Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2017/00152/И |
Дугаар | 001/хт2017/01313 |
Огноо | 2017-10-31 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 001/хт2017/01313
Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00953 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1388 дугаар магадлалтай,
Д-ийн нэхэмжлэлтэй,
Б-д холбогдох
Гэм хор учруулсны хохиролд 92.969.062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Виржина мужийн Тоёота компаниас МЛ-350 маркийн Мерседес бенз машиныг 37.200.33 ам.доллараар төлбөрийг 5 жилийн хугацаатай, сард 620 ам.доллар төлөхөөр худалдаж авсан. Би өөрийн төрсөн ах н.Жаргалсайханыг батлан даагч болгож машиныг зээлээр авсан. Өмнө нь би Хонда маркийн машиныг ахаараа батлан даалгуулж авч байсан. Худалдан авсан машины төлбөрийг би төлж байгаа. АНУ-д байхдаа 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Эм Жи ложистик” компанийн менежер Б.Баасандоржийн танилцуулга, сурталчилгаатай танилцаад энэ компаниар машинаа Монгол руу тээвэрлүүлэхээр болсон. Гаалийн бүрдүүлэлт, харуул хамгаалалттай гэсэн учраас “Эм Жи ложистик” компанийн газрын ачаа хариуцсан Б.Баасандорж хүлээн авч агуулахад аваачиж тавьсан гэж мэдэгдсэн. Би Монголд ирээд машин ирэхгүй болохоор нь лавлаж асуутал, таны машиныг манай компанийн ажилтан Б учрыг нь олсон гэж хэлсэн. Б-той ярихад “таны бичиг баримт хэзээ ирнэ, тэр цагт бид машиныг чинь ачуулна” гэж хэлсэн. Тэгээд Б-ыг Монголд ирсэн гэдгийг мэдээд утсыг нь олсон боловч уулзах гэхээр янз бүрийн шалтаг заагаад уулзахгүй зугатаагаад байсан. Тэгээд эрүүгийн журмаар шалгуулахад Б нь “миний буруугаас машиныг үрэгдүүлсэн, хохирлыг төлнө” гэсэн учраас түүнийг Өршөөлийн хуульд хамруулсан. Б нь миний машиныг залилсан учраас ам.долларын ханшийг 2490.24 төгрөгөөр тооцож 92.969.062 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б болон түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д нь АНУ-ын Виржина мужаас худалдан авсан гэх машинаа Б.Баасандоржид хүлээлгэн өгсөн гэдэг. Б-дмашин хүлээлгэж өгсөн баримт байхгүй. АНУ-д байрлах “Эм Жи ложистик” компанийн захирал н.Энхтуяа гэж хүн байдаг. Уг компани агуулахаа чөлөөлөөд нүүхдээ дотор нь байсан машинаа гаргасан мэдээлэл бий. Алдсан, ачуулсан эсэхийг Бмэдэхгүй. АНУ-аас бичиг баримтгүй, дугааргүй, арлын дугааргүй машин хилээр гарах боломжгүй. Ийм арлын дугаартай машин Монголд ирээгүй гэсэн лавлагаа хэрэгт байгаа. Б-ыг эрүүгийн хэрэгт шалгуулах гомдлыг Д гаргаж шалгуулсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан боловч сүүлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн байцаагчийн шахалтанд орж гэм буруугаа хүлээвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн болохоор Б “би гэм буруутай” гэж бичиж өгсөн байдаг. Ингээд Б-д холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон боловч тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон. Мөн Д нэхэмжлэл гаргах эрхгүй, Бхариуцагч биш байна. Нотлох баримт нь гараар бичсэн бөгөөд машин эзэмшигчийн гэрчилгээ гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00953 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-оос 92.969.062 /ерэн хоёр сая есөн зуун жаран есөн мянга жаран хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1388 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00953 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д-ийн төлсөн 622.795 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Д-ийн нэхэмжлэлтэй, Б-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 92.969.062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00953 дугаар шийдвэрийг давж заалдах гомдлоор хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1388 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй ИХШХШТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа Нийслэлийн шүүхийн тогтоол гаргаж өгч байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарт нотлох баримтыг танилцуулан саналыг нь авахад нэхэмжлэгч талаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нарийвчлан тодруулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаан эхлэхэд болон шүүх хуралдааны асуулт, хариулт дээр нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн талаар удаа дараа тодруулж байсан болно. Эдгээр үйл явдал шүүх хуралдааны видео бичлэг дээрээс харагдаж байгаа болно. Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн журмыг зөрчөөгүй болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1388 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д нь хариуцагч Б-д холбогдуулан түүний буруугаас гэм хорын хохирол учирсан гэж үзэж, автомашины үнэ 92.969.062 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр прокурорын тогтоолыг үндэслэжээ.
Хариуцагч Бнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...Д нь Б-д машин хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Б-ыг эрүүгийн хэрэгт шалгуулах гомдлыг Д гаргаж шалгуулсан..., мөрдөн байцаагчийн шахалтанд орж гэм буруугаа хүлээвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн болохоор Б “би гэм буруутай” гэж бичиж өгсөн байдаг” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д “...нотлох баримттай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот прокурорын тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5/625 дугаар хариу мэдэгдэх хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг тогтоолоор прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан байна./хх 84-86/
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх нотлох баримтыг нэхэмжлэгч Дд танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасантай нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нарийвчлан тодруулаагүйгээс хэргийн үйл баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1388 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Б-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН