Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2016/00253/И |
Дугаар | 253 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 253
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Л.Алтанцэцэгийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Шинэ тосгоны 5-р гудамж 94 тоотод оршин суух иргэн Алаг адуунйхан овогт Лувсанчүлтэмийн Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие Л.Алтанцэцэг нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Жаргалант бригадын үхэр фермд ээжийн хамт саальчнаар ажиллаж байсан юм. Энэ үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр буюу бичиг баримт Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсаны дараа 2005 онд гэр шатсаны улмаас устаж алга болсон. Дээрх ажиллаж байсан үеийн бичиг баримтыг аймгийн архиваас шүүхэд материал нь олдоогүй юм.
Иймд миний 1980.09.07-ны өдрөөс 1987 оны 04.01-ний өдрийн хооронд тус нэгдэлд ажиллаж байсныг хамт ажиллаж байсан Ш.Өнөрбаяр, Г.Эрдэнэбат, Ц.Баттулга нараар гэрчлүүлж тогтоож өгнө үү
Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Л.Алтанцэцэг нь 1980.09.07-ны өдрөөс 1987 оны 04.01-ний өдрүүдэд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Жаргалант бригадын үхрийн фермд саальчнаар ажиллаж байсан тухайгаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2015 оны 04-р сарын 06-ний өдрийн А/274 тоот лавлагаанд Л.Алтанцэцэг нь 1980-1986 онд Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн үхэр ферм, сангийн далай бригадад саальчнаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архиьын баримт шүүн үзэхэд: Үхэр ферм, сангийн далай бригадын гишүүний хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р дансанд Алтанцэцэгт холбогдох баримт олдохгүй байна гэсэн,
Мөн архивын 2015 оны 02р сарын 13-ны өдрийн А/152 тоот лавлагаагаар Л.Алтанцэцэгийн 1987 оноос 1992 онуудад Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Жаргалант бригадад мал маллаж үеийн хөдөлмөрийн хөлс 70-р дансаар гарч ирсэн байна.
Түүний ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд болон гэрээ шатаасан талаарх нотломжийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.
Түүний ажиллаж байсан байдлын талаар гэрч Ш.Өнөбаяр Алтанцэцэг бид хоёр Цэцэн-Уул сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг 1980 онд цуг төгсөж байсан юм. Энэ Гантулга мөн манай ангийн хүүхэд байсан юм. Алтанцэцэг сургуулиа төгсөөд ээжтэйгээ Улаан туг нэгдлийн Сангийн далай бригадад үхрийн ферм дээр 1987 он хүртэл үнээ сааж байсан юм. Би тэр үед сургуулиа төгсөөд Нөмрөгийн 10 жилийн сургуульд сурахаар явж байсан, манай ээж тэр үнээний фермд саальчин байсан болохоор би Алтанцэцэгийг сайн мэддэг юм. Алтанцэцэгийн нөхрийн Гомбо гэдэг юм. Эднийх одоо Улаанбаатар хотод амьдардаг юм. Алтанцэцэгийн гэр хотод очоод шатсан гэж сонссон юм. Алтанцэцэгийн ээжийг нь Ичинхорлоо гэж хүн байсан юм гэж мэдүүлсэн,
Гэрч Ц.Гантулга Алтанцэцэг бид хоёр Цэцэн-Уул сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг 1980 онд цуг төгсөж байсан юм. Алтанцэцэг сургуулиа төгсөөд ээжтэйгээ нэгдлийн Сангийн далай бригадад үхрийн ферм дээр 1987 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл үнээ сааж байсан юм. Би тэр үед сургуулиа төгсөөд ХАА-н ТМС-д сурахаар явж байсан манаай аав ээж тэр үнээний фермд сүү сааль сааж байсан болохоор би Алтанцэцэгийг сайн мэддэг юм. Алтанцэцэгийн нөхрийн Гомбо гэдэг юм. Эднийх одоо Улаанбаатар хотод амьдардаг юм гэж мэдүүлсэн,
Гэрч Г.Эрдэнэбат Алтанцэцэг Цэцэн-Уул сумын 8 жилийн дунд сургуулийг 1980 онд төгсөөд тэрнээс хойш илгээлтээр мал дээр гарч ээжтэйгээ нэгдлийн үнээ сааж байсныг нь би сайн мэднэ. Би тэр үед нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан юм.Алтанцэцэгийг хүнтэй суугаагүй байхад аавынх нь буюу Лувсанчүлтэмийн гэр шатаж байсныг би мэднэ. Тэрнээс өөрөөр гэрээшатаасныг бол мэдэхгүй Алтанцэцэгийн нөхрийг Гомбо гэдэг юм. Эднийх 1997 оны үед Улаанбаатар хот руу шилжчихсэн гэдгийгсайн мэднэ. Алтанцэцэг хот руу шилжин шилжтэлээ л мал малласан... гэж мэдүүлж байсан байна.
2005 оны 09-р сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Нарангийн голын задгайн 121-5 тоотод иргэн Х.Гомбо, Г.Алтанцэцэг нарын гэр эд хогшлын хамт бүрэн шатсан болох нь нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн байцаагч шадар ахмад Л.Цэрэндоржийн 2005 оны 10-р сарын 03-ны өдөр гаргасан гал түймэр гарсан тухай нотломжоор нотлогдож байна.
Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.Алтанцэцэгийг 1980 оны 09-р сарын 07-ны өдрөөс 1987 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Жаргалант бригадын үхрийн фермд саальчнаар ажиллаж байснаартогтоох үндэстэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Алаг адууныхан овгийн Лувсанчүлтэмийн Алтанцэцэгийг 1980 оны 09-р сарын 07-ны өдрөөс 1987 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Улаан туг нэгдлийн Жаргалант бригадын үхэр фермд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ