Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 167

 

П.Алтангэрэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 299 дүгээр магадлалтай, 201525010828 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Пүрэвжавын Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Алтангэрэлийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар П.Алтангэрэлийг 12 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан П.Алтангэрэлд оногдуулсан 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар П.Алтангэрэлээс 5,532,600 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Саранзулд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Боржигин овогт Пүрэвжавын Алтангэрэлийг”, “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Пүрэвжавын Алтангэрэлээс 5,532,600 /таван сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дамбадаръяагийн Саранзулд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 2,095,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээн, П.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Алтангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... би 2015 оны 06 дугаар сарын 03-нд гэртээ ганцаараа гамбир хайрч суутал Эрдэнэмөнх согтуу хашаа давж орж ирээд “чиний муу балай авгай, миний мууг үзэх гэж хот руу явсан байна, чи муу миний мууг үзэх гээ юу, одоо чамайг алж өгнө” гэж элдэв янзын юм ярьж доромжлоод, түлээний хайрцаг, савтай гамбир зэргийг минь өшиглөөд, над руу дайрч барьцалдаж, ноцолдож байгаад хоёр цохиулаад, гэрийн босгонд тээглэн унаж, элдэв хараал хэлсээр хашаа даваад явсан. Тэгснээ удалгүй гэрийн үүд онгорхой байсан учир хоёр гартаа чулуу барьчихсан аймаар юм орж ирээд намайг босож эргэхийн зуургүй араас маань чулуутай гараараа боож чирэн ноцолдож, гэрийн баруун талыг буулгасан байсан. Тэгж чирэгдэж явахдаа тосны хутагтайгаа чирэгдээд яаж түүнийг хутгаар хатгасан, тэрүүхэн хооронд юу болсныг санадаггүй юм. Нэг мэдэхэд хоймор дээр барьцалдчихсан хэвтэж байснаа би гараад гадаа 20 минут суусан. Зүрхээ жоохон тайвшруулж байгаад орж ирсэн чинь гэдсэн дээр нь цус урсаж харагдсан. Тэгээд л хажуу айлдаа орж түргэн, цагдаа дуудсан. 2 цагийн дараа түргэн ирсэн, тусламж авалгүй нас барсан. Би болсон хэргийн талаар эхнээс нь, газар дээр нь үнэн ярьсан хэдий ч өнөөдөр хүний амь нас санаатайгаар бүрэлгэсэн зүйл ангиар 12 жил, чанга дэглэмтэй хоригдож байна. Хэдийгээр хүний амь насыг хохироосон ч, энэ хэргийг санаатай үйлдээгүй, тэр мөчид өөрийн мэдэлгүй ийм хэрэг болсон байсан. Иймд ялыг маань хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар П.Алтангэрэлд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалтын явцад мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэг. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалбал, 2015 оны 06 дугаар сарын 03-ны үйл явдал болохоос өмнө амь хохирогч Д.Эрдэнэмөнх шүүгдэгч П.Алтангэрэл, түүний эхнэр Ш.Доржханд нарт бие махбодийн хувьд хүч хэрэглэн дарамталдаг үйлдлүүд нэг бус удаа болж байсан талаарх гэрч нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд уг мэдүүлгүүдийн эх сурвалжийг шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Тухайлбал шүүгдэгч болон түүний эхнэр Ш.Доржханд нараас цагдаагийн байгууллагад Д.Эрдэнэмөнхөд холбогдуулан гомдол гаргаж байсан эсэх, учирсан гэмтлийн талаар эмнэлэгт үзүүлж, тусламж авч байсан эсэх, тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн байгууллагын ажилтнаас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай.

Хоёр. Шүүгдэгч П.Алтангэрэл нь “Д.Эрдэнэмөнх гартаа хоёр чулуу барьчихсан орж ирээд “чамайг ална” гээд намайг цохих гэсэн” гэж мэдүүлсэн байхад түүний мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, уг эд мөрийн баримтыг олох талаар ямар нэгэн ажиллагаа болон хэргийн газарт үзлэг явуулалгүй орхигдуулжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулах нь гэмт хэрэг гарах болсон шалтгааны талаар мэдүүлж байгаа шүүгдэгчийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан, бодит үйл баримтын талаар тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч Д.Эрдэнэмөнх нь шүүгдэгчийг “чамайг ална” гэж зүй бусаар авирлахад нь түүний цээжин тус газар 2 удаа хутгалсан гэж үйл баримтыг тогтоосон атлаа “чамайг ална” гээд дайрахдаа гартаа чулуутай байсан эсэх болон ямар үйлдлийг зүй бус авирласан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Дөрөв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 869 дүгээр магадлалаар П.Алтангэрэлд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан боловч магадлалд дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй, магадлалын заалт биелэгдээгүй байгааг анхаарвал зохино.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Алтангэрэлийн “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 299 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, П.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201525010828 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, П.Алтангэрэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧ                                                                        Д.ГАНЗОРИГ