр Наянтайн Цэцгээд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Наянтайн Цэцэгмаа мөн болохыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Н.Цэцэгмаагийн ажилд орсон болон ажлаас  халагдсан тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Н.Цэцэгмаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

1985 оны 09 дүгээр сарын 01 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1966 оны 07 сарын 21 өдөр төрсөн Наянтайн Цэцгээ гэж дурдсан нь мөн тус нэгдлийн даргаас 1991 оны 06 дугаар сарын 29 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Наянтайн Цэцгээ гэж дурдсан нэр болон төрсөн он нь иргэний үнэмлэхэд 1966 оны 07 сарын 04 өдөр төрсөн Наянтайн Цэцэгмаа гэж бичигдсэнтэй тохирохгүй байна. Гэвч 1966 оны 07 сарын 04 өдөр төрсөн Наянтайн Цэцэгмаа гэсэн нэртэй байсан болох нь 2016 оны 04 сарын 14 өдрийн 101/000857 дугаартай лавлагаа /хх 8/ болон гэрчийн мэдүүлгээр /хх 30/ нотлогдож байна. Иймд эрх олгосон дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь Н.Цэцэгмаа мөн болохыг тогтоох боломжтой байна гэж дүгнэв.

Н.Цэцэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 20 өдрөөс 1992 оны 12 сарын 30 өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан  болох нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргаас 1985 оны 09 дүгээр сарын 01 өдөр Наянтайн Цэцгээд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 2-3/, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргаас 1991 оны 06 дугаар сарын 29 өдөр Наянтайн Цэцгээд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4/, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргын 1987 оны 11 сарын 25 өдрийн 185 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 12/, гэрч Л.Мягмардоржийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд гэрчэээр өгсөн мэдүүлэг /хх 13, 15-17, 28/, гэрч Д.Оюуны тодорхойлолт, шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 29-31/ зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Н.Цэцэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 20 өдрөөс  1992 оны 12 сарын 30 өдөр хүртэл малчинаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төгс овогт Наянтайн Цэцэгмаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1981 оны 01 сарын 20 өдрөөс 1984 оны 09 сарын 01 өдөр хүртэл туслах хоньчиноор, 1984 оны 09 сарын 01 өдрөөс 1992 оны 12 сарын 30 өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргаас  1985 оны 09 дүгээр сарын 01 өдөр Наянтайн Цэцгээд олгосон хөдөлмөрийн дэвтэр болон Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдлийн даргаас 1991 оны 06 дугаар сарын 29 өдөр Наянтайн Цэцгээд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Наянтайн Цэцэгмаа болохыг тус тус тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан  сонсгомогц  хүчинтэй  болох  ба  шүүх хуралдаанд оролцсон  тал  энэ  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж  шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Э.АРИУНАА