Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2016/00533/и |
Дугаар | 00541 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 00541
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хуурай мухар гудамжны 16 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОА56072511 регистрийн дугаартай, Шарнууд овогтой Готовын Өндгөөгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Өндгөө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие нь 1956 онд төрсөн, 60 настай. Би 1977 онд цэргээс ирээд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд жолооч, грушиг хийж байгаад 1982 онд амьдарлын шаардлагаар Баруунтуруунд ирж ажиллаад 1993 онд Сангийн аж ахуй тарж ажилгүй болсон. Ингээд 2001 онд Улаанбаатар хотод ирж суурьшсан. Улаанбаатар хотод ирээд хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтаа алдсан. Иймээс Увс аймгийн Зүүнговь, Баруунтуруун сумуудад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. 1974 оноос 1977 оныг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1977 оноос 1980 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Зүүнговь суманд грушиг, Эмчилээ тэжээлийн цэгт Газ-53 маркийн машины жолооч, 1980 оны 5 дугаар сараас 1982 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд 9-р баазын харьяа шуудангийн УАЗ машины жолооч, 1982 оны 7 дугаар сараас амьдралын шаардлагаар Баруунтуруунд очиж ажилласан. 1982 оны 8 дугаар сараас 1983 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн улсын үрийн нөөцөд нярав, 1983 оны 12 дугаар сараас 1984 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Сангийн аж ахуйд галчаар, 1984 оны 5 дугаар сараас 1993 он хүртэл хугацаанд Сангийн аж ахуйд малчин, Эмчилгээ тэжээлийн цэгт Газ-53 маркийн машины жолооч, мөн ЗИЛ-130 машины жолооч, няраваар 10-аад жил ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Өндгөө нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Г.Өндгөөгийн 1979 оны 8 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл, Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тус тус ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1979 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаар Өндгөөг ажилд авах тухай тушаалд: ...Гатав овогтой Өндгөөд өгөх машин байхгүй тул грушгээр 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай. Нэгдлийн дарга Г.Цэдэв гэжээ.
Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1977 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар Жолооч томилох тухай тушаалд: Тохой бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн машины жолоочоор Гатав овогтой Өндгөөг 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилсугай. Жолооч Өндгөөд ажилласан өдрөөс нь эхлэн төсөвт цалин олгохыг ня-бо Доржид зөвшөөрсүгэй. Нэгдлийн дарга Цэдэв гэжээ.
Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар Зарим жолоочийг ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалд: ... Жолоочоор ажиллаж байсан Өндгөөг хүсэлтийнх нь дагуу эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочийн ажлаас чөлөөлсүгэй" гэжээ.
БНМАУ-ын ХАА-н Яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Улаангомын СХ-ийн Гурилын үйлдвэрийн захиргааны 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар Таргашиныг ажилд томилох тухай тушаалд: БТСАА дахь улсын үрийн агуулахын нярав Өндгөө нь гачигдлын учир ажлаас чөлөөлөгдөж байгаа учир тушаах нь: Ургац хураалт явагдаж үр хүлээн авах ажил эхэлж байгаатай холбогдуулан IX/21-ээс эхлэн Чойрог овогтой Таргашинг үрийн агуулахын няраваар томилон ажиллуулсугай. Дарга Б.Сүрэнжав гэжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаар Эмчилгээ тэжээлийн цэгийн машиныг өөрчлөх тухай тушаалд: ... Эмчилгээ тэжээлийн цэгт ажиллаж байсан Газ-53, 64-88 номерийн машинтай жолооч Г.Өндгөөг 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай. Сангийн аж ахуйн дарга А.Амен гэжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар Мэргэжил хослуулан ажиллуулах тухай тушаалд ... Эмчилгээ тэжээлийн жолооч Г.Өндгөөд мал аж ахуйн шуудан хэвлэл хүргэгчийн ажлыг 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хослуулан ажиллуулсугай. Дарга А.Амен гэжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Мал аж ахуйн Алтан элсний хэсгийн ахлагч тоо бүртгэгчээр Б.Бавуужав, нярав жолоочоор Г.Өндгөө, малын эмч хэвлэл түгээгчээр Н.Баянсан нарыг 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус ажиллуулсугай. Дарга А.Амен гэжээ.
Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1991 оны 3 дугаар сарынм 13-ны өдрийн 66 дугаар Ачааны болон тусгай зориулалтын авто машины жолооч нарын цалингийн нэмэгдэл тогтоох тухай тушаалд: Зам тээврийн яам, тээвэр холбооны ажилчдын ҮЭ-ийн гүйцэтгэх хорооны 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21/41 тогтоолыг үндэслэн доорхи ачааны ба тусгай зориулалтын автомашины жолооч нарын хөдөлмөрийн хөлсийг 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэн олгохыг ерөнхий ня-бо Ч.Шагдарсүрэнд зөвшөөрсүгэй. Дарга Д.Болд, хавсралт №1 ... Г.Өндгөө 20% гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Норжмоо, Н.Дулмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Норжмоо:Г.Өндгөө бид нар хамт Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Тохой бригадад ажиллаж байсан. Би 8-р ангиа төгсөөд 1972 оноос эхлэн илгээлтээр малчин болж нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Г.Өндгөө нь Говийн хөгжил нэгдэлд мал маллаж байгаад 1974 оноос 1977 оныг хүртэл цэргийн албанд явж ирээд Говийн хөгжил нэгдэлдээ жолоочоор ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сард Баргуунтуруун сумын Сангийн аж ахуйд жолоочоор ажиллахаар явж байсан. Бид үе тэнгийн найз нөхөд бага наснаасаа айл хөрш, хошоо холбоо байсан учраас сайн санаж байна. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар н.Намсрайжав, н.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан гэж мэдүүлсэн, мөн гэрч Н.Дулмаа: Г.Өндгөө нь Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1982 оноос жолоочоор 1990 оныг хүртэл ажилласан. Намайг 1980 оноос Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд барилгын засалчнаар ажилд ороход Г.Өндгөө ажиллаж байсан. Намайг бага наснаасаа ээжтэйгээ Говийн хөгжил нэгдэлд мал маллаж байхад Г.Өндгөө нь тухайн нэгдэлд жолоочоор мөн ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас нэгнээ сайн мэдэж байна. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар н.Намсрайжав, н.Хүрэлхүү гэх хүмүүс, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргаар А.Амен гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн болон шүүхийн шийдвэрийн хуулбарууд тус тус авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Г.Өндгөөгийн 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1980 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд грушик, жолоочоор, 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 9-р баазын харьяа Шуудангийн УАЗ машины жолоочоор, 1982 оны 8 дугаар сараас 1983 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд улсын үрийн агуулахын няраваар, 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд галчаар, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд жолоочоор тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Өндгөөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогтой Готовын Өндгөөгийн 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1980 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд грушик, жолоочоор, 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 9-р баазын харьяа Шуудангийн УАЗ машины жолоочоор, 1982 оны 8 дугаар сараас 1983 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд улсын үрийн агуулахын няраваар, 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд галчаар, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Өндгөөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА