Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/01048/И |
Дугаар | 01017 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 01017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 18-р хороо Яргайтын 7-88 тоотод оршин суух, Боржигон овгийн Норовванчигийн Жаргалсайханы /регистрийн дугаар ФД62051900/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гэрч Л.Түмэндэмбэрэл, Т.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ХААДС-ийг төгсөөд ОМАҮЯ-ны томилолтоор ирж 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэтийн Мод дамжуулах баазад тууш модны тооцоологчоор, 1988 оноос МББ-ын эдийн засагчаар, 1991 оноос Зүсмэлийн үйлдвэрт диспетчр инженерээр мөн эдийн засагчаар тус тус 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан юм. Энэ хугацааны ажилласан жилээ баталгаажуулах хүсэлт гаргасан боловч Аймгийн архивт үндсэн баримт материал нь олдохгүй байна. Иймд 1986-1992 оны хооронд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь 1986-1992 онуудын хооронд ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1985 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 130677 дугаартай Норовванчигийн Жаргалсайханы хөдөлмөрийн дэвтэрт “1980 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 266 тоот тушаалаар Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дээд сургуулийн ойн инженерийн эдийн засгийн ангид ректорни ангид элсүүлэв”, “1985 оны 06 дугаар сарын 26-ны 249 тоот тушаалаар Хөдөө аж ахуйн дээд сургуулийн ой инженерийн эдийн засагчийн мэргэжлээр төгсгөж ой модны аж үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсүгэй”, “1986 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 118 тоот тушаалаар томилолтоор ирсэн тул модны тооцоологчоор томилон ажиллуулав”, “1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 140 тоот тушаалаар удирдах дээд газрын шийдвэрээр зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул мод бэлтгэлийн комбинатийн мэдэлд шилжүүлэв”, “1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 тоот тушаалаар мод бэлтгэлийн комбинатыг хүлээн авсан тул дотоод төлөвлөлтийн эдийн засагчаар дэвшүүлэн ажиллуулав”, “1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23 тоот тушааалаар удирдлагын болон үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэн зохион байгуулсантай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөв”, “1991 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 116 тоот тушаалаар үйлдвэрийн диспетчир жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлж эдийн засагчаар томилон ажиллуулав”, “Эрдэнэт хотын Монгол даатгалын банкны 1992 оны 05 дугаар сарын 12-н өдрийн 45 тоот тушаалаар Монгол даатгалын банкны эдийн засагчаар авч ажиллуулав” гэжээ.
2. 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаартай Ойн модны аж үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн Эрдэнэт дэх мод дамжуулах баазын даргын тушаалд “...Норовванчиг овогтой Жаргалсайханыг тууш модны ялгагч няраваар 12 дугаар сарын 01-нээс ажиллуулсугай” гэжээ.
3.Гэрч Л.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:” Би 1986-1992 он хүртэл Эрдэнэт дэх мод дамжуулах баазын боловсон хүчнээр ажиллаж байгаад сүүлд зүсмэлийн үйлдвэр байгуулагдахад мөн боловсон хүчин хийж байсан.Би 1992 он хүртэл ажилласан. Н.Жаргалсайхан 1986 онд анх тууш модны ялгагч тооцоологчоор ажилд орж байсан.Сүүлд зүсмэлийн үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан.1992 он хүртэл ажилласан“ гэжээ.
4.Гэрч Т.Батзоригт шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:” Би 1976-2000 он хүртэд турхайн үеийн мод ялган дамжуулах газар цахилгаанчин, 1987-1991 онд мод боловсруулах комбинатад боловсон хүчний даргаар, 1991-1995 онд хөдөлмөр хамгааллын инженерээр ажилласан. Энэ хугацаанд Н.Жаргалсайхан гэж хүн ажиллаж байсан . Н.Жаргалсайхан 1986 онд сургууль төгсч ирээд Хялганатын мод боловсруулах комбинатад хуваарилагдсан. Тэндээс Эрдэнэтийн мод дамжуулах баазад тууш модны тооцоологчоор ажилласан. 1986-1992 онд тухайн үеийн эдийн засагч, зүсмэлийн үйлдвэр байгуулагдахад диспитчер инженерээр ажиллаж байсан” гэжээ.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Норовванчигийн Жаргалсайханыг 1986 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Эрдэнэт хотын мод дамжуулах баазад тооцоологчоор, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мод дамжуулах баазад эдийн засагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс зүсмэлийн үйлдвэрийн диспетчир жижүүрээр, 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01 хүртэл зүсмэлийн үйлдвэрт эдийн засагчаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн дээрхи хугацаанд ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаартай Ойн модны аж үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн Эрдэнэт дэх мод дамжуулах баазын даргын тушаал, гэрч Л.Түмэндэмбэрэл, Т.Батзоригт нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Түмэндэмбэрэл, Т.Батзоригт нарыг гэрчээр асуусан ба гэрчүүд нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар нотлогдож байх тул гэрчүүдийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Норовванчигийн Жаргалсайханы 1986 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Эрдэнэт хотын мод дамжуулах баазад тооцоологчоор, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мод дамжуулах баазад эдийн засагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс зүсмэлийн үйлдвэрийн диспетчир жижүүрээр, 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01 хүртэл зүсмэлийн үйлдвэрт эдийн засагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Жаргалсайханы тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА