Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 461

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 40-08 тоотод оршин суух Зөн Билэг овгийн Жигдэндэмбээгийн Сарантуяагийн /РД:АЭ75030206/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 29-13 тоотод оршин суух Боржигон овгийн Жадамбаагийн Нямсүрэнд /РД:АЮ81120665/ холбогдох

2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Октябрь, хариуцагч Ж.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Сарантуяа миний бие нь 2014 оны 04 сарын 03-нд иргэн Ж.Нямсүрэнд 1.900.000 төгрөгийг 12 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө болох 1.900.000 төгрөгийг авч чадахгүй өдийг хүрлээ. Иргэн Ж.Нямсүрэн нь удаа дараа худлаа ярьж, мөнгө өгөлгүй зугтаж дахин дахин явуулж эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол учруулж байна. 2014 оны 04 сарын 03-ны өдрөөс 2016 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл нийт 26 сарын /2 жил 2 сар/ хүү болох 5.928.000 төгрөг болсон боловч өмнөх жил буюу 12 сарын хүүг нэхэмжлэлгүй үлдээж сүүлийн 3 сарын хүү болох 600.000 төгрөг, үндсэн мөнгө 1.900.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг иргэн Ж.Нямсүрэнгээс гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Нямсүрэн миний бие нь Сарантуяагаас авсан 1.900.000 төгрөгийг 2014 оны 03 сард гэрээ хэлэлцээр хийлгүйгээр зээлсэн. Миний бие Сарантуяад 2014 оны 4 сараас 9 сар хүртэл дансаар мөнгийг шилжүүлсэн. 2015 онд 250.000х2=500.000, 400.000, 500.000, 100.000 төгрөгүүдийг бэлнээр өгсөн. Сарантуяад бэлнээр 1.500.000 төгрөг, дансаар барагцаалбал 900.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийг өгсөн. Миний бие нь 1.900.000 төгрөгийг өгөөд 500.000 төгрөгийн мөнгө авсны шан гэж өгсөн учир Сарантуяад өгөх өр төлбөр байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Октябрь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Ж.Сарантуяа 2014 оны 04 сарын 03-нд Ж.Нямсүрэнд 12 хувийн хүүтэй 1.900.000 төгрөг зээлсэн. Ж.Сарантуяа, Ж.Нямсүрэн хоёрын дунд 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч н.Наранцэцэг гэдэг хүн зуучилсан гэсэн. Миний охин мөнгөө өгөхдөө өгч авалцсан гарын үсэг зуруулаагүй. Мөнгө зээлснээсээ хойш Ж.Нямсүрэн сар сардаа мөнгөө өгөхгүй 250.000 төгрөгөөр 2 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа, 100.000 төгрөгөөр 1 удаа өгсөн юм байна лээ. Сүүлдээ өөр мөнгө өгөөгүй. Уг нь 2014 оны 04 сард мөнгө зээлснээс хойш 2016 оны 06 сар хүртэл бодох юм бол 2 жил 2 сарын хүү 5.928.000 төгрөгийн хүү төлөх ёстой. Хамгийн сүүлд 2016 оны 04 сард уулзаад үндсэн зээл 1.900.000 төгрөг дээр сүүлийн 3 сарын хүү 600.000 төгрөг нэмээд, нийт 2.500.000 төгрөг болгоод өгчих гэж хэлсэн. Гэтэл өгөхгүй олон удаа худлаа ярьж, зардал чирэгдэл үүсгэж, түүнээс болж манай гэр бүлд үл ойлголцол үүсч байна. Тийм учраас бид шүүхэд гомдол гаргасан. Би Ж.Нямсүрэнг мөнгөө өг гэж дарамталсан зүйл байхгүй. Харин ч өөрийнх нь зөнгөөр байдаг байсан. Ажил дээр нь очоод мөнгөө өгчихөөч гээд гуйдаг байсан. Гэтэл дандаа худлаа ярьдаг. Нэг өдөр ажил дээр нь очоод мөнгөө авъя гэхэд би Хангай сумын 90 жилийн ойн арга хэмжээг хөтөлсөн, тэр мөнгө орохоор өгнө гэсэн, тэгсэн хирнээ өгөөгүй. Мөн би Хөгжимт драмын театрын дарга болох гэж байгаа, битгий хэл ам гаргаарай гэдэг байсан. Манай охины утсыг огт авдаггүй. Намайг арай ядаж утсаар нь залгаад ярихаар дараа бол гээд л утсаа тасалчихдаг, эсвэл утсаа авдаггүй. Манай нөхөр Ж.Нямсүрэнгийн ажил дээр нь очиж хэл ам гаргасан нь үнэн. Тухайн үед бид үхэл хагацал үзээд Улаанбаатар хотруу явах болоод Ж.Нямсүрэнгээс мөнгөө авч чадаагүй. Тэгээд манай гэр бүлийн хүний эгч нь нас барсан. Манай гэр бүлийн хүн мөнгө байхгүй, Улаанбаатар хотруу явж эгчтэйгээ уулзаж чадаагүй, нас баруулчихсан учраас маш их бухимдаж ирээд Ж.Нямсүрэнгийн ажил дээр, бас аав, ээж нар дээр нь очсон байх. Түүнээс биш Ж.Нямсүрэнгийн гэрт очиж доромжилсон зүйл байхгүй. Хүн өөрийнхөө мөнгөө хүнд зүгээр өгөхгүй шүү дээ. Миний охин мөнгөө Ж.Нямсүрэнд гуйж өгөөгүй, Ж.Нямсүрэн өөрөө гуйж авсан. Яагаад хүнээс зээлсэн мөнгөнийхөө хүүг сар бүрт нь өгчихөж болохгүй байгаа юм бэ?. Намайг 5 настай хүүхэдтэй хотруу явах гээд мөнгөө нэхэхэд Ж.Нямсүрэн би таныг хот руу аваад явчихъя гэж байсан. Би ямар ч мөнгөгүй хотод очоод хаашаа явах юм бэ. Тэгээд намайг хот руу авч яваад ямар ч мөнгөгүй хотод хаячихсан. Мөнгөө нэхсээр байгаад арай хийж 80.000 төгрөг авсан. Нямсүрэн мөнгөө өгнө гэж удаа дараа худлаа яриад байсан. Тэр үед нь би олон удаа ойлгож байсан. Одоо Ж.Нямсүрэнгээс үндсэн зээл 1.900.000 төгрөг, 3 сарын хүү 600.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Ж.Сарантуяа надад “Ж.Нямсүрэнгээс 250.000 төгрөгөөр 2 удаа нийт 500.000 төгрөг, 400.000 төгрөг, 500.000 төгрөг, 100.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг авсан” гэж хэлсэн гэв.

Хариуцагч Ж.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 04 сард 9 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Сарантуяагаас 1.900.0000 төгрөг авсан нь үнэн. Намайг боломжоороо мөнгөө өгөөрэй гэсэн. Би Ж.Сарантуяагаас мөнгийг 12 хувийн хүүтэй авна гэж тохироогүй. Ц.Октябрь эгч намайг зугтаадаг гэж байна. Би Ж.Сарантуяатай байнга утсаар ярьдаг. Ц.Октябрь эгч манай ажил дээр ирж уулзахад би учраа хэлээд л явуулдаг байсан. Ер нь байнга манай ажил гэрт ирээд байгаа нь надад маш их хэцүү, гэр бүлээр минь сэтгэл санаанд нөлөөлж байсан. Аав нь хүртэл манай ажил дээр зээлсэн мөнгөө өгөхгүй, луйварчин энэ тэр гэж доромжилсон. Бас миний хөгшин настай аав, ээж дээр очоод мөнгөө өгөхгүй байна гэсэн асуудал гаргасан байсан. Түүнээс болж манай аав, ээжийн даралт ихсэж байсан. Энэ тухай нь би Ж.Сарантуяагийн аавд нь хэлэхэд ахыгаа уучлаарай, тиймэрхүү зүйл яриад яахав дээ гэж байсан. Дараа нь Ж.Сарантуяа эрэгтэй дүүтэйгээ манай ажил дээр ирээд хэдэн төгрөг зээлээд, хэдэн төгрөгийн хүү төлсөн энэ тэр гэсэн зүйл сүрдүүлж байгаад бичүүлж авсан. Би Ж.Сарантуяад өөрийнхөө олсон орлогоос багагүй хэмжээний мөнгө өгсөн. Би Хангай сумын 90 жилийн ойн арга хэмжээг хөтөлж 500.000 төгрөг авсан. Тухайн мөнгөө шууд л Ж.Сарантуяад өгсөн.  Би Ж.Сарантуяагаас мөнгө зээлснээсээ хойш 2014 оны 04 дүгээр сараас 09 сар хүртэл Ж.Сарантуяа  290.000 төгрөг, 220.000 төгрөгийг өөрийнх нь данс руу, 200.000 төгрөг, 250.000 төгрөгийг хүний данс руу хийлгэж надаас авсан.  Дараа нь 2015 оны 6 сараас 2015 оны 07 сарын хооронд 250.000 төгрөгөөр 2 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа, 100.000 төгрөгөөр 1 удаа, нийт бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн. Мөн өөрийнх нь дансаар болон өөр хүний дансаар дамжуулан 960.000 төгрөг Ж.Сарантуяад өгч байсан. Ж.Сарантуяа энд тэнд явж байх үедээ мөнгө хэрэг болоод байна, энэ дансруу хийчих, тэр дансруу хийчих гээд л олон удаа мөнгө авч байсан. Зээлийг төлөх хугацааг тохироогүй. Ж.Сарантуяаг мөнгө хэрэгтэй гэсэн үед нь би мөнгө өгдөг байсан. Ингээд нийт 2.460.000 төгрөг өгсөн. Би зээлсэн мөнгөө өгсөн. Илүү мөнгийг шанд нь өгч байсан. Би 1.500.000 төгрөг цувуулж бэлнээр өгсөн, дараа нь дансаар 960.000 төгрөг өгсөн юм чинь мөнгийг нь өгчихсөн. Намайг мөнгөө төлсний дараа Ж.Сарантуяа эрэгтэй дүүтэйгээ ирж сүрдүүлж бичиг хийлгэж авсан гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сарантуяа нь хариуцагч Ж.Нямсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Ж.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ж.Сарантуяа нь 2014 оны 03 сарын 04-ний өдөр хариуцагч Ж.Нямсүрэнд 1.900.000 төгрөг зээлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогддог.

Нэхэмжлэгч Ж.Сарантуяа нь “Ж.Нямсүрэнд 1.900.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 3 сарын хүү болох 600.000 төгрөг, үндсэн мөнгө 1.900.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг Ж.Нямсүрэнгээс гаргуулна” гэж, хариуцагч Ж.Нямсүрэн нь “би Ж.Сарантуяагаас мөнгийг 12 хувийн хүүтэй авна гэж тохироогүй, ... мөнгийг бэлнээр 1.500.000 төгрөг, мөн өөрийнх нь дансаар болон өөр хүний дансаар дамжуулан 960.000 төгрөг, нийт 2.460.000 төгрөг өгч би зээлийг төлсөн” гэж талууд маргаж байна.

Хариуцагч Ж.Нямсүрэнгийн “би 2015 онд 250.000 төгрөгөөр 2 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа, 100.000 төгрөгөөр 1 удаа, бэлнээр нийт 1.500.000 төгрөг өгсөн” гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Октябрь хүлээн зөвшөөрдөг тул хариуцагч Ж.Нямсүрэнг нэхэмжлэгч Ж.Сарантуяад 1.500.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж үзлээ.

Хариуцагч Ж.Нямсүрэн нь “Ж.Сарантуяа  290.000 төгрөг, 220.000 төгрөгийг өөрийнх нь данс руу, 200.000 төгрөг, 250.000 төгрөгийг хүний данс руу хийлгэж надаас авсан” гэж тайлбарлаж байна.

ХААН банк дахь Жигдэндэмбээгийн Сарантуяагийн  харилцах дансанд 2014 оны 4 сарын 08-ны өдөр 290.000 төгрөгийг 5135438365 дугаарын данснаас Нямжаргал, 2014 оны 7 сарын 28-ны өдөр 220.000 төгрөгийг Нямаа-с тус тус шилжүүлжээ.

Нямжаргал нэрээр 290.000 төгрөг шилжүүлсэн дансны эзэмшигч Жадамбаа овогтой Нямсүрэн болох нь 2014 оны 03 сарын 04-ний өдөр Ж.Сарантуяагаас Ж.Нямсүрэнд 1.900.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул 290.000 төгрөгийг хариуцагч Ж.Нямсүрэн шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Ж.Нямсүрэн нь Ж.Сарантуяад нийт 510.000 төгрөг төлсөн нь Ж.Сарантуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, бэлнээр 1.500.000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Октябрь, хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Сарантуяа нь 2014 оны 03 сарын 04-ний өдөр 1.900.000 төгрөгийг Ж.Нямсүрэнд зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь талуудын тайлбараар тогтоогддог. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хариуцагч Ж.Нямсүрэн, 2016.04.09 гэсэн бичиг нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хариуцагч Ж.Нямсүрэн зээлийн гэрээний үүргийг 2015 онд биелүүлсний дараа буюу 2016 онд уг бичиг бичигдсэн байх тул үүнийг зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул Ж.Нямсүрэн нь Ж.Сарантуяад хүү төлөх үүрэггүй байна.

Хариуцагч Ж.Нямсүрэн нь Ж.Сарантуяад 2.010.000 төгрөгийг буцаан төлснийг 1.900.000 төгрөгийг төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч Ж.Нямсүрэнгээс 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Ж.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ж.Нямсүрэнгээс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Ж.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

          3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА