Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2016/0338/и |
Дугаар | 591 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 8 тоот хаягт оршин байгаа “МонГМ” ХХК /рд:2070006/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бүрэнбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунцэцэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МонГМ” ХХК нь Кипр Улсад бүртгэлтэй “Смайнекс инвестментс лимитед” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан боловч “Смайнекс инвестментс лимитед” ХХК хамтран ажиллах гэрээнээс татгалзаж өөрсдийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын 2010 оны 4 сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “МонГМ” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1,764,852 ам.долларыг гаргуулж “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн арбитрын шийдвэр гарсан. “Смайнекс инвестментс лимитед” ХХК-ийн хувьцааны төлбөрт төлсөн мөнгө нь бидний хамтран байгуулсан компанийн геологи, хайгуулын ажилд бүрэн зарцуулагдан дууссан тул тэдэнд нэхэмжилсэн мөнгийг нь шууд буцаан өгөх ямар ч боломжгүй байсаар өнөөг хүрсэн. Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал нь манай компанийн санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлж байгаа боловч төлбөрийг төлөх талаар идэвхийлэн чармайн ажиллаж байгаа болно. Гэвч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 3/19999 дугаар огноотой мэдэгдлийг 2016 оны 6 сарын 03-ны өдөр шуудангаар хүргэгдэн манай компанид ирсэн. Тус мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан “МонГМ” ХХК-ийн өмчлөлийн оффисийн зориулалттай барилга, гараж, газрыг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоосон тул анхны албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулахыг мэдэгдье гэжээ. Хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “Мөнх оргил трейд” үнэлгээний байгууллагын үнэлгээчин нь манай компанийн өмчлөлийн оффисийн барилга, гараж, газарт үнэлгээ тогтоохдоо үүсгэн байгуулагч Ц.Соёмбо миний биед мэдэгдээгүй, танилцуулаагүй, мөн ямар хууль, дүрэм журмыг баримталж үнэ тогтоосон нь үнэхээр ойлгомжгүй байна. Учир нь манай компанийн оффисийн зориулалттай барилга, гаражийн барилга, газар нь хотын төвд А зэрэглэлийн бүсд оршдог бөгөөд одоо болоод ирээдүйд үнэ цэнэ нь улам их өссөөр байгаа үнэ цэнэтэй объект байтал үнэлгээчин нь үнэлгээ тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлж, компанийн хөрөнгийг үнэгүйдүүлж бусдад давуу байдал үүсгэж худалдах гэсэн нэг талыг барьж үйлчилж компанийн эрх ашгийг хохироохоор үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Үнэлгээчний үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгөхийг хүсч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч 2016 оны 6 сарын 13-ны өдөр танай гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн хариуг хүлээн авсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “Мөнх оргил трейд” үнэлгээний байгууллагын үнэлгээчний үнэлсэн “МонГМ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, тоот 8 хаягт байрлах оффисийн зориулалттай барилгын үнэлгээ болох 1,451,600,000 төгрөгийн үнэлгээ, мөн тус хаягт байрлах гаражийн барилгын үнэлгээ болох 94,700,000 төгрөгийн үнэлгээ, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн үнэлгээ болох 373,600,000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын 2010 оны 4 сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “МонГМ” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1,600,000 ам.доллар, хүү 135,200 ам.доллар, арбитрын хураамж 28,852 ам.доллар, нийт 1,764,052 ам.доллар гаргуулж Кипр Улсын “Смайнекс инвестментс лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “МонГМ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, НҮБ-ын гудамж, 8 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах гаражийн барилга, газар эзэмших эрхийг 2009 оны 11 сарын 19-ний өдөр битүүмжилж, 2010 оны 10 сарын 13-ны өдөр хураасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 1 сарын 05-ны өдрийн 3/448 тоот албан мэдэгдлээр өмчлөгч “МонГМ” ХХК, 3/446, 3/347 тоот албан мэдэгдлээр хувьцаа эзэмшигч Г.Энхзул, Р.Оюун нараас тус тус үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлэхэд өмчлөгч “МонГМ” ХХК-иас үнийн саналыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлээгүй тул хөндлөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийг 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 74 дүгээр “Шинжээч томилох тогтоол”-оор томилж 2016 оны 5 сарын 09-ний өдрийн 25/Ш дугаар үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг 1,919,900,000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 3/19999 тоот албан мэдэгдлээр үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 1,343,930,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг талуудад хүргүүлсэн бөгөөд нийтэд мэдээлсэн. Төлбөр төлөгч “МонГМ” ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар нийт 3 удаа түдгэлзүүлсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2010-2016 он хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2010 онд эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай байгаагаас төлбөр авагч “Смайнекс инвестментс лимитед” ХХК маш их хохирч байна. Үнэлгээ хийлгэхээс өмнө хариуцагчийн дурдсанаар ямар үнээр дуудлага худалдаанд оруулах сонирхолтой байгаа талаар бид асуусан. “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. 1,919,900,000 төгрөгөөр барилга, гараж, газар эзэмших эрхийг үнэлсэн. Зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэж байх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МонГМ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 1,919,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргаж байна.
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний арбитрын 2010 оны 4 сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр хариуцагч “МонГМ” ХХК-иас 1,764,052 ам.долларыг гаргуулж Кипр улсын “Смайнекс Инвестментс Лимитед” компанид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 8 сарын 02-ны өдрийн 4447 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. /хх-37-50х/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчийн хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж хаягт байршилтай оффисийн барилга, граж, газрыг 2009 оны 11 сарын 19-ний өдөр битүүмжилж /хх-53х/, 2010 оны 10 сарын 13-ны өдөр хурааж /хх-55х/, 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 74 тоот тогтоолоор зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-64х/
Нэхэмжлэгч “МонГМ” ХХК нь үнэлгээчин үнэлгээ гаргахдаа компанийн үүсгэн байгуулагч Ц.Соёмбод мэдэгдээгүй, танилцуулаагүй, ямар хууль, дүрэм, журмыг баримталж үнэ тогтоосон нь ойлгомжгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарладаг.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнийн санал өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, хувьцаа эзэмшигч, төлбөр авагч нарт мэдэгдэж /хх-58-63х/, үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нар үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч “МонГМ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч үүнийг баримтаар нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэгт авагдсан “Мөнх оргил трейд” ХХК-ийн гаргасан 2016 оны 5 сарын 09-ний өдрийн үнэлгээний тайланд үнэлгээ гаргах болсон үндэслэл, үнэлгээг гаргахад ашигласан арга зүй, гаргасан үнэлгээний талаар тодорхой дурдагдсан байх тул үнэлгээний тайлан ойлгомжгүй гарсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үе шат, дарааллаар явагдсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Төлбөр төлөгч “МонГМ” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн эрх, ашиг 6 жил гаруй хугацаанд зөрчигдсөн байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч “МонГМ” ХХК нь үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч “МонГМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР