Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01030

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-9 тоотод оршин суух, Их тамир овгийн Бэхбатын Баярмагнайд /ФА80021977/ холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ15/32 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн  дүн 10 422 690 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдсайхан, Б.Пүрэвдулам, нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон  салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Бурмаа хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Баярмагнай нар нь ХААН банкны Орхон салбар Оюут тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/32 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12 300 000 төгрөгийн зээлийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгсэлийн лизингийн зээл авсан. Үндсэн зээлдэгч О.Бурмаа нь оршин суух хаяг дээрээ байхгүй тул эрэн сурвалжлуулсан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарч Тахарын албанд эрэн сурвалжлуулахаар шилжүүлсэн боловч одоог хүртэл олдохгүй байна. Хамтран зээлдэгч Б.Баярмагнайтай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Оюут баг 2-2-9 тоот хаягт очиж уулзахад зээлийг төлөхгүй, төлөх боломжгүй, машиныг олж өгвөл зээлийг бүрэн төлнө гэх бөгөөд зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл дээр гарын үсэг зурахаас татгаллзсан. Үүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгөхөөр гэрт нь очиход гэртээ байгүй хотод байгаа, бэр эгч нь гарын үсэг зурж хүлээж авсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн барьцааны хөрөнгө болох 3 ширхэг компьютер хураахад Б.Баярмагнайгийн ээж А.Сэрчмаа, ах Б.Баянзул нар ирж уулзан сард 300 000 төгрөгөөр төлөлт хийнэ, худалдан авсан машиныг олоод өгвөл зээлийг бүрэн төлөхөд бэлэн тухай өргөдөл бичиж өгсөн. Үүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 300 000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний хуваарийн дагуу үндсэн зээлд 3 236 180,99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 890 589,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16 020,20 төгрөг, нийт 5 142 790,94 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор иөлбөр зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн зээл төлөх мэдэгдэлийг 2016 оны 03 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дараах шаардлага гаргаж байна. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ15/32 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,үндсэн зээлийн үлдэгдэл 9 063 819,01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 097 990,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 830,39 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 7200 төгрөг, нийт 10 422 690,82 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банк нь надаас 10.422.690.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь би Хаан банкнаас 12.300.000 төгрөгийг зээлж аваагүй бөгөөд үндсэн зээлдэгч нь би биш О.Бурмаа юм. Энэ мөнгийг О.Бурмаа аваад Улаанбаатар хот руу яваад өгсөн бөгөөд энэ мөнгөнөө би нэг ч төгрөг аваагүй, хэрэглээгүй байхад ямар үндэслэлээр надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Гэвч үндсэн зээлдэгч О.Бурмаагаас ямар ч хариуцлага байхгүйгээр Хаан банк намайг хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. О.Бурмааг хамтран хариуцагчаар татах ёстой байтал Хаан банк намайг шүүхэд өгсөн байна. Бурмаа намайг төлөөрэй гээд хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон ба Тахарын албанаас эрэн сурвалжилж олсон гэсэн. Мөн банкны барьцаанд 12-17 ОРО улсын дугаартай “Альпард” загварын тээврийн хэрэгслийг О.Бурмаа нь хот руу унаж яваад Тахарын албанд түлхүүр, баримт бичгийг нь шилжүүлж өгсөн байна лээ. Машин нь Улаанбаатар хотын журмын хашаанд байгаа ба өмчлөгч нь Хаан банк байх тул журмын хашаанаас машинаа гаргаж авах хэрэгтэй байна. Журмын хашаанд би оруулаагүй байхад намайг ирж мөнгийг нь төлж ав гэж Тахарын албанаас хэлсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Би жинхэнэ хариуцагч биш тул О.Бурмааг хариуцагчаар татаж өгнө үү”гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь Б.Баярмагнайд холбогдуулан  2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ15/32 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 10 422 690 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Баярмагнай, О.Бурмаа нар нь ХААН банкны Орхон салбар Оюут тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/32 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12 300 000 төгрөгийн зээлийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгсэлийн лизингийн зээл авсан, тээврийн хэрэгсэлийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгаж Хаан банк өмчлөгч нь байхаар фидуцийн гэрээ хийсэн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/32 тоот барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ФГ 15/32 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, О.Бурмаагийн хүсэлт, О.Бурмаа, Б.Баярмагнай нарын Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хаан банк Б.Баярмагнай, О.Бурмаа нарын хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар бичгээр хийгдэж талууд харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан гэрээний гол нөхцөл болох зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, түүнийг буцаан төлөх хугацааг тохирсон хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх барьцаат зээлийн гэрээг үндэслэн Хаан банк нь хариуцагчаас Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Хаан банк зээлдэгч Б.Баярмагнай, О.Бурмаа нартай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ15/32 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ15/32 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй гэж заажээ.

Зээлдэгч Б.Баярмагнай, О.Бурмаа нар Хаан банктай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан  ЗГ15/32 тоот гэрээний үүргээ зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2015 оны 09 дүгээр сараас зохих ёсоор биелүүлээгүй, 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 03 сар хүртэл огт төлөөгүй болох нь, мөн Хаан банк Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар зээлдэгчид гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт, 2016 оны 03 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12/179 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах Хаан банкны шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож, хариуцагч зээлийг хугацаанд нь төлөөгүй асуудлаар маргаагүй тул нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б.Баярмагнайгаас үндсэн зээл 9 063 819 төгрөг, зээлийн хүү 1 097 990 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 830 төгрөг, нотариатын хураамж 7200 төгрөг нийт 10 243 839 төгрөгийг гаргуулж Хаан банкны Орхон салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан  ЗГ15/32 тоот гэрээний 5.1.7-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болох хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж заасан.

Тиймээс Хаан банк нь Б.Баярмагнайгаас зээлийг бүхэлд нь шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй.Харин хариуцагч Б.Баярмагнай нь О.Бурмаагаас өөрт учирсан хохиролоо жич нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 851 төгрөгийг оруулан тооцсон байх ба энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулагдах тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Баярмагнайгаас үндсэн зээл 9 063 819 төгрөг, зээлийн хүү 1 097 990 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 830 төгрөг, нотариатын хураамж 7200 төгрөг нийт 10 243 839 төгрөгийг гаргуулж Хаан банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 178 851 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хаан банкны О.Бурмаа, Б.Баярмагнай нартай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан  ЗГ15/32 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181 713 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2 862 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.Баярмагнайгаас 178 851 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.
  4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА