Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 01193

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01193                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 29 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух, Уутайтан овгийн Бадамын Ганбатын /регистрийн дугаар ГЮ62122311/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганбат, гэрч Ж.Лхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Ганбат 1984 онд тээврийг удирдах газар 8-р баазад жолоочоор ажилд орж тасралтгүй 12 жил ажилласан. 1991 онд тээврийг удирдах газар ажиллаж байгаад 8-р баазад шилжиж би 8-р баазад 1995 он хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 8-р баазын 1991 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан үеийн архивын баримт болон бусад материал олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул намайг 1991 оноос 1995 он хүртэл 8-р баазад жолоочоор ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. 1984 оноос 1991 оны 1 сар хүртэл тээврийг удирдах газар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Би 1991-2001 оны хоорондох 10 жилийн хугацаагаа Нийгмийн даатгалын хэлтэст тооцуулсан тул 1991 оноос 1995 он хүртэл 8-р баазад жолоочоор ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон.Түүнээс гадна 8 дугаар баазад ажиллаж байсан үеийн баримт олдохгүй байгаа тул энэ хоорондох хугацааг шүүхээр тогтоолгохоос татгалзаж байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганбат нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Тээврийн удирдах газар жолоочоор ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 061247 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 08 дгаар сарын 01-ний өдрөөс Тээврийн удирдах газар машины жолоочоор авч ажиллуулав” гэжээ.

2.Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаар лавлагаанд “Тээврийн удирдах газарт жолооч байсан Бадамын Ганбатын 1984-1990 оны цалингийн цэсийг жагсаалтаар гаргав” гэжээ.

3.Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 121 дугаар ажилд томилох тухай тушаалд “...Б.Ганбатыг үйлчилгээний хэсэгт автомашины жолоочоор томилсугай” гэжээ.

4.Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаалд “хавсралтанд дурьдсан хүмүүсийн ээжлийн амралтыг олгосугай” гэжээ

5.Булган аймгийн Авто 8 дугаар баазын даргын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаар ажилд томилох тухай тушаалд “Тээврийн удирдах газраас авто тээврийн 8 дугаар баазбиеэ дааж салж байгааг үндэслэн хавсралтад дурьдсан ажиллагсадыг үндсэн ажилтай нь авч ажиллуулсугай, хавсралтын 35 дугаарт Б.Ганбат ачаа тээврийн жолооч” гэжээ. 

6.Гэрч Ж.Лхагва шүүх  хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1965 онд Тээврийг удирдах газарт шатахуун түгээгчээр ажилд орж ажилласан. Түүнээс хойш шатахууны түгээгч, диспетчр, аж ахуйч гэсэн ажлуудыг хийж явсан. Би 1991 он хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. Ганбат 1984 оны үед цэргээс халагдаж ирээд намайг үйлчилгээний хэсгийн дарга хийж байхад жолоочоор ажилд орж байсан. Намайг 1991 онд тэтгэвэрт гарахад Б.Ганбат ажиллаад үлдсэн. Тээврийг удирдах газар 1990 онд салаад 8 дугаар баазыг хувьд гаргаж хувьцаат компани болгосон. Тээврийн удирдах газар төрийн байгууллага болж үлдсэн, түүний нэг хэсэг нь 8 дугаар бааз ер нь бол толгой байгууллага нь тээврийн удирдах газар байсан” гэв.

7.Гэрч Ж.Лхагвын хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Захиргаа аж ахуйн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, инкассын ня-бо-оор томилов, 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шатахуун ашиглалтын улсын байцаагчаар томилов” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ганбат нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Тээврийн удирдах газар жолоочоор ажиллаж байсан болох нь 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 061247 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаар лавлагаа, Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 121 дугаар ажилд томилох тухай тушаал, Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 169 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, Булган аймгийн Авто 8 дугаар баазын даргын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаар ажилд томилох тухай тушаал, гэрч Ж.Лхагвын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Лхагвыг гэрчээр асуусан ба гэрч Ж.Лхагва 1974-1991 онд нэхэмжлэгчтэй хамт Булган аймгийн Тээврийн удирдах газар ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Булган аймгийн Тээврийг удирдах газрын 8 дугаар баазад 1991 оноос 1995 он хүртэл жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Уутайтан овгийн Бадамын Ганбатыг 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Тээврийн удирдах газар жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэгч Булган аймгийн Тээврийг удирдах газрын 8 дугаар баазад 1991 оноос 1995 он хүртэл жолоочоор ажиллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ганбатаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА