Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/00706

 

   2016 оны 07 сарын 05 өдөр

   Дугаар 151/ШШ2016/00706

                               Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би  Ч.Болд-Эрдэнэ, З.Бямбадорж нарт холбогдох,

Төрийн банкны Төв аймаг дахь салбарын харъяа Архуст суман дахь “Булагтай” тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболдын нэхэмжлэлтэй

14 722 079 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулах тухай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболд, хариуцагч Ч.Болд-Эрдэнэ, З.Бямбадорж, нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболд нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлага болох 14 722 079 төгрөгөөс 1 075 278 төгрөгийг хасаж, үндсэн зээл 9 037 775 төгрөг, хүү 4 252 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 356 871 төгрөг, нийт 13 646 801 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Ч.Болд-Эрдэнэ нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Төрийн банкнаас нэхэмжилж буй уг зээлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Би саяхан шинээр ажилд орсон ба сард 400 000 төгрөгийг цалин авдаг. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй байгаа учраас 400 000 төгрөгийн цалингаасаа боломжоороо төлж барагдуулна” гэв.

 

Хариуцагч З.Бямбадорж нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний хувьд нэхэмжлэлийн шаардлага болох 13 646 801 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эсэргүүцэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хугацаанд нь зээлийг төлж дуусгана.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболд нь, хариуцагч Ч.Болд-Эрдэнэ, З.Бямбадорж нараас зээл, зээлийн хүү 14 722 079 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболд нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1 075 278 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 9 037 775 төгрөг, хүү 4 252 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 356 871 төгрөг, нийт 13 646 801 төгрөг шаардсаныг хариуцагч Ч.Болд-Эрдэнэ, З.Бямбадорж нар төлнө гэж хүлээн зөвшөөрч, банктай тохиролцож сар бүр хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулна гэж байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 13 646 801 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 226 184 төгрөгийг хариуцагч Ч.Болд-Эрдэнэ, З.Бямбадорж нараас гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Төрийн банкны нэхэмжилсэн 13 646 801 төгрөгийг хариуцагч Ч.Болд-Эрдэнэ, З.Бямбадорж нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 226 184 төгрөгийг хариуцагч Ч.Болд-Эрдэнэ, З.Бямбадорж нараас гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар  зохигч  давж заалдах,  хяналтын  журмаар  хэргийг  хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА