Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 5105

 

 

 

 

 

  2016 оны 07 сарын 06 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05105

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ч холбогдох,

 

3,755,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бат-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Д.Чулуундоржтой 2014 оны 9 дүгээр сарын 28-нд хамтарч Дарханы “Өгөөж-Чанар” гурилын үйлдвэрт Улаан буудай нийлүүлсэн бөгөөд манайх чиргүүлтэй машин дуудаад буудайгаа ачуулахад манай будааны үлдэгдэл чиргүүлтэй машины даацын хэмжээнд хүрээгүй учраас Д.Чулуундоржийн улаан буудайтай өөрийнхөө 7.32 тонн буудай ачуулсан ба үүнээс 10%-ийн хорогдол тооцож 3,755,160 төгрөг (1тонн буудай 570,000 төгрөг) манай компанид өгөх ёстой байсан. Д.Чулуундорж “Өгөөж-Чанар” гурилын үйлдвэрээс мөнгөө авсан боловч манай компанийн авах ёстой 3,755,160 төгрөгийг өгөлгүй өдий хүрсэн. Бодит байдал дээр бол 13 тн будаа тушаасан болов Д.Чулуундорж нь 7.32 тн будаа ачуулсан гэж өөрөө хэлсэн.

Иймд хариуцагч Д.Чулуундоржоос 3,755,160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Чулуундорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Чулуундорж нь 2007 онд “Сэлэнгэ моностой” ХХК-ийн н.Чимгээ, н.Хатанбаатар нартай хамт хөрөнгө нийлүүлэн үүсгэн байгуулсан. /хүн бүрийн 10 сая төгрөг/ Өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас амаар ярьж тохиролцон албан ёсоор гэрээ байгуулаагүй байсан. Уг байгууллагад эхнэр н.Цэнгэл тогооч, туслах ажилтан, орчуулагч хийлгэдэг байсан. Мөн хүүхдийн сургалтын төлбөрийг хийнэ гэж тохиролцсон боловч хийж өгөөгүй. Эхний  2007, 2008 онд ашигтай ажиллаагүй болохоор ашиг авах талаар яриагүй. Харин 2009, 2010 онд ургац сайн авч 300 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан. Үүний дүнд компани өөрийн үтрэмтэй, трактор, туслах ажилчин, манаачтай болж үйл ажиллагаа нь өргөжсөн. Иймд ашгаа авах талаар Солонгос захиралд хэлэхэд одоохондоо боломжгүй байна дараа жилээс өгнө гэсэн. Гэтэл 2010 оны намар ажлаас чинь халлаа гэсэн, гэнэт халагдсаны тэтгэмж авахаар хөөцөлдөхөд нийгмийн даатгал төлөөгүй байсан.Солонгос захирал хавар ирэхэд нь хэд хэдэн удаа уулзахад мөнгө төгрөг өгөөгүй. 4 жил шахам энэ байгууллагыг үүсгэн байгуулж, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулаад ямар ч ашиггүйгээр цаг хугацаа алдсандаа үнэхээр гомдолтой байна. Тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн оруулсан хөрөнгийн 4 жилийн ашгаа нэхэмжлэх болно”.

“Өгөөж чанар” ХХК-д будаа шилжүүлсэн байдаг. “Сэлэнгэ моностой” ХХК-ийн будааг Д.Чулуундорж ачиж “Өгөөж чанар” ХХК-д аваачиж өгсөн талаарх болон 7.32 тн будаа ачуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн ямар үнэлгээг үндэслэн 570,000 төгрөг гэж гаргаж буй нь үндэслэлгүй, үнийн харьцуулалт гэж өөр компанид нийлүүлсэн будааны баримтыг ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК нь хариуцагч Д.Чулуундоржид холбогдуулан улаан буудайн үнэ болох 3,755,160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бат-Оргил нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Д.Чулуундоржтой 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хамтарч Дарханы “Өгөөж чанар” гурилын үйлдвэрт улаан буудай нийлүүлсэн бөгөөд манайх 7,32 тн буудай ачуулсан ба үүнээс 10 хувийн хорогдол тооцож 3,755,160 төгрөг /1 тн буудай 570,000/ манай компанид өгөх ёстой байсан. Д.Чулуундорж “Өгөөж чанар” гурилын үйлдвэрээс мөнгөө авсан боловч манай компанийн авах ёстой 3,755,160 төгрөгийг өгөөгүй...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... “Өгөөж чанар” гурилын үйлдвэрт 7.32 тн буудайг нийлүүлсэн эсэх, мөн ямар үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж буй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна...” гэж тайлбарлан маргаж байна.

 

            “Сэлэнгэ моностой” ХХК нь “Өгөөж чанар” ХХК-д 13.2 тн буудай нийлүүлсэн болон 7.32 тн улаан буудайг, Д.Чулуундоржийн улаан буудайн хамт “Өгөөж чанар” гурилын үйлдвэр лүү хүргүүлэхээр хамтарч ачуулж Д.Чулуундорж нь дээрх 7.32 тн улаан буудайг өөрийн улаан буудайтай хамт “Өгөөж чанар” гурилын үйлдвэрт нийлүүлж, дээрх буудайг нийлүүлсний дагуу төлбөр авсан болох үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 7.32 тн улаан буудайн хорогдол 10 хувь, 1 тн улаан буудайг 500,000 төгрөгөөр, улсаас 70,000 төгрөгийн урамшуулал, нийт 570,000 төгрөгөөр тооцож, 7,32 тн улаан буудайн үнэ нийт 3,755,160 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Од групп” ХХК-тай хийсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үндэслэн 2014 оны 9, 10 дугаар сард 1 тн улаан буудайг 500,000 төгрөгөөр үнэлж авч байсан гэдгийг нотлох үндэслэлгүй байна. 

Мөн дээрх үйл баримт нь 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Өгөөж чанар” ХХК-ийн орлогын баримтаас тодорхой харагдахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс СД бичлэгийг хуульд заасан арга хэлбэрээр ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь өгөх шаардлагагүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Чулуундоржид холбогдуулан 3,755,160 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Сэлэнгэ моностой” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ЭНХЖАРГАЛ