Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/00490/И |
Дугаар | 1405 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1405
Ж.Батдоржийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03232 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Батдоржийн
Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 74 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хяналтын прокурор Х.Анхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Батдорж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
Прокурор Х.Анхцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын мөрдөн байцаах газраас болон Нийслэлийн прокурорын газраас бусдын ор үндэсгүй гүтгэлгийг ашиглан мансууруулах бодис хадгалсан, борлуулсан гэж Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 201201000482 тоот эрүүгийн хэрэг үүсгэн илт гэм буруугүй намайг хууль шүүхийн байгууллага хамтарч гэмт хэрэгт холбогдуулж олон сараар баривчлан цагдан хорьж, ял шийтгэл оноон 2 жил гаруй хугацаанд хууль зөрчин хилс хэрэгт хэлмэгдүүлсэн. Эцэстээ үнэнд гүйцэгдэж гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй байна гэж 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдэж, миний амьдрал эрүүл мэндэд, гэр бүлд маань хүнд хор уршиг учруулсан төрийн тангараг өргөсөн зохих мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт туйлын гомдолтой байгаа тул өөрт учирсан сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг барагдуулж арилгуулахаар, хууль шударга ёсыг хангуулахаар шүүхэд хандаж байна.
Би 2012 оны 10 дугаар сарын 26-нд Э.Баасанжаргалын худал гүтгэлгээр Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр, Э.Баасанжаргал хадгалсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр татагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 0461 дүгээр ангид хоригдон, шалгагдаж эхэлсэн. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар надад ял сонсгосон ба Э.Баасанжаргалыг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татан тухайн өдрөө буюу 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Э.Баасанжаргал бусдын батлан даалтанд гарсан. Миний бие 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид 88 хоног хоригдож аргагүйн эрхэнд эрүүл мэндийн шалтгаанаар 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бусдын батлан даалтанд гарсан. 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар намайг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Э.Баасанжаргалд борлуулах зорилгогүй хууль бусаар олж авсан үндэслэлээр 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 16 848 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс дахин хоригдож эхэлсэн бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхээс Баянгол дүүргийн шүүхийн 162 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх шийдвэр гарсан. Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргасан. 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 341 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 162 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 453 тоот магадлалыг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа эрэгтэйчүүдийн хорих 421 дүгээр ангид хоригдож хорих ял эдэлж байсан миний бие 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бусдын батлан даалтад гарч гадуур шалгагдах болсон.
Энэ хэргээс болж ар гэрийнхэн минь эдийн засгийн болон сэтгэл санааны маш их хохирол амссан. Би энэ хэрэгт холбогдохын өмнө “Да хүрээ” зах дээр зогсоол түрээслэн хуучин автомашиныг авч, засаж сэлбэн зардаг байсан. Мөн автомашины обуд, дугуй худалдаалж сарын 1 500 000-2 000 000 төгрөгийн орлого олдог байсан. Иймд би эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирсон тул өөрт учирсан дараах гэм хорыг арилгуулах хүсэлтэй байна.
Миний бие хэрэгт холбогдсоны улмаас Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч М.Төмөрцэцэгтэй 2 000 000 төгрөг, өмгөөлөгч Н.Ганбаттай 4 500 000 төгрөг, өмгөөлөгч А.Мөнхбаттай 1 000 000 төгрөг, өмгөөлөгч Л.Хатанбаатартай 6 000 000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус байгуулж, туслалцаа авч байсан болно. Миний өөрийн нэр дээр 7 автомашин байсан. Би хэрэгт холбогдсоноос үүдэн 59-59 УНМ улсын дугаартай, ногоон өнгийн E320 Бенз маркийн автомашиныг 8 000 000 төгрөг, 99-91 УБХ улсын дугаартай, цагаан өнгийн 320 SEL маркийн Бенз автомашиныг 6 000 000 төгрөг, 28-37 УБЛ улсын дугаартай, ногоон өнгийн Тоёота Чейзер маркийн автомашиныг 6 000 000 төгрөгөөр зарж борлуулан өөрийн эргэлт болон эмчилгээний зардалд мөн цагдаа шүүхийн байгууллагаар шалгагдаж байх хугацаанд гарсан урсгал зардалд хэрэглэсэн. Энэ хэргийн улмаас 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр миний ах Ж.Бадамдорж өөрийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58 дугаар гудамжны 721Б тоотод байрлах 30 м.кв хувийн сууцыг 608 м.кв газрын хамт 11 500 000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгө нь өмгөөлөгчийн төлбөрт бүрэн зарцуулагдсан. Миний сарын дундаж орлого 1 500 000 төгрөг, багадаа 800 000 төгрөг олдог, энэ хэрэгт зарцуулсан цаг хугацаагаар тооцвол 30 сараар тооцож, 24 000 000 төгрөг болж байна. Иймд өмгөөлөгчийн зардалд 13 500 000 төгрөг, ах Ж.Бадамдоржийн хувийн сууц, газрын үнэд 11 500 000 төгрөг, автомашин зарсны 20 000 000 төгрөг, олох байсан орлого 24 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг нийт 74 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хяналтын прокурор Х.Анхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Батдорж нь 2012 онд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж эхэлсэн. Энэ гэмт хэрэгт шалгагдах үндэслэл тухайн үед байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр нотлогдож байна. Энэ гэм хорын хохирлыг прокурор, мөрдөн байцаагч, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тохиолдолд Засгийн газрын нөөц сангаас нэхэмжилдэг. Гэвч тухайн хэрэг 2012-2015 он хүртэл үргэлжлэхэд прокурорын зүгээс хавтаст хэргийн хүрээнд хэргийг шалгаад явж байсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас шинэ нөхцөл байдал үүсч хамт шалгагдаж байсан Э.Баасанжаргал мэдүүлгээсээ буцсанаар хэргийг тухайн үед сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдэгдсэн. Энэ хэрэгт прокурор, мөрдөн байцаагч, шүүгчийн буруутай үйлдэл харагдахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангахгүй байх үндэстэй. Нэхэмжлэгч 11 500 000 төгрөгөөр хашаа байшин зарж өмгөөллийн хөлсөнд өгсөн гэсэн мөртлөө тусдаа 13 500 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 20 000 000 төгрөгөөр автомашинуудаа зараад юунд хэрэглэсэн нь тодорхойгүй. Иймд шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын нөөц сангаас 55 701 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Батдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 298 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Х.Анхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ж.Батдоржийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр О.Ган-Эрдэнэ гэгч иргэдийн төлөөлөгчөөр тангаргийн бичиг үйлдсэн байх боловч О.Ган-Эрдэнийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй Дэд жагсаалтын сугалаагаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг баталгаажуулсан тэмдэглэлийн хуудас нь бөглөгдөөгүй, 2016 оны 3 дугаар сарын 30, 2016 оны 4 дүгээр сарын 06, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа дутуу байхад шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 100 дугаар зүйлийн 100.8 дахь заалтуудыг зөрчсөн. ...Нэхэмжлэгч Ж.Батдорж нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ" байгуулж 4 өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулж байсан гэж нэхэмжлэлдээ дурдаад уг гэрээнүүдийн хувийг хэрэгт хавсаргасан байх боловч өмгөөллийн хөлсөнд 13 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь санхүүгийн баримт буюу нотлох баримтаар тогтоогдоогүй, нотлох баримт дутуу байхад 13 500 000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Ж.Батдорж нь сэтгэл санааны хувьд хэрхэн хохирсон нь тодорхойгүй, түүнийгээ баримтаар нотолж чадаагүй байхад шүүх эдийн бус буюу сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн заалт зөрчигдсөн байх тул гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардалд 13 500 000 төгрөг, эдийн бус буюу сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч нь үндэслэлгүй хоригдсны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 69 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг нийт 74 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 162 тоот шийтгэх тогтоолоор Ж.Батдоржийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 453 дугаар магадлалаар уг тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 341 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын газарт буцаасан байх ба Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 67 тоот прокурорын тогтоолоор Ж.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр /хх 38-39/, нэхэмжлэгч Ж.Батдорж нь 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 88 хоног, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 163 хоног нийт 251 хоног үндэслэлгүй хоригдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул түүний нэхэмжлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390, 391 дүгээр зүйлд заагдсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх болон сэтгэл санааны хохирлын үр дагаврыг нөхөн төлүүлэхээр гаргасан шаардлага гэж үзнэ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн...этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Батдорж нь гэмт хэрэгт холбогдох үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-т зааснаар хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсон 231 хоногт ногдох орлогыг шүүх тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлэхээр тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Батдоржийн нэр бүхий 4 өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-44, 47, 51, 103/ болон хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс нийт 13 500 000 төгрөгийг хүлээн авсан өмгөөлөгч тус бүрийн тамга бүхий тасалбар /хх-41-43, 45-46, 48-50, 104/ зэрэг нотлох баримтыг үндэслэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар шүүх хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх баримтуудыг хуурамч буюу эргэлзээтэй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, прокурор энэ талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүх өмгөөллийн хөлс 13 500 000 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Батдорж нь эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй ба тэрээр сэтгэл санаанд учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Анхан шатны шүүхээс Ж.Батдоржийн холбогдсон хэргийн нөхцөл байдал, хоригдсон хугацаа, ял оногдуулсан байдал зэргийг харгалзан түүнд учирсан сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн, мөн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр прокурор Х.Анхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Х.Анхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА