Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 401

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВГ60062812 регистрийн дугаартай, Буурал овогт Түндэвийн Пүрэвсамбуугийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Пүрэвсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Пүрэвсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1979 оны 7 сарын 16-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд тракторч механикжуулагчаар, 1983 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 09-р сарын 09-ний өдрийг хүртэл тус Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь нэгдэл дундын үйлдвэрт дизельчнээр, 1986 оны 9 сарын 09-ний өдрөөс 1995 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрийн Хамтын хүч ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Т.Пүрэвсамбуугийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгаас хуулбарлан гаргасан Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 42 дугаар тушаал, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаал, Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйн даргын 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаар тушаал, 1980 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйдвэрийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 542 тоот албан бичиг, гэрч Б.Санжаа, Б.Баатар нарын мэдүүлэг, Т.Пүрэвсамбуугийн хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар,1989 оны баярын бичиг, хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                         ҮНДЭСЛЭХ нь:

Т.Пүрэвсамбуу нь 1979 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд механикжуулагч –тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь “ажилд томилж тэтгэмж олгох тухай” Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйн даргын 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаар тушаал, “ ажлаас чөлөөлөх тухай” тус сангийн аж ахуйн даргын 1980 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр тушаал зэргээр,

1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09-р сарын 08-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь Нэгдэл дундын үйлдвэрт дизельчнээр ажиллаж байсан болох нь “ажилд авах тухай” Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаал, “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай ” мөн үйлдвэрийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаар тушаал зэргээр,

1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэр болон Хамтын хүч ХК-д тракторчноор ажиллаж байсан болох нь “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай ” Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаар тушаал, Т.Пүрэвсмбууг шагнасан “хөрөнгө зарцуулах тухай” Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Т.Пүрэвсамбууд “удаан жилийн нэмэгдэл олгосон тухай” Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйдвэрийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаар тогтоол, ажилдаа амжилт гаргаж шагнуулсан 1989 оны баярын бичиг, 1986 оны 07 дугаар сараас 1993 оны 12 дугаар сард авсан цалинг нь Төрийн архивын тасгийн Х№59, Б№01, ХН№03 дугаар сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 542 тоот албан бичиг, Т.Пүрэвсамбуугийн 1986 оны хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажилд томилж, 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн талаар бичигдсэн ажлын мэдээ нь гэрч Б.Баатарын хөдөлмөрийн дэвтэрт адил бичигдсэн байдал болон Т.Пүрэвсамбуугийн 1983- 1995 онуудад ажилласан байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Санжаа, Б.Баатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн Хамтын хүч ХК-аас олгосон хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ нь он сар өдөргүйгээс тухайн үйл явдлыг тогтоож, үнэлэх боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буурал овогт Түндэвийн Пүрэвсамбуугийн 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд механикжуулагч –тракторын жолоочоор, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09-р сарын 08-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь Нэгдэл дундын үйлдвэрт дизельчнээр, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэр болон “Хамтын хүч” ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Т.Пүрэвсамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ