Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2016/00389/И |
Дугаар | 411 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 411
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 7-89 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОА61112315, Шарнууд овогт Гэнээгийн Гансүхийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангид морин тэрэгчнээр 2 жил ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан. Цэргийн албаа 3 жил хаагаад 1983 оноос тракторын курст суралцаж төгсөөд 1984 оноос Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хонхор бригадад трактор комбайнчнаар ажиллаж байгаад улмаар 1992 оны 1 дүгээр сарын 01-нд шинээр байгуулагдсан “Улаансан” ХК-д шилжүүлсэн. Тус компанид 1997 он хүртэл ажилласан. Одоо миний бие нь тэтгэвэрт орох болсон ба 1978 оноос 1980 оны 6 дугаар сар хүртэл морин тэрэгчнээр, 1984 оноос 1998 оны хооронд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ч.Сугаррагчаа, Г.Чулуунхүү нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гансүх нь 1978 оноос 1980 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангид морин тэрэгчнээр, 1984 оны 5 дугаар сарын 10-наас 1998 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй болон “Улаан сан” ХК-д тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Гэнээгийн Гансүхийн 1984 оны 5 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар “Шинэ жилийн баярын амралтыг тохиолдуулан хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаалд: “Хариуцлагатай жижүүр хийх ажилтны нэрсийг хавсралтаар баталсугай. 14:00 цагаас 24:00 цаг хүртэл Гансүх” гэжээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1980 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар “Ажилчдыг шагнаж урамшуулах тухай” тушаалд:”Шагнагдах хүмүүсийн нэрсийг хавсралтаар баталсугай. Хавсралтын 13-т Гансүх” гэжээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар “Тракторын курс төгсөгчдийг хуваарилах тухай” тушаалд: “1983-1984 онд тракторын курст суралцаж төгссөн төгсөгчдийг хавсралт ёсоор цогцолборуудад хуваарилан ажжиллуулсугай. Хавсралтад Хонхорт-Г.Гансүх” гэжээ.
Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Техникч шилжүүлэх тухай” тушаалд: “Өмч хувьчлалын хуулийн дагуу шинээр зохион байгуулагдсан “Улаан сан” ХК-д Хонхорын цогцолборын тракторчин Гэнээ овогтой Гансүхийг эзэмшсэн техникийн хамт шилжүүлсүгэй” гэжээ.
“Улаан сан” ХК-ийн захирлын 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд: “Өмч хувьчлалын хуулийн Сангийн аж ахуйгаас шилжиж ирсэн Хонхорын цогцолборын тракторчин Гэнээ овогтой Гансүхийг 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн шинээр зохион байгуулагдсан “Улаан сан” ХК-ийн Хонхорын бригадад тракторчнаар авч ажиллуулсугай” гэжээ.
“Улаан сан” ХК-ийн захирлын 1998 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Хонхорын бригадын тракторчин Гэнээ овогтой Гансүхийг 1998 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар лавлагаанд: “”Улаан сан” ХК нь 1992 оны 2 дугаар сарын 29-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ.
Г.Гансүхийн 1984 оны 5 дугаар сарын 10-ны олгогдсон 28676 дугаар тракторч, машинчийн үнэмлэхийн хуулбар хэрэгт авагджээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Сугаррагчаа, Г.Чулуунхүү нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Сугаррагчаагийн “Миний бие нь 1975 оноос 2003 оны хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Цагаан-Уул бригад болон“Зүүнтуруун” ХК-д трактор, комбайнчин, няраваар ажиллаж байсан. Г.Гансүх нь бид хоёр нэг нутаг усны хүмүүс бөгөөд Г.Гансүх нь 1978 оноос Худалдаа бэлтгэлийн ангид морин тэрэгчнээр ажиллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдан явсан. Цэргийн албанаас 1983 онд халагдаж ирээд 1984 оноос Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хонхор бригадад трактор, комбайнчнаар ажиллах болсон. 1992 онд Баруунтуруун сумын Сангийн аж ахуй бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж “Жимст” ХК, “Улаан сан” ХК, “Зүүнтуруун” ХК, “Туруун” ХК болоход Г.Гансүх нь “Улаан сан” ХК-д трактор, комбайнчнаар ажиллах болсон. Тус компанид Г.Гансүх нь 1998 он хүртэл тракторч, комбайнчнаар ажилласан. Буруунтуруун сумын сангийн аж ахуйн даргаар Г.Дэндэв, Балдандорж, Амен, Болд, “Улаан сан” ХК-ийн захирлаар Түмэнбаяр гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Чулуунхүүгийн ” Миний бие нь 1970 оноос 1995 оны хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хархад бригадад трактор, комбайнчнаар ажиллаж байсан. Г.Гансүх нь Буруунтуруун сумын уугуул иргэн бөгөөд 1978 оноос Худалдаа бэлтгэлийн ангид морин тэрэгчнээр ажиллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдан явсан. Цэргийн албанаас 1983 онд халагдаж ирээд 1984 оноос Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хонхор бригадад тракторч, комбайнчнаар ажиллах болсон. Миний бие нь 1995 онд эрүүл мэндийн улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, Улаангом сум руу шилжихэд Г.Гансүх нь тухайн байгууллагад ажиллаад үлдсэн” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Г.Гансүх нь Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй болон “Улаан сан” ХК-д тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн ба түүнийг ажилд томилсон болон “Улаан сан” ХК-ийн захирлын тушаалуудад түүнийг тракторчнаар ажиллаж байсан талаар дурдсан байх тул тракторчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Гансүх нь 1978 оноос 1980 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангид морин тэрэгчнээр, 1984 оны 5 дугаар сарын 10-наас 1998 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй болон “Улаан сан” ХК-д тракторчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар “Шинэ жилийн баярын амралтыг тохиолдуулан хариуцлагатай жижүүр томилох тухай” тушаал, Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1980 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар “Ажилчдыг шагнаж урамшуулах тухай” тушаал, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар “Тракторын курс төгсөгчдийг хуваарилах тухай” тушаал, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн даргын 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Техникч шилжүүлэх тухай” тушаал, “Улаан сан” ХК-ийн захирлын 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, “Улаан сан” ХК-ийн захирлын 1998 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар лавлагаа, Ч.Сугаррагчаа, Г.Чулуунхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Гансүхийн хүсэлтийг хангаж, түүний 1978 оноос 1980 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангид морин тэрэгчнээр 2 жил 5 сар, 1984 оны 5 дугаар сарын 10-наас 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчнаар 7 жил 8 сар 6 хоног, 1992 оны 1 дүгээр сарын 16-наас 1998 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Улаан сан” ХК-д тракторчнаар 5 жил 11 сар 18 хоног, нийт 16 жил 24 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Гэнээгийн Гансүхийн 1978 оноос 1980 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Худалдаа бэлтгэл ангид морин тэрэгчнээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сар, 1984 оны 5 дугаар сарын 10-наас 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчнаар 7 /долоо/ жил 8 /найм/ сар 6 /зургаа/ хоног, 1992 оны 1 дүгээр сарын 16-наас 1998 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Улаан сан” ХК-д тракторчнаар 5 /тав/ жил 11 /арван нэг/ сар 18 /арван найм/ хоног, нийт 16 /арван зургаа/ жил 24 /хорин дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ