Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 385

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчА.Үүрийнтуяа даргалж

         Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг Бага цахир гэх газар оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, Д овгийн Л.Ц-н хүсэлттэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг, Өлзийт хошуу гэх газар оршин суух, 1972 онд төрсөн, 44 настай, Б овгийн М.Б холбогдох

 “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулх”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Ц, хариуцагч М.Б, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Ц шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Л.Ц миний бие Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээ хүү А.Б-д холбогдох үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж хүсэлт гаргаж байна. Миний охин Ц.Алтанцэцэг нь 2007 оны 03 дугаар сарын 15-нд хүү А.Б-гоо 3 настай байхад нь М.Б, С.П нарт үрчлүүлсэн юм. Миний охин М.А хүүгээ үрчлүүлснээсээ хойш 10 сарын дараа 2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан. Гэтэл хэсэг хугацааны дараа айл саахалтын хүмүүс надад зээг чинь үрчилж авсан эцэг эх нь танай зээ хүүд хатуу ширүүн ханддаг гэж ярьдаг байсан. Зээ хүү маань 2 дугаар ангид байхдаа хавар үдшийн бүрий болсон байхад намайг аав, ээж  маань зодсон гэж гүйж ирж байсан. Сүүлд 2015 оны 04 дүгээр сард хавар цасан шуурганаар үрчлэн авсан аав, ээж маань яв гэж хөөгөөд гээд цоорхой гуталтай эмээ дээрээ гүйж ирсэн. Тэрнээс хойш зээ хүү А.Б-г үрчлэн авсан аав, ээж рүү нь явуулаагүй. Одоо А.Б нь манай бага хүү бид хоёртой хамт амьдарч байгаа. Зээ хүү маань 12 настай бөгөөд Богд суманд 6 дугаар ангид сурч байна. Би зээ хүү А.Б-гоо цаашид асран хамгаалж хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд А.Б-д холбогдох үрчлэлтийг хүчингүйд тооцож, Л.Ц намайг зээ хүү А.Ба-н асран хамгаалагчаар томилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Л.Цэцэгээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би зээ хүүгээ өөрийн нэр дээр болгохоор сумын улсын бүртгэгчид хандсан боловч заавал шүүхэд ханд гэсэн. Тэгээд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар танайд хандсан  гэв.

          Хариуцагч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх Б.Б-г 3 настай байхад нь үрчилж аваад 10 жил хамт амьдарсан. Нэг өдөр эмээгийдээ очсон байсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Ц “Үрчлэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Ц.А нь 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ба-г  М.Б, С.Пнарт үрчлүүлсэн болох нь Б.Б-н төрсний гэрчилгээний хуулбар, №1 дугаартай хүүхэд үрчилсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.А-н нарс барсны бүртгэлийн гэрчилгээ, С.П, М.Б нарын мэдүүлэг, Б.Б-с авсан санал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Үрчлэгч М.Б, С.П нар нь хүү Б.Б-г загнаж зодох, гэрээсээ хөөх зэргээр хүүхэдтэй зүй бус харьцаж байсан нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Б.Б-н санал, хариуцагч М.Б-н шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүүхдийн эрх ашгийн төлөө түүний хүсэл сонирхолд нийцүүлэн  Б.Б-г 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр М.Б, С.П нарт үрчлүүлсэн үрчлэлтийг  хүчингүйд тооцож шийдвэрлэв.

Б.Б нь 12 настай, Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн зарим чадамжтай, асран хамгаалалт шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар Б.Б-н асран хамгаалагчаар түүний эмээ Л.Ц-г тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Б-г М.Бямбадорж, С.П нарт 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Б-н асран хамгаалагчаар түүний эмээ Л.Цтогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.