Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5762

 

 

 

 

 

  2016 оны 09 сарын 12 өдөр

      Дугаар 101/ШШ2016/05762

Улаанбаатар хот

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК холбогдох

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Болортулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                     

            Нэхэмжлэгч Л.Болортулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие “Эрхэм-Уянга” ХХК-ийн захирал н.Уянгатай Батжаргал овогтой Гансүхийг Япон Улс руу 2016 оны 4 дүгээр сард дадлага хийх ажилчнаар явуулахаар тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 14-нд 5,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлж өгсөн.

           Манай эхнэрийн дүү н.Одончимэгийг 2015 оны 7 дугаар сард “Эрхэм-Уянга” ХХК-иар дамжуулан Япон Улс руу явуулсан бөгөөд миний бие мөн батлан даасан юм. Байр, сургалтын төлбөр нийлээд 16,000,000 төгрөг, байрны урьдчилгаанд /барьцаа/ 2,000,000 төгрөгийг төлсөн боловч н.Одончимэг нь тодорхой шалтгааны улмаас байрнаасаа хөөгдсөн асуудал гарсан. Энэ асуудлаар “Эрхэм-Уянга” ХХК-ийн захирал н.Уянгатай уулзахад өөрөө асуудлыг зохицуулж өгнө гэсэн бөгөөд Б.Гансүх, н.Даваадорж, н.Хадбаатар нарыг Япон Улс руу явуулахаар тохирсон боловч явах хугацаа нь хойшлоод байсан. Миний бие Б.Гансүхийн төлбөрийг хийхдээ хүнээс мөнгө зээлсэн байсан. н.Одончимэг байрнаасаа гарсан тул барьцаанд өгсөн 2,000,000 төгрөгийг буцаан авахаар маргаан гарч байсан бөгөөд уг мөнгийг “Эрхэм-Уянга” ХХК-ийн захирал Р.Эрхэмбаяр нь 2016 оны 4 дүгээр сард хийчихлээ гэж хэлсэн. Одоо бол н.Одончимэг нь тусдаа байр хөлсөлж амьдарч байгаа болно. Уг 2,000,000 төгрөгийг н.Одончимэгийн төлбөрийн буцаалт гэж ойлгосон.

          Иймд өнөөдрийг хүртэл Б.Гансүхийг Япон Улс руу дадлагажих ажилчнаар явуулаагүй тул төлбөрт өгсөн 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

           Хариуцагч “Эрхэм-Уянга” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Батжаргал овогтой Гансүх нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нд манай сургалтын төвд Япон Улс руу ур чадварын дадлагажигчаар явахаар өөрийн хүсэлтийн дагуу Япон хэлний сургалтанд хамрагдсан бөгөөд тухайн үед Япон Улсын ажиллах хүч авах хуулийн дагуу 320 цагийн сургалтанд 3 сар, оршин суух зөвшөөрөл хүлээгдэх хугацаа 30-90 хоног зарцуулна гэсэн журмыг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр бүртгүүлсэн. Тавигдах шаардлагын дагуу эхний ярилцлага 3 дугаар сарын 23-нд ярилцлаганд орохын өмнө ур чадварын дадлагажигчаар явахаа болиод 70 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж  Япон Улсад хэлний бэлтгэлд явах хүсэлт гаргасны дагуу манай байгууллага Б.Гансүхийн хүсэлтийг Хокайдо хотын Хокко Япон хэлний сургуульд бүртгүүлсэн байсан. Гэвч бидний ажилд удаа дараа холбогдох байгууллагуудад гаргасан хүсэлтээ цуцлан хүндрэл учруулсан тул үйл ажиллагааны зардлыг гаргасан. Үйл ажиллагааны зардалд ажлын хөлс 200,000 төгрөг, шинжилгээний зардал 80,000 төгрөг, орчуулга 40,000 төгрөг, илгээмжний 40,000 төгрөг, нийт 360,000 төгрөг болж байна. Үндсэн төлбөр болох 5,000,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг Лхагвадорж овогтой Болортулга гэх хүн /хамаатан/ 5031381379 тоот дансанд бэлэн шилжүүлсэн болно. Үлдэгдэл болох 3,000,000 төгрөгөөс үйл ажиллагааны зардал болох 360,000 төгрөгийг хасч 2,640,000 төгрөг буцаан олгоно. “Эрхэм-Уянга” ХХК нь 2012 оны 5 дугаар сараас одоог хүртэл Баянзүрх дүүрэгт орших Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбооны байрны 512, 514 тоотод тогтвортой үйл ажилагаагаа явуулж байна. 2016 оны 01 дүгээр сарын 14-нд Батжаргал овогтой Гансүх нь манай байгууллагаар Япон Улс руу дадлагажигч ажилтнаар зуучлуулахаар зуучлалын 5,000,000 төгрөгөө тоот дансанд тушааж гэрээ байгуулсан. Үүнээс хойш 4 дүгээр сарын 08-нд түүний ах Л.Болортулга дүү Б.Гансүхийг Япон Улс руу явуулахгүй Солонгос Улс руу явуулахаар болсон, мөн би хамт ажилладаг найзаасаа 2,000,000 төгрөг зээлсэн учир ойрын хугацаанд энэ мөнгийг миний Хаан банкны 5031381379 тоот дансанд хийгээд үлдсэн 3,000,000 төгрөгөөс та бүхэн ажлын хөлсөө суутгаад боломжтой үедээ хийгээрэй гэж хэлээд надад дансаа өөрийн гараар бичиж өгсөн. Захирал Р.Эрхэмбаяр 4 дүгээр сарын 11-нд Л.Болортулгын дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтын хуулбар байна. Манай байгууллага Б.Гансүхэд үлдэгдэл 3,000,000 төгрөгнөөс ажлын хөлсөө суутгаад бусад мөнгийг тодорхой хугацааны дотор буцаан олгоно. Нэмэлт мөнгө манай дансанд хийгээгүй учир нэхэмжлэгчийн тавьсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Болортулга нь хариуцагч “Эрхэм-Уянга” ХХК-д холбогдуулан зуучлалын хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Эрхэм-Уянга” ХХК нь 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 3,000,000 төгрөгөөс үйл ажиллагааны зардал 360,000 төгрөгийг хасаад төлбөрийг төлнө гэж маргаж байна.

 

           “Эрхэм-Уянга” ХХК нь Япон Улсад ажиллах дадлагажигч мэргэжилтэн, ажилтаныг чадавхжуулахаар хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажиллах, эх орондоо буцан ирэх Монгол Улсын иргэдийн харилцааг зохицуулах зорилгоор 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дадлагажигч Б.Гансүх, дадлагажигчийн батлан даагч Л.Болортулга нартай “Батлан даалтын гэрээ” байгуулж, Б.Гансүхийн үйл ажиллагаанд зарцуулах төлбөрт 3,000,000 төгрөг, зуучлалын төлбөрт 2,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон байна.

 

Нэхэмжлэгч Л.Болортулга /дадлагажигчийн батлан даагч/ нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 /2,000,000+3,000,000/ төгрөгийг өөрийн Хаан банкны 5031381379 тоот данснаас “Эрхэм-Уянга” ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Уг гэрээний дагуу Б.Гансүх нь Япон Улс руу дадлагажигчаар яваагүй тул дээрх 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Эрхэм-Уянга” ХХК нь Л.Болортулгын 5031381379 тоот данс руу шилжүүлсэн болох нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “Дотоод шилжүүлгийн маягт”-аар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.Болортулга уг 2,000,000 төгрөгийг н.Одончимэг гэгчийн барьцаа төлбөрийг буцаан төлсөн гэж ойлгосон гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Учир нь н.Одончимэг гэгчийн “Эрхэм-Уянга” ХХК-тай байгуулсан гэрээний барьцаа төлбөр гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Б.Гансүх болон н.Одончимэг нарын тус тусдаа байгуулсан гэрээний үүргийг хооронд нь хамааруулах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч “Эрхэм-Уянга” ХХК үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгөөс үйл ажиллагааны зардалд ажлын хөлс 200,000 төгрөг, шинжилгээний зардал 80,000 төгрөг, орчуулга 40,000 төгрөг, илгээмж 40,000 төгрөг, нийт 360,000 төгрөгийг хасч тооцон 2,640,000 төгрөгийг төлнө гэж маргаж байгаа, энэ хэмжээний зардал гарсаныг үгүйсгэх үндэслэлгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийг хангаж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч Л.Болортулга нь шүүх хуралдаанд Б.Гансүхийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан болно.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч “Эрхэм-Уянга” ХХК-иас 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Болортулгад олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Болортулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрхэм-Уянга” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Болортулгад олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ