Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00451/И |
Дугаар | 417 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00451/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Ишгэн толгой” гэдэг газар нутаглах, Саруул овогт Вандангийн Дуламсүрэнгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: В.Дуламсүрэн би 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1, 6 тал)
Хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: В.Дуламсүрэн би ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би хөдөө мал маллаж байгаа тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна.
Иймд намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 19 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь Өндөрхааны сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тухайн байгууллага нь хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СТ-63120502 регистрийн дугаартай, Саруул овогт Вандангийн Дуламсүрэн нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч В.Дуламсүрэнгийн 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 3 тал)
2.Гэрч М.Ширнэнгийн: ...би 1976 оноос 1991 он хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн 3 дугаар фермэд малчнаар ажиллаж байсан юм...В.Дуламсүрэн нь 1980-1992 оныг дуустал хугацаанд тус фермэд малчнаар ажилладаг байлаа... тухайн үед манай фермийн даргаар Н.Гансүрэн ажилладаг байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 13-14 тал)
3.Гэрч Х.Оюунчимэгийн:...би 1980-1995 он хүртэл Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн 3 дугаар фермэд малчнаар ажиллаж байсан юм.... В.Дуламсүрэн нь 1980-1992 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн 3 дугаар фермэд малчнаар ажиллаж байсан билээ. Бид хоёр хамт ажилладаг... манай фермийн даргаар Н.Гансүрэн, тоо бүртгэгчээр Ч.Пүрвээ гэдэг хүмүүс ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 тал)
4.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Саруул овогт Вандангийн Дуламсүрэн, 1963 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, СТ-63120502 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 2 тал)
5.Иргэн В.Дуламсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 1, 6, 19 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь 1981 оны 09 дүгээр сард ажиллаж байсан талаарх нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 19 тал)
Шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СТ-63120502 регистрийн дугаартай, Саруул овогт Вандангийн Дуламсүрэнг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч В.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ