Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 461

 

                  

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хэргийн индекс 156/2016/00390/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны ”А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 1-04 тоотод оршин суух, Урианхайн овогт Чулуунбатын Батгэрэлд (РД:ЗЮ 82120311)  холбогдох, 
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй,
    “байгууллагад учруулсан гэм хорын хохирлын 211 309 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, иргэдийн төлөөлөгч Ш.Мөнхбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

              Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус газрын сургалтын танхимд онлайн хуралд ашигладаг комьпютер алга болсон бөгөөд жижүүрийн рапортын дэвтэрт 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны хооронд уг компьютерийг улсын байцаагч Ч.Батгэрэл авч гарсан гэх мэдээлэл тэмдэглэгджээ.   
             Уг асуудлыг аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар манай байгууллага хүсэлт гаргаснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн Хэнтий аймгийн Прокурорын газраас улсын байцаагч Ч.Батгэрэл нь уг комьпютерийг авсан болохыг тогтоосон тухай 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 тоот хариу мэдэгдэх хуудас ирсэн юм.  
    
  Иймд хариуцагч Ч.Батгэрэлээс уг комьпютерийн үнэ болох 211 309 төгрөгийг нэхэмжилж байгааг зохих журмын дагуу шийдвэрлэж, төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  ( хх-ийн 1 тал )
   
    Нэхэмжлэгч Б.Сүнгээ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байгууллагынхаа эд зүйлсийг хамгаалах үүрэгтэй. Манай нярав, жижүүр болон бусад хүмүүсийн мэдүүлэг, мөн цагдаагийн байгууллагын шалгалт зэргээр Батгэрэл компьютерийн процессорыг авч гарсан нь тогтоогдсон байдаг. Энэ асуудлыг заавал хуулийн байгууллагад хандахгүйгээр, дотооддоо шийдвэрлэе гэсэн боловч, асуудал улам даамжирч шүүхэд ирсэн байна. Батгэрэл нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа манай няравт алга болсон “Acer” маркийн процессорыг эргүүлж тавих талаар саналыг тавьсан, мөн процессорын тэжээлийн блокийг эргүүлж тавьсан зэрэг нь сургалтын заалны онлайн хурлын алга болсон процессорыг Батгэрэл авч гарсан нь тогтоогдож байна гэж үзэж байгаа. Мөн Батгэрэлийн энэ үйлдлийн талаар байгууллагын рапортын дэвтэрт тэмдэглэн үлдсэн байдаг. Бид энэ үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан юм. Аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудаст уг процессорыг Ч.Батгэрэл сургалтын заалнаас авч гарсан нь тогтоогдож байна, гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тул энэ хэргийг шалгах боломжгүй гэсэн. Мөн манай өмч хамгаалах байнгын комисс буруутай этгээдээр алга болсон процессорыг төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Алга болсон процессор нь үнэлгээний комиссоор 211 309 төгрөгийн үнэтэй гэж гарсан. Энэхүү асуудал нь байгууллагын нэр хүндийн асуудал, мөн Ч.Батгэрэлийн өөрийнх нь нэр хүндийн асуудал учраас бид өөрөө дотооддоо шийдье гэж бодсон боловч, Ч.Батгэрэл энэ асуудлыг булзайруулж, зугтаж явсаар байгаад асуудлыг хүндрүүлсэн, мөн эрүүгийн хэрэг үүсгэх хугацааг өнгөрөөж байсан юм. Хэрвээ эрүүгийн хэрэг үүссэн бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Ч.Батгэрэл эрүүгийн хариуцлага хүлээх байсан. 3 удаа шүүх хурал болоход хариуцагч өөрөө ирсэнгүй, тийм учраас энэ асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэж, төрийн байгууллагыг хохиролгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү. 
Ч.Батгэрэл нь цагдаагийн байгууллагад шалгуулж байхдаа тэжээлийн блокийг эргүүлж өгсөн тул манай байгуулага нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 43 095 төгрөгөөр багасгаж, 198 214 төгрөгийг нэхэмжилж байна  гэв. ( хх-ийн 12 тал )

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ч.Батгэрэлийг 2015 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих орой Мэргэжлийн хяналтын газрын хурлын заалнаас “Acer” маркийн процессорыг авч өрөө рүүгээ орсон, үүний улмаас уг процессорын эд анги алдагдсан гэж эрүүгийн журмаар шалгасан байдаг. Тэгээд Аймгийн прокурорын газраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс 6 сар өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Батгэрэл нь тухайн байгууллагадаа өөрийн үүрэгт ажлаас гадна программ хангамж хариуцсан, IT инженерээр ажиллаж байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих орой алга болсон процессорын эвдрэлийг шалгахаар өөрийн өрөөндөө оруулсан байдаг. Харин компьютерийн дэлгэц, гар хоёрыг нь авч ашиглаж байгаа шүү гэдгээ байгууллагадаа хэлчихсэн байсан. Үнэхээр Ч.Батгэрэлийг сургалтын өрөөнөөс процессор аваад өрөө рүүгээ авч орж байхыг жижүүр хараад тэмдэглэсэн юм бол Ч.Батгэрэл тэр процессорыг буцаагаад өрөөнөөсөө аваад гадагшаа гарч байхыг яагаад хараагүй юм бэ. Мэргэжлийн хяналтын газрын “Өмч хамгаалах комисс”-ын хуралдаанаар алга болсон процессор эвдэрхий байсан гэсэн асуудал яригддаг. Нэхэмжлэгч сая ярихдаа Ч.Батгэрэлийг прокурорын байгууллагаас  гэм буруутай гэж тогтоосон учраас манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү  гээд байна. Тухайн хүнийг гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх л тогтооно. Үндсэн хуульд зааснаар миний үйлчлүүлэгч шүүхээс гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад яагаад гэм буруу нь тогтоогдсон, хохиролгүй болгож өгнө үү гээд байгаа юм бэ. Д.Нямдэлэг прокурор алга болсон процессорыг Ч.Батгэрэл авсан гэдэг нь тогтоогдож байна, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн тогтоол гаргасан байгаа. Бид Аймгийн прокурорт гомдол гаргахад Д.Нямдэлэг прокурорын гаргасан тогтоол үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Ингээд бид Улсын ерөнхий прокурор Сагсайд гомдол гаргахад Ч.Батгэрэлийг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлтэй байна, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үүнийг шалгах шаардлагагүй гэсэн хариуг ирүүлсэн байгаа юм. Алга болсон процессор үнэхээр ажиллаж байсан юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй тогтоогдоогүй байна. Хэрвээ Ч.Батгэрэлийг байгууллагын эд хөрөнгийг завшсан гэж үзвэл тэр процессор Батгэрэлийн нэр дээр байгаагүй, нярав Эрдэнэсувд нь хариуцаж байсан. Нярав Эрдэнэсувд Ч.Батгэрэлийг процессорыг буцаагаад тавьчихъя, чи байна гээд хэлчих гэсэн зүйл яриад байгаа нь нотлогдоогүй  учраас үүнийг яриад байх шаардлагагүй гэж үзэж байна. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй Ч.Батгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ( хх-ийн 12 тал )
     
               Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хариуцагч Ч.Батгэрэлээс байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлын 211 309 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв. 

           Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар нь хариуцагч Ч.Батгэрэл нь мөрдөн байцаалтын шатанд компьютерийн тэжээлийн блокийг манай байгууллагад гаргаж өгсөн тул түүний үнэ 43 095 төгрөгийг хасаж, одоо 168 214 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав. 
 Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа 43 095 төгрөгөөр багасгасан байна.
 Хариуцагч Ч.Батгэрэлийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нь аймгийн прокурорын газар нь манай үйлчлүүлэгчийг шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч тал гэм буруутайд тооцлоо. Миний үйлчлүүлэгч нь хулгай хийгээгүй гэм буруутай нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргажээ. 
Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Ч.Батгэрэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардуулжээ. ( хх-ийн 12 тал )
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулж, хэргийг танилцуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв. 
Хариуцагч Ч.Батгэрэл нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд хурлын зааланд байсан CASE компьютер, CPU санах ой, тэжээлийн блок, сэнс зэрэг эд зүйлсийг аваад буцааж өгөөгүй болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнд:
    
1.  Гэрч Ц.Эрдэнэсувдын шүүхэд өгсөн: ....2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдэд манай байгууллагад онлайн хурал явагдаагүй... Зуны амралтын үе байсан болохоор ажилчид амарсан байсан. Тухайн үед Ч.Батгэрэл нь амраад ажилдаа орсон байсан... Хурлын заалнаас Ч.Батгэрэл нь 104 дугаартай өрөө рүү компьютер, процессор аваад орсон гэж жижүүрийн рапортанд бичсэн байсан... Ч.Батгэрэлээс нэхэхэд дэлгэц, гар mouse-г өөртөө авч ашиглаж байсан. Энэ компьютерийн хэрэг сөхөгдөөд өмч хамгаалах комиссоор яригдаж эхлэхэд тухайн компьютерийг задалж үзсэн нь тогтоогдсон бөгөөд HARD- дискийг нь гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс Ч.Батгэрэлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахад компьютерийн дэлгэц, гар mouse, тэжээлийн блокийг гаргаж өгсөн.... Цагдаад шалгуулж байх явцдаа надтай уулзаад складнаас “Acer” нэртэй процессорыг байна гээд гаргаад ирээч би “Acer” маркийн процессорыг олоод ирье гэж санал тавьсан гэсэн мэдүүлэг.... ( хх-ийн 22-24 тал )

2. Гэрч Ж.Эрдэнэбаатарын шүүхэд өгсөн:... 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд манай байгууллагад сургалтын онлайн хурал явагдаагүй... тэр өдрүүдэд ажилчид амарсан байсан... Тэр өдөр би жижүүрт гарч байсан. Ч.Батгэрэл нь өглөөний 10-11 цагийн үед ажил дээр ирж суусан юм. Ч.Батгэрэл нь сургалтын танхимд ороод гарахдаа “Acer” маркийн процессорыг аваад өрөө рүүгээ орсон. Би тэр үед яах гэж байгаа юм бэ гэж асуугаагүй. Маргааш өглөө нь ээлжнээс буухдаа рапортын дэвтэрт бичээд жижүүрээс буусан юм. Тухайн процессорыг алга болсон талаар сүүлд мэдсэн гэсэн мэдүүлэг... ( хх-ийн 25 тал )

3. Нэхэмжлэгч байгууллагын дарга Б.Сүнгээгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар ( хх-ийн 18 тал )зэрэг болно. 

Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, харин зөрчлийн улмаас буюу иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан... Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл ( эс үйлдэхүй )-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцаж арилгах үүрэгтэй, энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан... Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, засах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус зохицуулжээ. Иймд дээрх хуулийн заалтуудаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь учирсан хохирлоо хариуцагч Ч.Батгэрэлээс шаардах эрхтэй байна. 
Нэхэмжлэгч байгууллага нь алдагдсан эд зүйлсээ Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээгээр 211 309 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 43 095 төгрөгөөр багасгаж, нийт 168 214 төгрөг гэж үнэлснээр гэм хорын хохирлыг тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 960 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагч Ч.Батгэрэлээс 5 696 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, Ч.Батгэрэлд холбогдох, “байгууллагад учруулсан гэм хорын хохирлын 211 309 төгрөгийг гаргуулах" тухай хариуцагч Ч.Батгэрэлээс байгууллагад учруулсан гэм хорын хохирлын 168 214 (нэг зуун жаран найман мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт олгосугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь төрийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тухайн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  6 990 (зургаан мянга есөн зуун ерэн) төгрөгийг буцаан олгож, хариуцагч Ч.Батгэрэлээс 5 696 (таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.  

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 


        
 .