Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/0428/И |
Дугаар | 456 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 456
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-10-51 тоотод оршин суух, эмэгтэй, ВГ83112607 регистрийн дугаартай, Дэгээ овогт Жамбалын Амаасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-10-51 тоотод оршин суух, эрэгтэй, ВЖ82031112 регистрийн дугаартай, Боржигон овогт Адилбишийн Амаржаргалд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Амаасүрэн, хариуцагч А.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Амаасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Жамбал овогтой Амаасүрэн миний бие нь А.Амаржаргалтай 2006 онд танилцаж, үерхэж байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 10 сарын 21-ний өдөр хүү А.Төгөлдөр төрсөн. Бид 2007 оноос 2010 оныг хүртэл хугацаанд хамт амьдарсан. 2011 оноос өнөөг хүртэл хугацаанд ямар нэгэн холбоогүй амьдарсан ба одоо бид тус тусдаа амьдрал зохиогоод явж байна. А.Амаржаргалтай хамт амьдарч байх хугацаанд байнгын хэрүүл маргаантай байсан ба үр хүүхдийнхээ хүмүүжлийг бодоод тусдаа амьдрах болсон. Би 2014 оноос өөр хүнтэй хамтран амьдрах болж, үр хүүхдийг нь төрүүлсэн. Одоо бид гэрлэлтээ батлуулах гэтэл А.Амаржаргалтай гэрлэлтээ батлуулсан учир бага хүүгийнхээ аавтай нь гэрлэлтээ батлуулах боломжгүй болчихоод байгаа юм. А.Амаржаргал бид хоёр тусдаа амьдраад 6 жил болсон байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж, 2007 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Төгөлдөрт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь эхнэр болох Ж.Амаасүрэнтэй гэр бүл болж, хүү А.Төгөлдөр төрсөн. Бид гэрлэж хамт амьдарч байх хугацаанд хааяа маргах зүйл байдаг байсан. Гэхдээ салах хэмжээний том асуудал бол байгаагүй. Харин эхнэр маань өөр хүнтэй улайн цайн явалдаж намайг үл хүндэтгэдэг байсан. 2011 онд намайг гэрийнхэнтэйгээ нийлж хэвтэрт ортол зодсон. Би эмнэлэг дээр очиж үзүүлэхэд цагдаад гомдол гарга гэж байсан боловч би амьдарч байсан эхнэрээ цагдаад шалгуулаад яахав гээд өөрөө бүх зардлаа гаргаж биеэ эмчлүүлсэн. Тэдний зүгээс надад эм тарианы мөнгө өгөх нь байтугай огт эргэж тойроогүй шууд л хаясан. Ж.Амаасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг нь би хүүгээ эцэггүй гэж дуудуулмааргүй байна. Хүүхдийн сэтгэл санаа үймүүллээ гээд утасаар ч яриулдаггүй. Би эцэг хүнийхээ хувьд хүүтэйгээ уулзаж баймаар байна. Би одоо өөрийн аав өндөр настай хүнтэй амьдардаг. 1994 онд түлэгдэж хүнд гэмтсэнээс болж мөн эхнэрийн талыхан зодсоноос болж бөөр өвчилсөн одоо ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй тул өөрийн гэсэн орлогогүй байнгын эм тарианы мөнгөө эцгийнхээ тэтгэвэрээр болгож амьдарч байна. Би хүнд түлэгдэлттэй тул өвөлд язраад цус гарч хөдлөхөд их хүндрэлтэй болдог. 2006 онд шулуун гэдэсний хагалгаанд орсноос хойш доошоо цус байнга гарч эмчилгээнд байдаг. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдийнхээ тэтгэлэгийг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа ч миний амьдрал санхүүгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч маш хүнд байна. Иймд Ж.Амаасүрэнтэй харилцан тохиролцоод хүүхдийн тэтгэлгийн мөнгөө жилд нэг удаа бөөнөөр нь өгч байхаар болсон. Хүүгээ ээж дээр нь үлдээнэ. Иймд энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, А.Төгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар, Оточ мандал эрүүл мэндийн төвийн болон сургуулийн тодорхойлолт, хүүхдийн санал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Амаасүрэнгийн гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа зөвшөөрсөн байх боловч шүүх хуралдаанд зөвшөөрөхгүй байгаа болохоо илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Амаасүрэн, хариуцагч А.Амаржаргал нар нь 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсноо 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү А.Төгөлдөр төрж одоо эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Оточ мандал өрхийн эмчийн болон дунд сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Ж.Амаасүрэн, хариуцагч А.Амаржаргал нар нь 2011 оноос тусдаа амьдарсан, нэхэмжлэгч Ж.Амаасүрэн 2014 онд хамтран амьдрагчтай болж хүүхдийг нь төрүүлсэн, одоо амьдралаа хэвийн үргэлжлүүлж байгаа зэрэг амьдралын бодит байдал болон гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ эхийн асрамжид хэвээр үлдээхээр хариуцагч А.Амаржаргалын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрэх хугацаа зааж, эвлэрүүлэн зуучлагчид хандуулалгүйгээр гэрлэлтийг нь цуцалж, 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн А.Төгөлдөрийг тэдний тохиролцсоноор эхийн асрамжид хэвээр үлдээн тэтгэлэг тогтоож тус, тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Дэгээ овогт Жамбалын Амаасүрэн, Боржигон овогт Адилбишийн Амаржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү А.Төгөлдөрийг эх Ж.Амаасүрэнгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан А.Төгөлдөрийг сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг А.Амаржаргалаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү А.Төгөлдөрийг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг А.Амаржаргал, эх Ж.Амаасүрэн нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Амаасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Амаржаргалаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Амаасүрэнд олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 28627 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ