Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00458/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А57 дугаар байрны 02 тоотод оршин суух, Боржигон овогт Ганзоригийн Болдбаатарт (СФ 81100214) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Цантын хоолой” гэдэг газарт нутаглах, Гүнзэн овогт Энхболдын Болормаагийн (ЛК 88082502)  нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Э.Болормаа би, Г.Болдбаатартай 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах болсон юм. Хамт амьдрах хугацаандаа 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Гантогтох нь төрсөн юм. Хамт амьдрах хугацаандаа зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2011 оноос тусдаа амьдрах болсон. Манай хүү Б.Гантогтох 2011 оноос надтай хамт амьдарч байгаа юм. Хүү Б.Гантогтоход хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Г.Болдбаатар бид хоёр тус тусын амьдралтай, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү үү. Эвлэрэх хугацаа шаардлагагүй гэж үзэж байна. 
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Э.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Болормаа би, Г.Болдбаатараас гэрлэлтээ цуцлуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Б.Гантогтохыг өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлгийг Г.Болдбаатараас нэхэмжилнэ. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно. 
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 20 тал)

Хариуцагч Г.Болдбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Болдбаатар би, нэхэмжлэгч Э.Болормаагийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Гантогтохыг ээж Э.Болормаагийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг  зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.

D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\гэр бүл\437-Ш-И Э.Болормаа, Г.Болдбаатар.docx
Миний бие шүүх хуралдаан болох өдөр ажлын шугамаар хөдөө явах болсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 24 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Болормаа нь хариуцагч Г.Болдбаатараас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж  2009 оны 06 дугаар сарын 03-ны  өдөр хүү Б.Гантогтохыг төрүүлсэн болох нь № 0058750 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 8 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 9 тал) № 0259860 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 9 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 12 тал) Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.  
Зохигчид нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 19 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Гантогтохыг эх Э.Болормаагийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Г.Болдбаатар нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. (хх-ийн 19  тал) 

Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү Б.Гантогтохыг эх Э.Болормаагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй байна.

Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 19-20 тал)  Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Гүнзэн овогт Энхболдын Болормаа, хариуцагч Боржигон овогт Ганзоригийн Болдбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Гантогтохыг эх Э.Болормаагийн асрамжинд үлдээсүгэй.     
    
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн  хүү Б.Гантогтохыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Болдбаатарын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Б.Гантогтоход олгосугай.

4.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д  зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Болормаад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Болормаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Э.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Болдбаатараас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Болормаад  олгосугай.    

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай. 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
        
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
        

                                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ