Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2016/00283/И |
Дугаар | 381 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 381
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 11-46 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ62110401, Бөөгөд овогт Уртнасангийн Эрдэнэчимэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би 1983 онд Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд мэргэжлээрээ 1983 оны 7 дугаар сарын 15-наас Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллах болсон. 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Ой агнуурын аж ахуй нь бүтэц бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Байгаль орчныг хамгаалах газар болоход мөн л ойжуулагчаар ажиллаж байсан. Байгаль орчныг хамгаалах газарт 1994 оны 11 дүгээр сар хүртэл ойжуулагчаар ажилласан. Одоо ч мөн Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул шүүхэд хандаж байна. Иймд 1983 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 11 дүгээр сарыг хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуй болон Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Р.Жамсран, Ч.Энхээ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Эрдэнэчимэг нь 1983 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 11 дүгээр сарыг хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуй болон Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн архивын лавлагаанд: “Увс аймгийн Ойн аж ахуйн цалингийн баримт архивт шилжиж ирээгүй тул Уртнасан овогтой Эрдэнэчимэгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар “Ажилд авах тухай” тушаалд: “Ой үржүүлэгч, ой хамгаалагч мэргэжилтэй Уртнасан овогтой Эрдэнэчимэгийг 1983 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн ойжуулагчаар ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар “Ажилчин албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Уртнасан овогтой Эрдэнэчимэгийг 1987 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж байгаль хамгаалах газрын мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр “Ажилчин албан хаагчдыг ажилд авах тухай” тушаалд: “Уртнасан овогтой Эрдэнэчимэгийг 1988 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн ойжуулагчаар авч хийснээр цалин олгохыг санхүүд зөвшөөрсүгэй” гэжээ.
Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалд: “Ажилчин албан хаагчдын амралтыг хавсралт хуваарийн дагуу амрааж зохицуулахыг боловсон хүчин Ш.Бямбаад үүрэг болгосугай. Хавсралтын 27-д У.Эрдэнэчимэг” гэжээ.
Ч.Эрдэнэчимэгийн 429280 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд: “Түүний 1980 оноос 1989 оныг дуустал авч байсан сарын цалин, татвар бичигджээ”.
Ой агнуурын аж ахуйн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр У.Эрдэнэчимэгийг шагнаж байсан сайшаалын үнэмлэхэд: “Хүндэт нөхөр Эрдэнэчимэг та хаврын тариалалтын ажлаар зарласан болзолт уралдаанд 3 дугаар байр эзэлсэн тул сайшаалын үнэмлэх 50 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.
Байгаль орчныг хамгаалах газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдөр У.Эрдэнэчимэгийг шагнаж байсан талархалд: “Хүндэт Эрдэнэчимэг танд Олон улсын эмэгтэйчүүдийн 79 жилийн ойн баяр угтаж зохиосон бүсгүйчүүд тэмцээнд идэвхтэй оролцсонд талархаж дурсгав” гэжээ.
Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн ойжуулагч ажилтан Уртнасан овогтой Эрдэнэчимэгийн ажил байдлын тодорхойлолт, анкет, хувийн хэрэг хэрэгт авагджээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Жамсран, Ч.Энхээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Жамсрангийн “Миний бие Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1987 онд төгсөж ирээд төгсөж 1987 оны 7 дугаар сараас Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд мастераар ажиллах болсон. Дараа нь ойн техникч, инженер, байцаагч зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Намайг анх ажилд ороход У.Эрдэнэчимэг нь Ой агнуурын аж ахуйн мод үржүүлгийн талбайд ойжуулагчаар ажиллаж байсан. 1988 оны 1 дүгээр сарын 01-нд Ой агнуурын аж ахуй нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Байгаль орчныг хамгаалах газар нэртэй болсон. Тэр үед У.Эрдэнэчимэг мод үржүүлгийн талбайд мөн л ойжуулагчаар ажиллаж байсан. У.Эрдэнэчимэг нь хар мод /шинэс/, шар хуайс, хайлаас гэх модыг үрээр, бургас улиас модыг мөчрөөр тарьж ургуулан ууланд аваачиж ойжуулалт хийдэг байсан. Тухайн үед Байгаль орчныг хамгаалах газрын даргаар Шагдар, Н.Ахытхаан, Л.Мажиг, Г.Цэвгээ, Ой агнуурын аж ахуйн даргаар Б.Гэндэнжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Энхээгийн “Миний бие Эрдэнэт хотын Хялганатын ойн техникумын мод бэлтгэлийн механикийн ангийг 1985 онд төгсөж ирээд 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллах болсон. Дараа нь 1994 он хүртэл мод бэлтгэлийн бригадын дарга, мод үржүүлгийн талбайн техникч зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Намайг анх ажилд ороход У.Эрдэнэчимэг нь Ой агнуурын аж ахуйд мод үржүүлгийн талбайд ойжуулагчаар ажиллаж байсан. 1988 оны 1 дүгээр сарын 01-нд Ой агнуурын аж ахуй нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Байгаль орчныг хамгаалах газар нэртэй болсон. Тэр үед У.Эрдэнэчимэг мод үржүүлгийн талбайд ойжуулагчаар ажиллаж л байсан. У.Эрдэнэчимэг нь хар мод /шинэс/, шар хуайс, хайлаас гэх модыг үрээр, бургас улиас модыг мөчрөөр тарьж ургуулан ууланд аваачиж ойжуулалт хийдэг байсан. У.Эрдэнэчимэг өвөл, намрын үед модныхоо үр, мөчрийг бэлтгэх, чацаргана шахах зэрэг ажлуудыг хийж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч У.Эрдэнэчимэг нь 1983 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 11 дүгээр сарыг хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуй болон Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 60 дугаар “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар “Ажилчин албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр “Ажилчин албан хаагчдыг ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, 429280 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Ой агнуурын аж ахуйн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шагнаж байсан сайшаалын үнэмлэх, Байгаль орчныг хамгаалах газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1989 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шагнаж байсан талархал, түүний ажил байдлын тодорхойлолт, анкет, хувийн хэрэг, гэрч Р.Жамсран, Ч.Энхээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч У.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 7 дугаар сарын 15-наас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар 4 жил 5 сар 16 хоног, 1988 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 11 дүгээр сарыг хүртэл Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар 6 жил 10 сар, нийт 11 жил 3 сар 16 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч У.Эрдэнэчимэг нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бөөгөд овогт Уртнасангийн Эрдэнэчимэгийн 1983 оны 7 дугаар сарын 15-наас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар 4 жил 5 сар 16 хоног, 1988 оны 1 дүгээр сарын 01-нээс 1994 оны 11 дүгээр сарыг хүртэл Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт ойжуулагчаар 6 жил 10 сар, нийт 11 /арван нэг/ жил 3 /гурав/ сар 16 /арван зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ