Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 156/2016/00462/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.Даваажав
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн 04 тоотод оршин суух, Хардал овогт Бадарчийн Даваажавын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Хүсэлт гаргагч Б.Даваажав нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Би 1973 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад төмөрчнөөр, 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад хөгжимчнөөр, 1987 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл хугацаанд Бэрхийн уурхайн соёлын ордонд хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан юм. Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад төмөрчнөөр ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр шатсан, Хан Хэнтий чуулгад хөгжимчнөөр ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн он, сар, өдөр засвартай тул ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолго гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан хэлсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн тал)
    
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Даваажав нь 1973 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад төмөрчнөөр, 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад хөгжимчнөөр, 1987 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл хугацаанд Бэрхийн уурхайн соёлын ордонд хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Даваажавын хөдөлмөрийн дэвтрийн он сар өдөр засвартай тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Б.Даваажав өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Даважав нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

    Хүсэлт гаргагч СФ-56021419 регистрийн дугаартай, Хардал овогт Бадарчийн Даваажав нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад төмөрчнөөр, 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад хөгжимчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн соёлын ордонд хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
    
1.    Гэрч Л.Хүрэлтогоогийн: ... би 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны
12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын халаалтын цехэд сантехникчээр ажиллаж байсан... 1973 оны 06 дугаар сарын 10-нд анх ажилд орсон өдрөөс нь эхлэн Б.Даваажавыг танидаг болсон. Б.Даваажав нь 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт төмрийн тасагт төмөрчнөөр ажиллаж байгаад Хэнтий аймгийн соёлын ордонд жүжигчнээр ажилд орсон. Тухайн үед Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар Дэлэг гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 36 тал)

2.    Гэрч Н.Уранцэцэгийн: ...би 1984 оноос 1991 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ажилчны соёлын ордонд үйлчлэгч, жүжигчнээр ажиллаж байсан юм. ... Б.Даваажав нь 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ажилчны соёлын ордонд хөгжмийн багшаар ажилд орсон юм. ...1987-1988 он хүртэл Бэрхийн уурхайн ажилчны соёлын ордоны даргаар Гомбосүрэн, Эрдэнэтөгс нар ажилладаг байсан билээ. ... Б.Даваажав нь 1988 онд Хувьсгалт залуучуудын эвлэлийн “Хөдөлмөрийн алдар” алтан медаль авч байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 42 тал)

3.    Гэрч Ц.Оюунбаатарын: ... Би 1975 оны 10 дугаар сарын 10-ы өдрөөс одоог хүртэл
Хан Хэнтий чуулгад ажиллаж байна. ...Б.Даваажавыг Нийтийн ахуйн үйлчилгээнд 1975 онд ажиллаж байсан үеэс танидаг болсон. ...Б.Даваажав нь 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Хэнтий аймгийн соёлын ордонд жүжигчнээр ажилд орж байсан. 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хөгжимчин болсон. Тухайн үед Хэнтий аймгийн соёлын ордонгийн даргаар Хишигжаргал, Л.Нарангэрэл нар ажиллаж байсан. ...Б.Даваажав нь 1980, 1985 онуудад “Тавдугаар таван жилийн гавшгайч” цол тэмдгээр шагнагдаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 39 тал)
4.    Гэрэл зургийн хуулбар (хх-ийн 30  тал)
5.    Гэрчилгээ, дурсамж, итгэмжлэл, диплом, баярын бичгийн хуулбарууд (хх-ийн 8-20 тал)
6.    Хүндэт даалгавар (хх-ийн 21  тал)
7.    Хөдөлмөрийн алдар медалийн хуулбар (хх-ийн 27  тал)
8.    276419 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: 1975 оны 10 дугаар сарын
10-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад хөгжимчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн соёлын ордонд хөгжмийн багшаар тус тус ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 4-5  тал)
9.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Хардал овогт Бадарчийн Даваажав, 1956 оны 02 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, СФ-56021419 регистрийн дугаартай байна. (хх-ийн 7 тал) 
10.Хүсэлт гаргагч Б.Даваажавын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн тал)  зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй нь буруутай үндэслэл болж байна. 
    Хүсэлт гаргагч нь Б.Даваажав нь 1973 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СФ-56021419 регистрийн дугаартай, Хардал овогт Бадарчийн Даваажавыг 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад төмөрчнөөр, 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад хөгжимчнөөр, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн соёлын ордонд хөгжмийн багшаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай. 

2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Даваажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ