Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 00471

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын Ачит багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, ДЮ67021064 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Загиржавын Нансалмаагийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч З.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1967 онд төрсөн, 49 настай. Би Увс аймгийн Ховд суманд 1984 онд 8 дугаар ангиа төгсөж илгээлтийн эзэн болж мал маллаж байгаад 1986 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд элсэн ороод 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төгсөж ирээд Ховд сумын Бугат багийн эмчээр 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болон шүүхэд хандаж байна. Иймд миний бие Ховд сумын Хөгжил нэгдэлд 2 жил 8 сар малчнаар, Ховд сумын Бугат болон Ачит багт 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүний бага эмчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Миний бие Ховд сумын Ачит багт амьдардаг ба багийн эмч учир багт байнгын эмчилгээтэй, хүнд өвчтэй хүн олон байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч З.Нансалмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн малчин З.Нансалмаагийн 1984 оны 5 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

         Харин мөн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 187 тоот лавлагаанд: “Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1990 оны тушаалын баримтыг шүүн үзэхэд З.Нансалмааг “Бугат” бригадын эмчээр томилсон тушаал гараагүй нь үнэн болно” гэсэн байх боловч Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 90 тоот тушаалд: “1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Анагаах ухааны дунд сургуулийн 4 дүгээр курсын оюутан З.Нансалмааг Ачит бригадын эмчээр ажиллуулсугай. ... Эрхлэгч Тунгалаг” гэж, мөн эрхлэгчийн 1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 3 тоот тушаалд: “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 844 дүгээр тогтоолыг үндэслэн Хүн эмнэлгийн эмч, асрагч, тусгай мэргэжлийн дунд боловсролтой ажилтан, сувилагч, үйлчлэх бага тушаалын ажилчдын цалинг нэмэгдүүлж хавсралтаар баталсугай. ... Эрхлэгч Заяа” гээд уг тушаалын хавсралтад “Бригадын эмч Нансалмаа 400-880” гэсэн тушаалуудын хуулбаруудыг архиваас гаргаж ирүүлжээ.

       Мөн нэхэмжлэгч З.Нансалмаад Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулиас 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх барих бага эмчээр суралцан төгссөн, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Ховд сумын Бугат багийн эмчээр, 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Ховд сумын Ачит багийн эмчээр тус тус томилон ажиллуулсан тухай бичилт хийгдсан байна.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Баяраа, Б.Түвшинтөгс, М.Даваажав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Баяраа: “З.Нансалмаа нь 1984 онд Увс аймгийн Ховд сумын 8-н жилийн дунд сургууль төгсөөд илгээлтийн эзэн болж Ховд сумын Хөгжил нэгдлийн Ачит бригадад малчин болж байсан. З.Нансалмаагийн аав, ээж нь малчин хүмүүс байсан. З.Нансалмаа нь 1984 оноос 1986 он хүртэл тус сумандаа хонь маллаж байсан. 1986 оноос Анагаах ухааны дунд сургуульд суралцаж 1990 онд төгсөж ирээд Ховд сумын хүн эмнэлэгийн салбарт Бугат бригадын бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. 1991 онд Ачит багийн эмчээр томилогдон одоог хүртэл багийн эмчээр ажиллаж байгаа. Би 1988 оноос Хөдөлмөр нийгмийн хангамжийн байцаагч, 1995 оноос Нийгмийн даатгалын байцаагчаар тус тус ажиллаж байсан учраас З.Нансалмаагийн ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна. Тэр үед Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Б.Жамсран, Г.Хөхөө, орлогч даргаар Ц.Хүүхээ, Ховд сумын хүн эмнэлэгийн эрхлэгч эмчээр Л.Заяа, С.Оюунхүү, Л.Дуламжав, Д.Уранцэцэг, А.Назгүл гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Түвшинтөгс: “З.Нансалмаа нь 1990 онд анагаахын дунд сургууль төгсөж ирээд Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлэгийн салбарт Бугат бригадын бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. З.Нансалмаа нь 1991 онд Ачит багийн эмчээр томилогдон одоог хүртэл багийн эмчээр ажиллаж байгаа. З.Нансалмаа нь анагаахын дунд сургуульд явахаасаа өмнө аав, ээжийн хамтаар Ховд сумын Хөгжил нэгдэлд 2 жил мал малласан. Би 1986 оноос 2000 он хүртэл Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан учраас З.Нансалмаагийн ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч М.Даваажав: “Би Увс аймгийн Ховд сумын эвлэлийн хорооны даргаар 1975 оноос 1982 он хүртэл, 1982 оноос 2000 он хүртэл Ховд сумын орлогч даргаар, 2000 оноос 2005 он хүртэл Засаг даргаар тус тус ажиллаж байсан. З.Нансалмаа нь 1984 оноос элвэлийн илгээлтээр малчин болж 1986 оныг дуустал малчнаар ажиллаж байгаад анагаахын дунд сургуульд суралцахаар явж байсан. 1990 онд сургуулиа төгсөж ирээд тус сумандаа багийн эмчээр одоог хүртэл ажиллаж байгаа” гэх мэдүүлэг тус тус шүүхэд өгсөн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

          Иймд З.Нансалмааг Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 5 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Ховд сумын Бугат болон Ачит бригадад хүний бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Нансалмаагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Загиржавын Нансалмаагийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 5 дугаар сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, Увс аймгийн Ховд сумын Бугат болон Ачит бригадад 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүний бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Нансалмаагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА