Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 01021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн  анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Хажидмаагийн нэхэмжлэлтэй Д.Батболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Хажидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие иргэн Д.Батболдын өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-24-85 тоот байрыг 2007 оноос хойш 2015 оны 11 сар хүртэл 8 жил түрээслэн амьдарсан ингэж түрээслэхдээ түрээсийн төлбөрийг байнга бүтэн жилээр нь төлж байсан ба энэ хугацаанд уг байранд нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй юм. 2015 оны 11 дүгээр сард Д.Батболдын энэ байрыг би хүү Б.Цогтбаяртаа ипотекийн зээлээр 63 500 000 төгрөгөөр авч өгөхөөр амаар тохиролцсон, ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй тул банкнаас зээл авахдаа уг байрыг 69 000 000 төгрөгөөр зээл авч зөрүү 5 500 000 төгрөгөөр уг байранд засвар хийхээр тохирсон. Ингээд ипотекийн зээлээ хөөцөлдсөөр байгаад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээл гарахаар нь банкны шаардлагаар зээлийн бүх мөнгө буюу 69 000 000 төгрөгийг Д.Батболдын 4005104154 тоот Голомт банкны дансанд шилжүүлэхдээ хэлэлцэн тохирсон ёсоор 5 500 000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг хүсэхэд анхандаа өнөө маргааш өгнө гэж байсаар утсаа авахаа больж, хаана байгаа нь тодорхойгүй болсон тул олж уулзах боломжгүй байдалд хүрсэн. Дашмягмар овогтой Батболд нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2-50 тоот хаягт бүртгэлтэй боловч уг байранд өөр хүн амьдарч байгаа ба байрны эзэнг танихгүй, хаана байдагийг нь мэдэхгүй гэдэг. Иймд дээрх асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Хажидмаа нь Д.Батболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

С.Хажидмаа, Б.Цогбаяр нар нь Д.Батболдтой үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний дансанд 69 000 000 төгрөг шилжүүлэн энэ шилжүүлсэн 69 000 000 төгрөгнөөс 5 500 000 төгрөгийг буцааж авахаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа.

С.Хажидмаа, Б.Цогбаяр нар нь Д.Батболдтой үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний дансанд 69 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул С.Хажидмаагийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Д.Батболдыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Д.Батболд нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-2-50 тоотод оршин суудаг боловч тухайн хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин сууж буй нь тодорхойгүй зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбар, Уртбулаг багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч С.Хажидмаагийн Д.Батболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Баяжих овогт Дашмягмарын Батболдыг /РД: ФМ70082199/ эрэн сурвалжилсугай.

2. Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Д.Батболдыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойрогийн Тахарын албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Хажидмаагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА