Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 101/2015/10913/И |
Дугаар | 485 |
Огноо | 2016-08-12 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, “Цаст импэкс” ХХК/2543273/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
“Цаст импэкс” ХХК-ийн ТУЗ-н дарга Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудас болон “Цаст Импэкс” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Цаст импекс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цаст импэкс” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компани 2004 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутагт “Шинэ өглөө хотхон”-ы барилгыг захиалан бариулсан ба тус барилгаас орон сууц худалдан авсан иргэн Ц.Энхтуяа нь уг орон сууцаа иргэн Б.Батцэнгэлд худалдаж улмаар энэхүү асуудлаас хамааралтай шүүхийн маргааны дагуу манай компаниас төлбөр гаргуулан иргэн Б.Батцэнгэлд олгуулах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаартай шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар компанийг төлөөлөх эрхтэй болохоо нотлон, компанийн гүйцэтгэх захирал нь уг ажиллагаанд төлөөлөн оролцож байхад компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын эрхэд халдан, улмаар компанийн дотоод бүтцийн үйл ажиллагаанд саад, хүндрэл учруулж шүүхийн шийдвэрт заагдаагүй, хуулиар хүлээсэн эрх үүргээ хэтрүүлсэн хууль бус үйл ажиллагааг явуулж байна.
Компанийн дотоод зохион байгуулалтын шаардлагаар Гүйцэтгэх удирдлага удаа дараа өөрчлөгдөж ирсэн, мөн компанийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ хүрээнд Монгол улсын хэмжээнд бүх компани шинэ хуульд нийцүүлэн шинэчилсэн бүртгэлээ хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхэд, манай компани ч ийнхүү бүртгэлийг хийлгэсэн ба эдгээр нөхцөл байдлын дагуу компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор Н.Баярцэцэг нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба 2015 оны 10 сарын 12-ны өдрийн мөн Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоолоор түүнийг Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, П.Амаржаргалыг Гүйцэтгэх захирлаар томилсон байгаа болно.
Ийнхүү компанийн Гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүртгэлийг хийлгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хандахад бүртгэл хийлгэх тухай материалыг хүлээн авахаас татгалзан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон гэсэн тайлбар өгсний дагуу тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2015 оны 10 сарын 19 өдөр 01/103 тоот албан бичгээр гомдол гаргасныг Бүртгэлийн хяналтын газартаа шилжүүлж, тус газраас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/14385 тоот албан бичгээр “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 тоот албан бичгээр Цаст импэкс ХХК-ийн бүртгэлд хориг тавьсан байна. Иймд Цаст импэкс ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх бүртгэлийг хийх боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн хариуг ирүүлсэн юм. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаагаа явуулахдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичгийг үндэслэн ийнхүү бүртгэл хийхгүй гэсэн нь “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлд “Бүртгэхээс татгалзах” гэж заасны дагуу уг заалтад дурьдсан үндэслэлээр бус хууль бусаар ийнхүү татгалзсан нь хуулийг зөрчсөн үйл ажиллагаа болоод байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад компанийн Гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг нь өөрийгөө хуулийн дагуу эрх бүхий этгээдээс томилогдсон Гүйцэтгэх захирал нь болохоо илэрхийлж, томилсон тогтоолын хуулбарыг баталгаажуулан өгч, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар компанийг төлөөлөх эрхтэй болохоо нотлон, улмаар энэхүү явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж оролцож ирсэн, улмаар Н.Баярсайхан нь компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болох талаар танилцуулсан ч түүнд холбогдуулан ийнхүү хилээр гарахыг хориглох тухай дахин Мэдэгдэх хуудас ирүүлсэн тул энэ хууль бус ажиллагаанд нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан 2015 оны 10 дугаар сарын 01-нд 01/072 тоот албан бичгээр гомдол гаргасан болно.
Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гаргасан энэхүү гомдолтой холбогдуулан хуульд зааснаар 14 хоногийн дотор хариу өгөх байтал ийнхүү хариуг өгөхгүйгээр элдэв шалтаг шалтгаан дурьдан удаашруулж, улмаар энэ хугацаанд уг гомдолтой холбоотойгоор дээр дурьдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 тоот албан бичгээр “Цаст импэкс ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдье” гэсэн хууль зөрчсөн албан бичгийг зориудаар хүргүүлэн, үүгээрээ шүүхийн шийдвэрт заагдаагүй, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх үүргээс гадуур хууль бус албан бичгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төрийн байгууллагууд нь эрх мэдлээ хэтрүүлэн компанийн дотоод үйл ажиллагаанд хүндрэл, хохирол учруулсан, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсаар байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа шаардаж явсны эцэст гомдлын хариуг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд:
1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Цаст Импэкс” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудас хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Цаст Импэкс” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гомдлын шаардлага тус тус гаргаж байна.” гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон тгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хууль, болон холбогдох журам зөрчин компаний Телөөлөн Удирдах Зөвлөлийн даргын “Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдэх хуудас” ирүүлсэн нь хууль бус байх тул энэхүү хууль бус шийдвэрийг өөрчлүүлэх гэжээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаар шүүхийн шийдвэрээр “Цаст импэкс” ХХК-иас 229 151 863 төгрөгийг гаргуулж Б.Батцэнгэлд олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3/29104 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Цаст импэкс” ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа авахад Нямрагчаагийн Баярсайхан нь “Цаст импэкс” ХХК-ийн 90 хувийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн тул Н.Баярсайханд хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч “Цаст импэкс” ХХК-ийн захирал Н.Баярсайханы улсын хилээр нэврэх эрхийг түдгэлзүүлсэн албан бичгийг холбогдох газарт хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй байна.
Нэхэмжпэлийн 2-т Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 тоот албан бичгээр “Цаст импекс ХХК-ийн шилжилт хөдөлгөөн, бүртгэлд өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдэж Хуулийн этгээдийн бүртэлийн газарт албан бичиг хүргүүлж, тус газраас үүнийг үндэслэн компанийн гүйцэтгэх захирал, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа нь хууль бус бөгөөд энэхүү хууль бус ажиллагааг зогсоолгох гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т ... шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагааны тухай гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана, 143.3-т Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасан.
Төлбөр төлөгч “Цаст импекс” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан өөрийн компанийн шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчин нэхэмжлэл гаргасан “Цаст импекс” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан компаний төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргын “Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, компанийн шилжилт хөдөлгөөнд бүртгэлд өөрчлөлт хийхгүй байгаа талаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цаст импэкс” ХХК, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Цаст импэкс” ХХК-ийн ТУЗ-н дарга Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудас болон “Цаст Импэкс” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаар шийдвэрээр хариуцагч “Цаст Импэкс” ХХК-иас нийт 229 151 863 төгрөгийг гаргуулж, Б.Батцэнгэлд олгохоор шийдвэрлэж, уг 2724/C дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 23258 дугаар шүүгчийн захирамж, 2282 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 2724/с дугаар шийдвэр болон тухай 23258 дугаар шүүгчийн захирамж, 2282 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудсаар “Цаст Импэкс” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж байна.
Хэрэгт Н.Баярсайханыг нэхэмжлэгчийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилсон тухай “Цаст Импэкс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн № 06/2014 тоот тогтоолын хуулбар/хх-26/ баримтаар авагдсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “....Цаст Импэкс ХХК-ийн ерөнхий захирал Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ....” тухай № 26 тоот мэдэгдэх хуудсаар/хх-50/ мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4-т “Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 133.2, 133.3-т зааснаас гадна дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 133.4.4-т “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх.” гэж заасан.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон лавлагаагаар нэхэмжлэгч “Цаст Импэкс” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу удирдлага нь Н.Баярсайхан байсан болох нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн лавлагаагаар/хх-49/ тогтоогдож байна.
Хариуцагчийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 мэдэгдэх хуудас үндэслэлтэй байсан байна.
2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч “Цаст Импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Амаржаргал бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 мэдэгдэх хуудсыг зөвхөн нэхэмжлэгч “Цаст Импэкс” ХХК-нд илгээсэн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрх бүхий холбогдох бусад байгууллагад илгээгүй, Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4 дэх хэсэгт заанаар Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг үндэслэн Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Н.Баярсайханы гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болохыг нотолсон баримт хэрэг авагдаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг үндэслэн Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Н.Баярсайханы гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 мэдэгдэх хуудас эрх зүйн үр дагавар үүсгэж, Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч “Цаст Импэкс” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул № 26 мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь “Цаст Импэкс” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон хариуцагчийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна”, 5.4.4-т “хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох тухай/өөрчлөн байгуулах, татан буулгах/”, 5.4.10-т “компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан өөрийн хөрөнгийн хэмжээний” гэж заасан.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4, 5.4.10 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулж үйл ажиллаагаа зогсоож байгаа тухай эсхүл өөрийн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн тухай бүртгэлийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан хийлгэх боломжтой болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулйин 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 34.1.7-д “хуульд заасан бусад үйл ажиллагаа.”, 36 дугаар зүйлийн 36.2-т “Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг .... тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ ....” гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулйин 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч эд хөрөнгөө захиран зарцуулахыг хориглож, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт нэхэмжлэгчийн бүртгэлд өөрчлөлт хийхгүй байх тухай № 3/35720 тоот албан бичгийг хүргүүлсэн болох нь № 3/35720 тоот албан бичгийн хуулбараар/хх-110/ тогтоогдож байна.
Хариуцагч нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт № 3/35720 тоот албан бичгийг хүргүүлснээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулйин 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг явуулсан байх ба хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг зөрчөөгүй байна.
2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулйин 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.2, 133 дугаар зүйлийн 133.4.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Цаст Импэкс” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Цаст Импэкс” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Цаст Импэкс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулйин 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.2, 133 дугаар зүйлийн 133.4.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Цаст Импэкс” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Н.Баярсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 26 тоот мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Цаст Импэкс” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглосон 2015 оны 10 дугаар сарын 14-ний 3/35720 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Цаст Импэкс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Цаст импэкс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ