Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/01197/И |
Дугаар | 01104 |
Огноо | 2016-09-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 01104
2016 оны 09 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2016/01104 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн Хапитатын 12-13 тоотод оршин суух Сөрт овгийн Цэндийн Мэндсайханы /регистрийн дугаар ФМ67083178/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1975 онд төрсөн, 41 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 53а дугаар гудамжны 05 тоотод оршин суух Тайжууд овгийн Элдэв-Очирын Хашбатад /регистрийн дугаар ФМ75091753/ холбогдох 2 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Хашбат нь 2015.04.08-нд 2.120.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ гэрийн хаягаар очиж утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч нэгч төгрөг өгөөгүй тул зээлсэн 2.120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Хашбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Хашбат нь иргэн Мэндсайханаас 2 120 000 төгрөг авсан нь үнэн. Энэхүү мөнгийг төлж барагдуулах нь миний үүрэг юм. Харин энэ мөнгийг бөөнд нь төлж чадахгүй, цалингаасаа хэсэгчлэн төлөх саналтай байна. Иймд миний цалингаас суутгаж төлүүлнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мэндсайхан нь хариуцагч Э.Хашбатад холбогдуулан 2 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2 120 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48870 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 24435 төгрөг, төрийн сангаас 24435 гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Мэндсайханы нэхэмжлэлтэй Э.Хашбатад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага 2 120 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48870 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 24435 төгрөг, төрийн сангаас 24435 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА