Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00441

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9-д байрлах, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, Хад мод баг, 2 дугаар байрны 1 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОБ82121711, Ямааныхан овогтой Намсрайн Батмөнхөд холбогдох,

         Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардалд нийт 505.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Цагдаагийн газар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж ажилчдаа хамруулан гар утас зээлээр худалдан авсан. Н.Батмөнх нь энэхүү гэрээнд хамрагдан “Galaxy win” маркийн гар утсыг 6 сарын хугацаанд сар болгон 100.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр нийт 600.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Н.Батмөнх нь гэрээний үүргээ үл биелүүлэн, 100.100 төгргийг төлснөөс хойш төлбөр төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Н.Батмөнхөөс төлбөрийн үлдэгдэл болох 499.900 төгрөг, нотариатын зардалд 6.000 төгрөг нийт 505.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж багйааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

        Хариуцагч Н.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие “Скайтел” ХХК-иас худалдан авсан утасны төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн мөнгө болох 505.900 төгрөгөөс 220.000 төгрөгийг нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулав. Үлдсэн 285.900 төгрөгийг 2016 оны 8 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар сард тус тус хувааж төлөх болно” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Намжилмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлага болох 505.900 төгрөгөөс 220.000 төгрөгийг бэлнээр өгөв. Үлдсэн 285.900 төгрөгийг 2016 оны 8, 9, 10 дугаар саруудад хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Н.Батмөнхөд холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардалд нийт 505.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Батмөнх нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 505.900 төгрөгөөс 220.000 төгрөгийг нь бэлнээр өгч, үлдсэн 285.900 төгрөгийг 2016 оны 8 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар саруудад хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.830 төгрөгөөс 7.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 7.915  төгрөгийг, хариуцагч Н.Батмөнхөөс 7.915 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлага болох 505.900 /таван зуун таван мянга есөн зуу/ төгрөгөөс 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 285.900 /хоёр зуун наян таван мянга есөн зуу/ төгрөгийг 2016 оны 8 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар саруудад хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 15.830 /арван таван мянга найман зуун гуч/ төгрөгөөс 7.915 /долоон мянга есөн зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 7.915 /долоон мянга есөн зуун арван тав/ төгрөгийг, хариуцагч Н.Батмөнхөөс 7.915 /долоон мянга есөн зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа үүргээ сайн дураар эс биелүүлвэл энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА