Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 487

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66070107, Таргуд овогт Пүрэвийн Энх-Амгалангийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч П.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн. 50 настай. Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Дараа нь 1987 оноос Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт гутал засварчнаар 1991 он хүртэл ажилласан. 1992 онд Ахуйн үйлчилгээний удирдах газар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж “Нөхөрлөл” хоршоо болоход миний бие мөн л гутал засварчнаар ажиллаж байсан. “Нөхөрлөл” хоршоонд 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт нь дутуу, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Архивын газраас цалингийн тодорхойлолтоо шүүлгэсэн боловч гарч ирэхгүй байна. Иймд 1984 оноос 1994 оны хооронд Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газар, “Нөхөрлөл” хоршоонд гуталчин, гутал засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай ажиллаж байсан А.Гилаан, Х.Орших нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч П.Энх-Амгалан нь 1984 оноос 1994 оны хооронд Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газар, “Нөхөрлөл” хоршоонд гуталчин, гутал засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 169 дүгээр албан бичигт: “Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Пүрэв овогтой Энх-Амгалангийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

       Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 384 дүгээр архивын лавлагаанд: “Ахуйн үйлчилгээний комбинатын цалингийн картнаас П.Энх-Амгалангийн 1985-1986 оны хөдөлмөрийн хөлсийг түүвэрлэн ирүүлсэн ба 1984, 1987 оны холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй” гэжээ.

         Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатаас П.Энх-Амгаланд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 116556 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: “1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын гутлын тасагт гуталчнаар авч ажиллуулав, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ар гэрийн гачигдлаар гуталчны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын гутлын тасагт гутал засварчнаар авч ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газар хувьчлагдсан тул гутал засварчингаас чөлөөлж хоршооны мэдэлд шилжүүлэв, 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Нөхөрлөл хоршоонд гутал засварчнаар авч ажиллуулав, 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон тул гутал засварчны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.

       Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2852 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “1991 онд Ахуйн үйлчилгээний төв нь Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Гилаан, Х.Орших нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Гилааны “Миний бие нь 1967 оноос 1991 оны хооронд Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад гуталчин, оёдолчин, чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад П.Энх-Амгалан 1987 оноос Увс аймгийн Ахуйн үйлчилгээний газарт гутал засварчнаар ажиллах болсон. П.Энх-Амгалан нь бид хоёр 1991 он хүртэл буюу Ахуйн үйлчилгээний газар хувьчлагдах хүртэл хамт ажилласан. П.Энх-Амгалан эрхэлсэн ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэн байгууллагаас болон залуучуудын байгууллагаас баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнуулж байсан. Тухайн үед Увс аймгийн Ахуйн үйлчилгээний газрын даргаар Давааням, Ядмаа, Загиржав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Оршихын ”Миний бие нь 1974 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар ажиллаж байсан. П.Энх-Амгалан нь Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байгаад 1987 оноос эхлэн Увс аймгийн Ахуйн үйлчилгээний газарт гутал засварчнаар шилжин ажиллах болсон. П.Энх-Амгалан бид хоёр тус байгууллагад 1992 он хүртэл буюу Ахуйн үйлчилгээний газар хувьчлагдах хүртэл хамт ажилласан. П.Энх-Амгалан нь эрхэлсэн ажлаа амжилттай сайн хийж гүйцэтгэн байгууллагаас баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнуулж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч П.Энх-Амгалан нь 1984 оноос 1994 оны хооронд Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат болон Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газар, “Нөхөрлөл” хоршоонд гуталчин, гутал засварчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 384 дүгээр архивын лавлагаа, Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатаас П.Энх-Амгаланд 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 116556 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2852 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч А.Гилаан, Х.Орших нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч П.Энх-Амгалангийн хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 9 дүгээр сарын 20-ноос 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар 2 жил 9 сар, 1987 оны 7 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт гутал засварчнаар 4 жил 5 сар, 1992 оны 1 дүгээр сарын 02-ноос 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нөхөрлөл хоршоонд гутал засварчнаар 2 жил 2 сар 15 хоног, нийт 9 жил 4 сар 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргуд овогт Пүрэвийн Энх-Амгалангийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ноос 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар 2 /хоёр/ жил 9 /ес/ сар, 1987 оны 7 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт гутал засварчнаар 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар, 1992 оны 1 дүгээр сарын 02-ноос 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нөхөрлөл хоршоонд гутал засварчнаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоног, нийт 9 /ес/ жил 4 /дөрөв/ сар 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч П.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ