Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 173

 

Ч.Сэргэлэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар магадлалтай, 201525010860 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Чулуунхүүгийн Сэргэлэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Сэргэлэнг “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Сэргэлэнгийн урьд цагдан хоригдсон 207 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Н.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд бус санаатайгаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэсэн нь Монгол Улсын дээд шүүхийн тайлбар 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолд заасан бусдыг болгоомжгүй алсан, шууд бус санаатай алах үйлдлээс ялгаж зүйлчлэхэд энэ хоёр үйлдэл нь хүний амь хохироосон үр дагаварт хүргэсэн санаа зорилгоор ялгагдана гэсэн дээд шүүхийн тогтоолтой нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг, хоёр дугаар заалтыг өөрчилж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ч.Сэргэлэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний санамсар болгоомжгүй үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэн 10 жил 01 сарын хорих ял оногдуулж ялласанд үнэхээр их харамсаж байна. Би талийгаачийн амь насанд санаатайгаар хүрэх ямар ч учир шалтгаан байхгүй. Миний хайхрамж болгоомжгүй үйлдлээс болсон хэргийг бүхий л талаас нь судлан үзэж надад оногдуулсан ялын зүйлчлэлд анхаарч хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Н.Ганбат өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх нөхцөл хангагдсан. Мөн хохирогчийн шат шатны шүүхэд гаргасан хүсэлтийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан оногдуулсан ялаас доогуур хэмжээний ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэргийн бүрдэл хангагдсан. Хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дугаар хуудасны 8 дугаар мөрөнд шүүгдэгчийн нэрийг Ууганбат гэж бичсэн байсныг зөвтгөж өгнө үү гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Ч.Сэргэлэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Архи нэхлээ” гэх шалтгаанаар Я.Мягмарзоригтой маргалдан улмаар Я.Мягмарзоригийн нүүрэн тус газар гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Гэмт хэрэг шууд бус санаатай үйлдэх үед учирсан хохирол нь өөр зорилгод чиглэсэн субьектийн гэмт үйлдэл/эс үйлдэхүй/-ийн хөндлөнгийн үр дүн болдог. Өөрөөр хэлбэл, тодорхой хор уршиг учруулахыг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн байх нь шууд бус санааны хүсэл зоригийн гол шинж байдаг. Иймд Ч.Сэргэлэнгийн үйлдлийн гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “шууд бус санаа” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх Ч.Сэргэлэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнээд, ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзнэ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Ч.Сэргэлэн, өмгөөлөгч Н.Ганбат нарын “Зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН