Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00452/и |
Дугаар | 00459 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00459
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багт оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, ОЕ66111312 регистрийн дугаартай, Тугч овогтой Ядамсүрэнгийн Дамдинбазарын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Дамдинбазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд хонь маллаж, нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай ба Давшилт нэгдэл тарсан, хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Би Зүүнхангай сумын Даланбулаг багт оршин суудаг бөгөөд шүүх хуралдаанд оролцохоор ирсэн боловч хөдөө хадам ээжийн бие муудлаа гэсэн дуудлага ирсэн тул яаралтай явах шаардлагатай боллоо. Иймд намайг байлцуулахгүйгээр миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Дамдинбазар нь Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолтоор Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан Ядамсүрэнгийн Дамдинбазарын 1982 оны 11 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Оюунцэцэг, Ж.Отгонтөр нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд О.Оюунцэцэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн Даланбулаг бригадад 1973 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл малчнаар ажилласан. Одоо ч мал маллаж амьдардаг малчин хүн. Я.Дамдинбазар нь 1982 оноос эхлэн 1990 оныг хүртэл тус нэгдэлд мал малласан. Я.Дамдинбазар нь мал маллаж байх хугацаандаа буюу 1985 оноос 1988 оны хооронд цэргийн албанд яваад ирсэн. Манай сумын Давшилт нэгдэл нь 1990 онд хувьчлагдан, компани болсон. Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар н.Памаж, н.Палам гэх хүн тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Отгонтөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Я.Дамдинбазар нь Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн Даланбулаг бригадад 8 дугаар ангиа төгсөөд 1982 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл малчнаар ажилласан. Одоо ч мал маллаж амьдардаг. Би 1982 оноос 1990 он хүртэл хугацаанд тус нэгдэлд малчнаар ажилласан ба одоо ч мал маллан амьдарч байна. Я.Дамдинбазар нь нэгдэлд мал маллаж байх хугацаандаа 1985 онд цэргийн албанд татагдан, 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Зүүнхангай сумын Давшилт нэгдэл нь 1990 онд хувьчлагдан компани болсон. Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар н.Памаж, н.Палам гэх хүн тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч О.Оюунцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Отгонтөрийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 496 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгч Я.Дамдинбазарын 1982 оны 11 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Дамдинбазарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсноо илэрхийлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугч овогтой Ядамсүрэнгийн Дамдинбазарын 1982 оны 11 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал, 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар нийт 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Дамдинбазарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА