Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00928/И |
Дугаар | 01035 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 01035
2016 оны 08 сарын 04 өдөр Дугаар 142/ШШ2016/01035 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 40 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-38 тоотод оршин суух Оодон захар овгийн Гүррагчаагийн Мөнхтулгын /регистрийн дугаар ФБ75121535/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-25-03 тоотод оршин суух Баясгалан овгийн Баастын Мөнхзулд /регистрийн дугаар УЗ79060411/ холбогдох 8 640 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Мөнхзул нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Г.Мөнхтулга надаас 8 000 000 төгрөгийг сарын 8 хуийн хүү төлөхөөр тохиролцож 1 сарын хугацаатай зээлсэн боловч мөнгөө өгөхгүй байх тул үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 640 000 төгрөг, нийт 8 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие иргэн Г.Мөнхтулгаас авсан 8 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь хариуцагч Б.Мөнхзулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүн 8 640 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Б.Мөнхзулаас үндсэн зээл 8 000 000 төгрөг, 1 сарын хүү 640 000 төгрөг нэхэмжилж байгаагаас хариуцагч үндсэн зээл 8 000 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа.
Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан болох нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагчаас үндсэн зээл, хүү шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Б.Мөнхзулаас үндсэн зээл 8 000 000 төгрөг, 1 сарын хүү 640 000 төгрөг нийт 8 640 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтулгад олгож шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлсэн тул, нэхэмжлэгчид хуралдааны тов хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн зохигчдыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хуульд зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхзулаас 153 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Б.Мөнхзулаас 8 640 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхтулгад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхтулгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхзулаас 153 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтулгад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА