Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2016/01201/И |
Дугаар | 01070 |
Огноо | 2016-08-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 01070
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС гудамж 32 тоотод оршин суух, Йөншөөбү овгийн Загд-Очирын Цацралмаагийн /регистрийн дугаар:ФВ82120704/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 17 дугаар байрны 21 тоотод оршин суух, Батцагаан овгийн Чагнаадоржийн Жаргалтогтоход /регистрийн дугаар:АЭ75100366/ холбогдох “4,170,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Цацралмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Цацралмаа нь иргэн Ч.Жаргалтогтоход 2016-04-15-нд 1,700,000 төгрөгийг зээлсэн. Зээлэхдээ мөнгө банкинд байршуулах шаардлагатай байна. Байршуулчихаад буцаагаад өгье гэж байсан. Ингээд мөн 2016-05-13-ны өдөр 2,000,000 төгрөгийг өгсөн. Мөн дээрхи шалтгаанаар авсан. 2016-05-24-нд одоо яг шилжүүлээд өгөөч яаралтай дансанд хийх хэрэгтэй байна гээд 800,000 төгрөгийг данс руу хийлгэсэн. Ингээд буцаагаад мөнгө өгөхгүй болохоор утсаар холбогдоход санаа зоволтгүй, би хүү төлье мөнгө хэрэг болоод байна гэх болсон. Ингээд 2016-04-26-нд 120,000 төгрөг, 2016-05-06-нд 135,000 төгрөг, 2016-05-11-нд 75000 төгрөг буцаан өгсөн. Мөнгө дахин өгөөгүй алга болсон. Гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй, утсаар ярих гэхээр авдаггүй, хааяа мессеж бичихдээ санаа зоволтгүй, удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна. Иймд 4,170,000 төгрөгийг Ч.Жаргалтогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Жаргалтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Жаргалтогтох нь нэхэмжлэгч З.Цацралмаагийн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-нд хүлээн аваад уг нэхэмжлэхэд дурьдсан 4,170,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн билээ. Ч.Жаргалтогтох миний бие одоогоор өвчтэй ажил хийх боломжгүй байгаа билээ. Уг мөнгийг өөр хүнд авч өгсөн бөгөөд тэр хүнээсээ мөнгө авч төлөх тул нэхэмжлэгч З.Цацралмаагийн нэхэмжлэсэн уг мөнгийг 2 хувааж төлөхөөр хүсэлт гаргаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 20-нд 2,000,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 01-нд 2,170,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Цацралмаа нь хариуцагч Ч.Жаргалтогтоход холбогдуулан “4,170,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Ч.Жаргалтогтох нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,170,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.Цацралмаагийн 4,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Жаргалтогтох төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 40,835 төгрөг, төрийн сангаас 40,835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Цацралмаад олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
4. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН.